ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түрээсийн байр дамжсан оюутнуудын гурван өнгө

O.Admin
2019-03-19

Хөдөө орон нутгаас хотод ирж су­ралцаж буй оюутан залуусын нэн тэргүүнд тулгардаг асуудал бол ая тухтай амьдрах орчин.  Аль ч их, дээд сургууль нэг, хоёрдугаар курсийн оюутнуудаа дотуур байрандаа түрүүлж бүртгэдэг. Ахлах курсийн оюутнуудад дотуур байрны өрөө хүрэлцэхгүй учраас ихэвчлэн нийтийн байр түрээслэх нь элбэг. 

Халаас нимгэн оюутнуудын  хувьд нийтийн байрнаас өөр сонголт байдаггүйг оюутан хүнийхээ хувьд би сайн мэднэ. Намайг анх оюутан болж ирэх үед нөхцөл байдал арай өөр байлаа. Тэр үед ядаж л оюутны 70 мянга өгдөг байсан юм. Дээрээс нь автобусны карт сарын 44 удаа үнэгүй явах эрхтэй байсан учраас бидний үеийн оюутнууд “баян” байлаа. Гэхдээ энэхүү бяцхан “тансаглал” маань араасаа багагүй шүүмжлэл дагуулна. Оюутнуудад 70 мянган төгрөг өгөх хэрэггүй, бүгд архинд өгөөд дуусдаг л гэнэ. Автобусанд үнэгүй зорчих картаараа дэмий тэнэдэг гэж дургүйцэнэ. Энэ мэт оюутны халамж дагасан шүүмж тасардаггүй байлаа. Гэвч бодит байдал хүмүүсийн ярьдагаас мэдээж өөр. 

Миний  л мэдэхийн 70 мянгаараа амьдардаг зөндөө л оюутнууд байдаг. Миний найз нөхөд дунд ч байсан. Гэвч оюутнуудын сурлагын түвшнээс хамаарч ялгаатай олгодог байсан энэ тэтгэлгийг дээрх шүүмжлэлтэй холбоотойгоор 2016 онд зогсоосон. Ингэснээр 2016 онд улсын төсвөөс 11.7 тэрбум төгрөг, жилдээ 33.7 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ гэж тооцоолсон хэрэг. Оюутны тэтгэлгээрээ амьдралаа залгуулдаг олон зуун оюутанд төрийн энэ шийдвэр хүнд туссан нь мэдээж. Гэвч энэхүү 33.7 тэрбум төгрөгийн тал зардлаар нь ч болов оюутны дотуур байрны хүрэлцээг  нэмэгдүүлсэн зүйл алга. Ахлах ангийн оюутнууд дотуур байрандаа багтаагүй учраас нийтийн байр дамжин, хэсүүчилж байгаа нь бодит үнэн. Нийтийн байрныхаа төлбөрийг төлж чадахгүй бол дүн өвлийн хүйтнээр ч гудамжинд гарах магадлалтай. Хөдөө орон нутгийн дийлэнх оюутны амьдрал ийм л байгаа.

Тиймээс бид оюутнуудын амьдралын нөхцөл байдлыг сурвалжлахаар 32-ын тойргийн баруун талд байрлах нийтийн байрыг зорив. Энэ байр хоёр давхар бөгөөд 24 айл амьдардаг аж. Хашаагаар оронгуут эр, эм гээд биччихсэн модон бие засах газар харагдана. Байрны оршин суугчдынх  ихэнх нь оюутан залуус. Өрөөний цонхнууд жижигхэн байх бөгөөд цонхонд тогтсон зузаан цан нь өрөө рүү нарны гэрэл нэвтрүүлдэг шинжгүй. Цонх бүрээс ууттай зүйл өлгөжээ. Дотор нь юу байгааг таахад бэрх ч зарим нь цус болсон байхыг бодоход  оршин суугчдын “хөргөгч” бололтой. Байрны хаалгаар ороход юуных гэдгийг тодорхойлохын аргагүй эхүүн үнэр хамар цоргив. Энд нэг өрөөнд гурваас дээш хүн авдаггүй гэнэ. Учир нь МХЕГ-аас тогтоосон стандарт, шаардлагад нийтийн байрны нэг өрөө 12 м/кв байх ёстой аж. Тус түрээсийн байрны бүх өрөө хоёр хүн л амьдрах  хэмжээтэй бөгөөд газраар хоёр хүн унтчихаар дэвсгэр засчихсан, жижиг зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин зэрэг ахуйн хэрэглээний зүйлүүд байв.

