ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АН эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг шаардаж жагсана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар өнөөдөр мэдээлэл хийж, ирэх сарын 5-ны өдөр жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа хэллээ.  Ардчилсан намынхан иргэний нийгэм, иргэдийг хамруулсан уг жагсаалаараа эрх баригчдаас 2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх,  ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон 60 тэрбумтай холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардах юм байна. Мөн   ШХАБ-ын гишүүн орноор элсэхийг эсэргүүцэн жагсах аж. 

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болсон тул улс орны тулгамдсан асуудлыг анхаарлын төвд аваачиж, хариуцлага нэхэхийн тулд жагсахаас өөр аргагүй гэдгээ энэ үеэр хэлсэн. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд  амлалтаа биелүүлэх биш дотоод зөрчлөө хэлэлцээд дууссан. Улс орны эдийн засгийг хөгжүүлэх урагш харсан  дорвитой бодлого хэрэгжүүлээгүй. Эдийн засаг өсөлттэй байсан нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, гадаад зах зээлийн таатай нөхцөлтэй л холбоотой. 

МАН сонгуульд гарч ирэхдээ "Гэдсэнд байгаа хүүхэд тань ч 15 сая төгрөгийн өртэй" хэмээн иргэдийг айлгаж гарч ирсэн. Гэтэл нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй хэрнээ өнөөдөр нэг хүнд ногдох өр 23.3 сая төгрөгт хүрлээ. Өр төлбөр бараг төлөгдөөгүй байхад 4.4 тэрбум төгрөгөөр Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн. Татвар нэмэхгүй гэж амалчихаад нэг удаагийн чуулганаар 7-8 төрлийн татвар нэмсэн. Аймаг, дүүргийн ИТХ газрын төлбөрийн хэмжээг байнга нэмж, шат шатандаа иргэдийн халаасыг суйлж байна.  Тиймээс дараагийн сонгууль хүртэлх үлдсэн нэг жилд ард түмний орлого, эдийн засгийн өсөлтийг бодитой бий болгосон бодлого явуулах ёстой" хэмээлээ. 

Харин АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Монгол Улсыг ШХАБ-ын гишүүнээр элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй. ШХАБ-т элсэхийг дэмжсэн байр суурь илэрхийлсэн хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй яагаад ч юм давхцаж байгаа нь хардлага төрүүлж байна. ШХАБ-т элсэхийг АН зөвшөөрөхгүй"  хэмээн ярилаа.