Ипотекийн зээлийн шинэчилсэн журмын талаар Сангийн яамны Санхүү хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Б.Анараас тодрууллаа.
-Ипотекийн зээлийн журмыг шинэчлэн баталсан. Журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эхээр Засгийн газрын эх үүсвэрээр санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам батлагдсан. Өмнө нь Засгийн газраас орон сууцны зээлийг олгох чиглэлээр тусгайлсан журам байгаагүй. Зөвхөн “Монголбанк”-тай байгуулсан гэрээгээр зохицуулдаг байсан юм. Монголбанкнаас гаргасан орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмын хүрээнд үйл ажиллагаа нь явдаг байсан. Үүнийг өөрчилж, Засгийн газраас гаргаж байгаа эх үүсвэрийг ямар журмаар олгох вэ, ямар бодлогыг барих вэ гэдгийг тусгасан шинэ журмыг баталлаа. Хуучин журамд заасан 80 метр квадрат хүртэлх хэмжээтэй байр байх, зээлийн хүү найман хувь байх зэрэг ерөнхий журмууд өөрчлөгдөөгүй. Харин найман хувийн зээлд өмнө нь төлбөрийн чадвартай бол хэдэн ч удаа хамрагдах боломжтой байсныг өөрчилж тухайн иргэн нэг л удаа ипотекийн найман хувийн зээлд хамрагддаг байхаар тусгасан. Шаардлага хангаж байвал хэдэн ч удаа найман хувийн зээлд хамрагдаж болдог байсан нь боломжит эх үүсвэрийг хязгаарлах сөрөг талтай байсан. Шинэчилсэн журам агаарын бохирдлыг бууруулах бодлогод чиглэсэн учраас хоёр дахь том өөрчлөлт бол аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу барьсан орон сууцуудыг энэ зээлд түлхүү хамруулна гэсэн заалт юм. Шинэ журамд орсон бас нэгэн том өөрчлөлтийн нэг нь гэр хороололд барих амины орон сууцанд найман хувийн хүүтэй зээл олгох явдал. Иргэдийг заавал орон сууц гэлгүйгээр эко буюу Барилга хот, байгуулалтын яамнаас баталсан “Ногоон барилгын стандарт”-ыг хангах амины орон сууц барина гэвэл зээл олгоно. Амины орон сууцны зээлийн хувьд тухайн орон сууц нь 60 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй, 120 метр квадратаас ихгүй хэмжээтэй байна гэж заасан.
-Амины орон сууц барихаар ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа хэдэн хувийг төлөх ёстой вэ?
-Урьдчилгаа төлбөр болон бүрдүүлэх материал нь хуучин журамд зааснаар явна. Амины орон сууц барихаар ипотекийн зээлд хамрагдах иргэн орон сууц барих өртөгийнхөө 30 хувийг урьдчилж төлнө.
-Арилжааны банкуудыг санхүүжүүлсэн орон сууцандаа найман хувийн зээл олгохыг хориглож байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Арилжааны банкууд өөрийн санхүүжүүлсэн барилгын компанийн орон сууцыг ав хэмээн харилцагчдыг шахдаг гэх асуудал байсан. Эсвэл үндсэн төлбөрөө төлөх гэхээр зөвхөн хүүнээс нь хасагдуулах зэрэг маш олон гомдол ирсэн. Үүнтэй холбоотойгоор зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө хэсэгчлэн болон бүрэн төлсөн тохиолдолд зээлдэгчид ямар нэг торгууль, шимтгэл ногдуулахгүйгээр үндсэн төлбөрт шилжүүлнэ гэж тусгасан. Энэ өөрчлөлтийг орон сууцны зээл авч байгаа иргэдтэй хийх гэрээнд заавал тусгаж оруулахаар боловсруулсан. Зээлийг хугацаанаас нь өмнө төлөхөд банкууд зээлийн үйл ажиллагааг дахин судлах зэрэг нэлээд ажиллагаа шаарддаг учраас зарим банкууд шимтгэл, торгууль ногдуулдаг байсан. Тэгвэл шинэ журмаар энэхүү торгууль, шимтгэл авахыг хориглож байгаа юм. Хэрвээ банк зээлдэгчээс торгууль авбал, зээлдэгч иргэн Монголбанкинд албан ёсоор гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Зөрчил гаргасан банкуудын дамжуулан олгох эх үүсвэрийг бууруулах, бүр хөтөлбөрөөс хасах арга хэмжээ авна.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас гаргасан байршлуудад баригдсан орон сууцыг зээлд хамруулна гэлээ. Шинээр баригдсан бүх орон сууц энэ зээлд хамрагдах боломжгүй гэж ойлгож болох уу?
-Ипотекийн найман хувийн зээлийн эцсийн зорилго агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн. Энэ журмыг боловсруулахдаа бид Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хот дахин төлөвлөлтийн газартай зөвшилцөж байж гаргасан. Аль бүсэд дахин төлөвлөлтийг хийх вэ, ямар гэр хорооллыг дахин төлөвлөлтөд түлхүү оруулах вэ гэдэг төлөвлөгөөг батлуулаад явдаг. Энэ төлөвлөгөөний дагуу тухайн байршлуудад баригдсан орон сууц болон, амины орон сууц барих иргэдэд хөнгөлөлттэй зээлийг түлхүү олгоно. Шинэ журам гарсантай холбоотойгоор Барилга хот байгуулалтын яам энэ оны эхнээс “Ногоон барилгын стандарт”, аймаг, нийслэлийн хот дахин төлөвлөлтийн байршлууд, дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа компани зэрэг ипотекийн зээлтэй холбоотой бүх мэдээллийг гаргадаг тусгай цахим хуудсыг нээн, ажиллуулах юм билээ. Иргэд тэндээс илүү дэлгэрэнгүй, нарийн мэдээллийг авах боломжтой.
-Найман хувийн зээлийг бууруулах боломж бий юу. Зарим барилгын компани таван хувийн хөнгөлөлттэй зээлээр олгож байна гэх мэдээлэл гарч байсан?
-Ипотекийн зээлийг таван хувиар олгож байгаа компанийн тухай сонсоогүй. Арилжааны банкуудад Засгийн газраас олгож байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү нь дөрвөн хувь байсан. Арилжааны банкууд найман хувийн зээл олгохыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас гаргаж байгаа эх үүсвэрийн хүүг нэг болгон бууруулах шийдвэр гаргасан. Бид хүүгээ бууруулахад арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ оруулж ирж, хүүгийн зардлаа бууруулаад олгож байгаа нийт эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх юм.
-Зээлд хамрагдахад иргэдийн харьяалал харгалзах уу. Хөдөө орон нутагт ипотекийн зээлд хамрагдах боломж бий юу?
-Бид ипотекийн зээлийг хөдөө орон нутаг болон нийслэлд аль болох тэнцвэртэй байдлаар хүргэхийг зорьж байгаа. Энэ утгаараа нийт боломжит эх үүсвэрийнхээ 70 хувийг нийслэлд, 30 хувийг хөдөө орон нутагт баригдсан орон сууцуудад олгохоор гэрээнд тусгаад байна.