Бид тус байрны оршин суугч оюутан Г.Болорынд зочилж, тус байрны талаар тодруулав. Тэрбээр “Би энд найман сарын  дундуур нүүж ирсэн. Эхэндээ надад их эвгүй санагдаж байсан. Орчин нөхцөл гадна талаасаа их муухай харагддаг. Хашааныхаа хаалгаар бараг нуугдах шахам ордог байсан юм. Одоо бол дасчихсан. Ганц би ийм нөхцөлд амьдарч байгаа биш юм билээ. Хэдэн зуун оюутнууд ингэж амьдардаг. Манай найзуудын зарим нь айлд байдаг юм. Хүний хараанд байх их хэцүү гэж ярихыг сонсоод, айлд нүд үзүүрлэгдэж байснаас энэ нь дээр гэдгийг ойлгосон. Сургуулийн төлбөр, бусад хэрэглээний мөнгө гээд бүгдийг нь  аав, ээж явуулдаг.  Тийм ч учраас элдэв зүйлд санааг нь зовоохгүйн тулд байгаа орчиндоо цэвэр цэмцгэр байхыг боддог” хэмээн ярилаа.

Бидний очсон дараагийн газар бол олон зуун оюутны жишгээр хажуу өрөө түрээслэн амьдардаг танилынх маань байлаа. Тэрбээр арслантай гүүрний  зүүн талд байрлах есөн давхар хуучны байранд хажуу өрөө түрээслэдэг юм. Н.Буянхишиг найз маань  сүүлийн гурван сар энд амьдарч байгаа. Бид зорьсон газраа  ирэхэд тэрбээр байрныхаа орцонд хүлээж  байв. Тэднийд ороход  дөч эргэм насны эмэгтэй үүднийхээ хажууд зогсчихсон  биднээс хараагаа салгахгүй ямар хүмүүс яваад байгаа юм бол гэсэн шинжтэй их л ажиглангуй  харж байв. Чимээгүйхэн мэнд асууж, умгар өрөөндөө ороод  хаалгаа хаалаа.  Өрөөг ажвал  нэг цэлгэр том цонх, хөнжил гудас залгуулаад хувцас, хоолны аяга, таваг, тогоо зэргийг шалан дээр байрлуулжээ. Амьхандаа л цэвэрхэн байгаа нь энэ аж.  

Н.Буянхишиг байрны эзэн нь дургүйцнэ гэж айгаад  жижигхэн өрөөндөө хоол хийдэг гэнэ. Тиймээс ч хувцсанд хоолны үнэр нь шингэчихдэг аж. Анх ирэхдээ гал тогоог нь хэрэглэхэд байрны эзэн ихэд дүргүйцэж, түүнийг загнасан гэнэ. Хамаагүй орж гарч болохгүй, ус бага хэрэглэх, дуу чимээ бага гаргах гээд маш олон дүрэм энэ байранд үйлчилдэг аж. Сарын төлбөр 250 мянга. “Өнгөрсөн долоо хоногт арван жилийн найз маань хонохоор ирсэн хэдийг 23:00 цагийн үед байрны эзэн хаалга нүдсээр орж ирээд хөөчихсөн. Найздаа санаа зовсон хэдий ч хүйтэнд хувцсаа аваад хөөгдөхөөсөө айсандаа юу ч хэлж чадаагүй” гэж Г.Буянхишиг ярилаа.  Хэсэг ярилцаад намайг явах гэхэд болдог  бол гэртээ хонуулах юмсан ганцаараа байсаар байгаад их уйддаг болжээ хэмээн дуу муутайхан намайг үдэж өгөв. Найз минь түрээсээ төлөөд  хар өрөөнд өөрийн хүсэлтээр цоожлогдож байгаа юм шиг санагдлаа.  

