ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хавар ирлээ

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-21

Манайх шиг жилийн дөрвөн улиралгүй улс орны хүмүүс  улирлын сайхныг, тэр дундаа хаврын сайхныг мэдэхгүй л дээ. Хавар гэдэг нэг тийм эгшиглэнт аялгуу шиг санагднам. Хөр цас ярагдах шиг хүмүүний амьдрал, байгалийн сайхан бүхэн сэрж мэдрэх, сэргэж дэлгэрэх улирал даа.

Өдөр өдрийн нар биднийг ивээх цаг нь уртасч, газар дэлхийн өнгө ч илүү гэрэлтэй мэт санагдана. Нялх төлийн дуу цангинах малчны хотоор найрал уянгална. Энэ бүхнийг монголчууд л мэдэрнэ, ойлгоно, хайрлана, уярна, омогшино бас омойтно. Энэ бүхэн хавар ахайтан морилон ирснийг  дуулгана. Охид залуус хувцсаа нимгэлж, сэтгэл тэнэгэр, алхаа аажуу явах нь цаанаа л нэг налгар.

Өтгөс буурлууд нар даган гадаалж, орчлон сэрэхүйг бахдах сайхан. Ийм хавар цаг надад хайр бэлэглэж, ийм л хавар цагт үрс минь мэндэлж, ийм л хавар цагт ач, зээ үржиж ийм л хавар биднийг амьдралд хамгаас илүү шунан дурлуулдаг. Их Нацагдоржийн хэлсэнчлэн  “...хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана”гэдэг шиг даль жигүүр ургуулсаар хавар ирлээ.