“Ажил, амьдралын хань хоёроо зөв сонговол тэнд өнгөрдөг 16 цаг чинь хамгийн аз жаргалтай байдаг” гэсэн үгийг та олон л удаа уншсан байх. Энэ үгийг бага жаалхан насандаа “тоож” байсангүй. Гэвч хүний гэргий болж, хүүхдийн ээж болсныхоо дараа энэхүү үгийн үнэ цэнийг улам бүр л мэдэрч байна. Хүүхдүүд минь инээмсэглэж, орон гэрт минь аз жаргал түгэж байх нь ямар утга учиртайг ухаарч байна. Өглөө дуртай ажилдаа дуу аялан гарах хэчнээн чухал сэтгэл ханамж болохыг энэ жилүүдэд мэдэрч явна аа, би. Намайг бас хоёр хүүхдээ үргэлж аз жаргалтай байлгаж, амь амьдралын минь түшиг болж яваа насны ханиа зөв сонгосон азтай хүн. Би гэдэг хүн чинь тун ч шартай. Түргэн ч уурлана. Амархан гомдож, амархан ч тайтгарна. Заримдаа инээж, заримдаа уурлаж, бухимдана. Ханиараа аргадуулах гэж, аргадахгүй бол гомдож тунина аа.
Ажил ихтэй үедээ бухимдаж, бусдад уурласан уураа ханьдаа гаргах үе олон бий. Тэр болгонд миний л дэргэд, нэг л зангаараа тэр минь инээмсэглэж суудаг юм. Ханийнхаа тэр сайхан энергээр өдөр бүр цэнэглэгдэж, өглөө бүр ажилдаа дуртай гардаг юм. Орой гэртээ орохдоо ч өнөөх минь архи уучихаа болов уу, эсвэл хардах вий, хэрүүл маргаан гарна даа гэсэн айдас надад алга. Энэ бол хамгийн сайхан аз жаргал. Эд мөнгө элбэг биш ч энэ гэр чиний минь хайраар баян байна, хань минь. Харин бусдыг нь хоёулаа хамтдаа бүтээчихнэ. Миний хань тун ч онцгой өдөр төрсөн. Хоёрдугаар сарын 29 буюу “өндөр жил” 14 хүүхэдтэй айлын 13 дахь үр нь болж мэндэлжээ. Бидний хувьд дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрийг нь тэмдэглэдэг ч жил бүхэн л ханийгаа баярлуулна. Энэ өдөр ч гэргий болсон би чинь гэртээ яаран харьж, гарын хоолоо хийж өгөх гээд догдолж сууна. Чинийхээ хамгийн дуртай хоолыг хийчихээд, хөлсөө арчин идэж суухыг чинь харах хэчнээн сайхан мэдрэмж гээч.
Ханиа магтах нь хамгийн тэнэг хүний зан гэдэг ч өглөөхөн үнсээд явуулсан чамайгаа яагаад ч юм магтмаар санагдаад болсонгүй ээ. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Үргэлж үлгэр жишээ хань байж чаддаггүй ч, үнэнч сэтгэл минь чамаасаа хэзээ ч урвахгүй ээ. Үр хүүхэддээ хоёулаа хамгийн шилдэг аав, ээж байж, энэ орчлонг дандаа инээмсэглэж туулах юм шүү. Зовлон угтаад ирсэн ч сөрж зогсохдоо би бардам байх болно. Яагаад гээч. Учир нь чи минь дэргэд байгаа учраас тэр шүү дээ. Өвлийн жихүүн тэр өдөр утсанд минь ирсэн чиний анхны мессеж, зориг гаргаж надад хайртайгаа илчилсэн тэр өдөрт би өдөр бүр талархан амьдрах болно оо.