Нэг хэсэг нь айлд байхаасаа эмээж, нөгөө хэсэг нь түрээсээ төлөөд, чимээгүйхэн цоожлогдож буй эмзэглэмээр энэ дүр зураг бол оюутнуудын амьдралын бодит байдал. Гэхдээ орон сууц түрээслэн амьдардаг оюутан ч цөөнгүй. Тэдний нөхцөл байдал ямар байдгийг сонирхон орон сууцанд амьдардаг арван жилийнхээ найз Н.Буянбатруу залгалаа. Түүнд зорилгоо хэлээд гэртээ байгаа үгүйг нь асууж, гэрт нь зочлохоор тохирлоо.  Найз маань сансарт дүү, найз охиныхоо хамт  хоёр өрөө байр түрээсэлдэг.  Бөхийн өргөөнөөс Сансар хүртэл 30 орчим миниут алхсаар байрныхан үүдэнд ирэв. Нийтийн байрнаас  гараад орон сууцанд ирсэн болоод ч тэр үү, бусад очсон байрнуудыг бодвол хавьгүй цэвэрхэн, тохилог байв. 

Өрөөндөө зурагт, ор, жижиг хувцасны шүүгээ, хөргөгч гээд  хэрдээ тохижуулжээ.  Цомхон энэ байрны зарим өрөөнд айл байдаг гэнэ. Айл гэдэг нь ажил хийдэг ганц бие хүмүүс, эсвэл нэг хүүхэдтэй залуу гэр бүлийг хэлж байгаа юм.  Хажуу  өрөөнд байрлах оюутнаас  харьцангуй чөлөөтэй байдаг аж. Гэхдээ үе үе эзэн нь ирж шалгадаг гэнэ. Энэ байрны нэг сарын төлбөр 450 мянга. Төлбөрөө хоёр сараар өгдөг байна. Бусад зардал нь нийлээд 150 мянгад багтдаг. Ингэхээр сард 600 орчим мянган төгрөг болдог аж. Тог, ус, дулааны мөнгө өндөр гардаг болохоор хамаагүй хэрэглэж болохгүй. Ер нь их ч бага ч хэрэглэсэн яг л адилхан  гардаг. Байрны эзэн хааяа согтуу орж ирээд гэрт нь тамхи татан  архи авахуулах гэж тэднийг шалгаадаг аж. Түүнээс гадна гэртээ ганцаараа байх үед хаалга цоожлоод түгшүүртэй байдаг хэмээн тэд ярьцгаалаа. Гэхдээ л нийтийн байр, хажуу өрөөнд өөрийн хүссэнээрээ байж чадахгүй байгаа оюутнуудыг бодвол харьцангуй тав тухтай байсан юм.

Очсон газраасаа л нэг бүтэхгүй, болохгүй байгаа зүйлийг ажигласаар хамгийн сүүлд үнийн хувьд хамгийн хямд гэгддэг “Бөмбөгөр” захын дэргэд байрлах нийтийн байрыг зорилоо. Автобусныхаа буудлаас дээшээ өгсөж алхав. Нарийн гудамж, өвөл нь яаж гардаг юм болдоо гэж бодмоор  хазайж унасан шатаар өгсөж явсаар гурван давхар улаан тоосгон барилгын дэргэд ирэв. Хашаагаар дүүрэн элдвийн хог хөглөрч, огиудас хүрмээр жорлонгийн үнэр хамар цоргин угтлаа.  

Өрөөнөөсөө гарч буй 20 орчим насны залуутай уулзаж, ирсэн зорилгоо тайлбарлаад орох зөвшөөрөл авав. Тэрбээр “Байрны эзэнд битгий хэлээрэй сурвалжилга бичнэ гэвэл та хэдийг оруулахгүй байх” хэмээн сануулав. Энэ байрны  оршин суугч оюутнууд сургууль болон нэрээ нууцлахыг биднээс хүссэн юм.

Өрөөнд ороход шалан дээрээ ягаан өнгийн хулдаас дэвсжээ. Байрнаас үнэртэх эвгүй үнэр, өрөөнүүдийнх нь өнгө үзэмж зэрэг нь өмнөх байрнаас хамаагүй “муу”.  Зүйрлэж хэлбэл автомашины гараашнаас ялгарах юм байхгүй гэхэд болох аж.  Гаднаа жорлонтой, өрөө бүр дотроо зуухтай, үнэхээр тухгүй. Нэг сарын түрээсийн төлбөр нь 100 мянган төгрөг  гэнэ. Тухайн орчинд хулгайч элбэг тул эд хогшлоо сайтар хянах нь түрээслэгчийн үүрэг. Алдсан тохиолдолд байрны эзэн хариуцлага хүлээдэггүй байна.

