Ажаад байхад хүн бүр л аавыгаа хойш тавьж, ээжийгээ л гэх юм. Бид ч бас ялгаагүй дээ. Эмэгтэйчүүдийн баяраар ээжийгээ баярлуулж, амралтад явуулж, хоолонд оруулж, бэлэг сэлт авч өгөөд л. Харин аавдаа хэзээ бэлэг авч өгсөн билээ. Цэргийн баяраар баярлуулсан удаа байгаа билүү гээд бодохоор бараг л алга. Ер нь аав жаахан хэнэггүй хүн гэж боддог юм. Баяр ёслол гэж сүр болоод байхгүй, хөөрч догдлоод сүйд болохгүй. Анх уулзсан хүн “Яасан ярвагар юм бэ дээ” гэж бодохоор. Тийм болохоор бид ч тэр хэвээр санасаар өдийг хүрчээ. Гэхдээ жаахан хууч хөөрөөд суувал өргөн мэдлэгтэй, гүн бодролтой, холч ухаантай хүн.
Өнгөрсөн жил аавын минь улс, нийгэмдээ 40 гаруй жил зүтгэсэн хөдөлмөрийг нь төр үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Энэ жил сар шинийн баяраар одон авсан баяраа тэмдэглэж, үр хүүхэд, ач зээ, ах, дүү, хамаатан саднаа цуглуулж, баярласандаа нулимс унагаж суув, миний аав. Нас нь яваад уяхан болжээ. Хэнэггүй зан нь гээгдээд, аливаа зүйлд ач холбогдол өгдөг болсон байх юм. Аав минь намайг илүү их хайрлана. Хүүхэд байхад амьтны цоолбор хийгээд, цамцан дээр цоолбордож өгч өмсүүлнэ. Үеийнхээ хүүхдүүдийн дунд зурагтай цамцтайгаараа онгирдог байлаа. Их уран, авьяастай хүн. Аавд минь хийгээгүй ажил байхгүй. Эрчим хүчийг хөдөө орон нутагт хүргэх нөр их ажилд хувь нэмрээ оруулж, цахилгааны шугам босголцож явлаа.
Ахуйн үйлчилгээнд оёдолчин хийж байсан ч үе бий. Мужаан хийнэ, гэрийн мод эрээлнэ, сийлбэр ч хийчихнэ. Шаггүй дархан гэж байгаа. Залуудаа зуух, яндангаас эхлээд төмрөөр юм хийнэ. Чулуугаар хөөрөг хүртэл хийчихдэг байв. Тун ч эвлэгхэн дуулна аа. Хөдөө хэдэн жил амьдарч, малчин болж явсан. Тэр жилүүдэд буу үүрч, тарваганд явдаг шаггүй анчин ч байлаа. Одоо бол аймгийн тэргүүний тариаланч. Хашаандаа ногоо тарина, чацарганы модтой. Хоршоо байгуулж, сумын иргэдийг хүнсний ногоогоор хангаж байна. Түүнийхээ хажуугаар багийн иргэдийн хуралд алба хашина. Тэрүүхэндээ л улстөрч. 1990 оны Ардчилсан хувьсгал ялахад гэртээ уйлж орж ирж байсан гэдэг. Ээж гайхаад, яагаад уйлсныг нь асуутал “Ардчилал ялчихлаа” хэмээсэн гэдэг. Эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зовниж, зүрх нь цохилж явсан хэрэг. Ийм л супер аавтай хүн, би. Үрсийнхээ төлөө конторт дарга, хөдөө малчин, гадаа тариалан ч хийж, хүүхдүүдээ хайрлаж, сургаж, ухаан суулгаж өсгөсөн таньдаа аавуудын баярын мэнд хүргэе.