Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатараас энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтын талаар тодрууллаа.
-Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэзээнээс эхлэх вэ?
-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-ээс эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсаны дагуу их, дээд сургуулиуд өөрсдийн оюутны болон сургалтын албанд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж авч байгаа. Гуравдугаар сарын 1 гэхэд бүртгүүлсэн оюутнуудын нэрийг манайд өгнө.
-Энэ жил “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлд ямар өөрчлөлт орсон бэ?
-Бүртгэлийн журамд нэг их өөрчлөлт ороогүй. Харин сургалтын орчин нөхцлийг сайжруулсан. Материаллаг баазын хувьд сайжирч байгаа. Тодруулбал, хуучин оюутан цэргүүд майханд амьдардаг байсан. Харин өнгөрсөн жилээс сэндвичин байшинд амьдарч байгаа. Өнгөрсөн жил гурван байшин барьсан юм. Энэ жил нэмээд, 10 болгох төлөвлөгөөтэй байна. Мөн “Оюутан цэрэг” сургалтыг нийслэлээс гадна 13 аймагт зохион байгуулж байгаа.
-Сургалтад хамрагдах оюутнуудад ямар шаардлага тавьдаг вэ?
-Засгийн газрын 32 дугаар тогтоолын дагуу оюутан цэрэгт элсүүлэх журам гэж байгаа. Энэ журамд их, дээд сургуулийн нэгдүгээр курсын хоёрдугаар хагаст суралцаж байгаа, 18 нас бүтэн хүрсэн хүүхдийг хамруулна гэж заасан. Мөн оюутан цэрэгт өөрийн хүсэлтээр явна гэсэн заалт байгаа. Энэ жилийн хувьд 2000 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө төрсөн хүүхдүүд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжтой гэсэн үг.
-Сургалтад бүртгүүлэхийн тулд оюутнууд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/, сургуулийн тодорхойлолт, сурлагын дүнгийн хүснэгт, сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл зэрэг материалыг бүрдүүлж, авч ирэх ёстой.
-Зөвхөн нэгдүгээр дамжаанд суралцдаг оюутнууд л явах боломжтой юу. Оюутнуудаас ямар нэгэн төлбөр авдаг уу?
-Тийм, зөвхөн нэгдүгээр курсын оюутнууд хамрагдана. Сургалтад хамрагдаж буй оюутнууд хоёр кредитийн төлбөр төлдөг.
Д.Жамъяндагва