Энэ байранд хамгийн хямд буюу нэг сардаа 60 мянган төгрөгийн түрээс төлдөг гэх залуутай уулзлаа. Байрны галч хийдэг учраас ийн хөнгөлөлт эдэлж, 60 мянган төгрөгийн түрээс төлдөг аж. Тэрбээр “Сүүлийн хоёр жил энэ байранд амьдарч байгаа. Байрныхаа эзэнтэй ярилцаж тохиролцсоны үндсэнд өглөө, оройд гал түлж, байрны халаалтад анхаарах болсон. Сарын түрээс нь 100 мянга байсан боловч ганцаараа байдаг учраас сар болгон 100 мянга өгөх хэцүү.

Аав ээжийнхээ олсон хэдэн төгрөгийг сарын түрээс, идэж уухдаа ганцаараа хэрэглээд дуусгах эвгүй санагдсан. Тийм ч учраас ядаж л унаа, хоолныхоо мөнгийг гаргаж авахын тулд байрны эзэнтэй ярилцаад ийм тохиролцоонд хүрсэн. Нэгдүгээр дамжаанд байхад  оюутны 70 мянгаа аваад ойр зуурынхаа хэрэгцээг хангачихдаг байсан. Түүнчлэн хичээлийнхээ хажуугаар ажил хийх гэж олон ч зар харж байсан. Ажилд авна жич: Оюутан биш хэмээх зар өчнөөн байдаг.  Арай гэж олддог нь шөнийн цагаар зөөгч, бармен гэх ажиллууд л байдаг. Өдөржин хоолтой, хоолгүй хичээлдээ суучихаад гараад алхах үнэхээр хэцүү, ядахдаа автобусны зорчих эрхийг хасахгүй байж болоогүй юм байх даа”  хэмээн ярилаа. 

Аав, ээжийнхээ гарыг харан дөрвөн жилийг өнгөрүүлнэ гэдэг тийм ч амар биш. Нэг айлаас гэхэд хоёр гурвуулаа их, дээд сургуульд суралцаг оюутнууд бий.  Сургуулийн төлбөр жил ирэх тусам  нэмэгдээд л байдаг. Харин бидэнд зориулж шинээр нээсэн номын сан, дотуур байр гээд суралцах орчинд орсон нэг ч өөрчлөлт алга. Миний таних оюутнууд бараг бүгдээрээ цагийн ажил хийдэг.  Хичээлийнхээ эхний цагт ирж чадахгүй таслах тохиолдол ч олон байдаг. Үүнээсээ болоод хичээлдээ хоцрогдох,  бүр сургуулиасаа гарах гээд олон асуудлууд ар араасаа гарч ирдгийг нуух юун. Олон ч оюутан залуус дөрвөн жилийнхээ сургалтын төлбөр дээрээ ажил хийж мөнгө нэмэрлээд, өөр зүйл хийж эхэлбэл хамаагүй дээр юм байна гэж ярилцахыг сонсож байсан. Энэ нь магадгүй суралцах хүсэл мөрөөдөл нь мөнгөөр хязгаарлагдсаных байх.    

Шөнийн 21:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл зөөгч хийчихээд, эхний цагийнхаа хичээлд арай хийнэ нүүрээ дутуухан угаачихаад, автобусанд  ядарсандаа хэсэг амрах гээд сууж буй залууг “Хөгшин хүнд суудал тавьж өгөхгүй ямар хүмүүжилгүй юм бэ. Залуу хүн байж нүүрээ ч олигтойхон угаачихаж чадахгүй” хэмээн бодож байсан байж магадгүй. Тэд зүгээр л ирээдүйнхээ төлөө хичээж буй энгийн л нэг залуус. Оюутны 70 мянга өгөхөө зогсоосон шигээ хурдхан хэдэн оюутныхаа дотуур байрны  хүрэлцээг нэмэгдүүлэхгүй бол  бид чинь хажуу өрөө, нийтийн байранд гундуухан амьдарсаар л байна шүү.

Д.БАТТОГТОХ