ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төр, үйлдвэрлэгч хоёрыг ойртуулсан “Эх оронч худалдан авалт”

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-03

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоороо  2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ  сарын 02, 03-ны өдрүүдэд “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэс­гэлэн худалдааны үеэр үйлд­вэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоо­дын үйлд­вэрээс худал­дан авсан бараа, ажил, үйл­чил­гээ­ний биелэлтийг танил­цуулж байсан юм. Мөн   төрийн худалдан авалтад хэр­хэн бэлтгэх, бараа бүтээг­дэхүүн­дээ хэрхэн стандартын тохир­лын гэрчилгээг авах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээллээр хангаж байв. Түүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчид тө­рийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой стан­дар­тын шаардлага ханга­сан бүтээгдэхүүнээ дэл­гэн үзүүлж, нөгөө талаас төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллийг нийтэд ил тод байршуулжээ.   Үзэсгэлэнд ажлын болон хөдөлмөр хам­гаалал аюулгүй ажил­ла­гаа­ны хувцас үйлдвэр­лэгч “Денимон”, “Аз бүтэмж” ХХК зэрэг 1580 орчим үйлдвэр эрхлэгчид, ТЕГ, ГЕГ, БХЯ зэрэг 50 гаруй төрийн байгууллагууд оролцсон юм. Нэг үеийг бодоход манайхан ёстой л нохойн битүү туурай, ногоон хурганы арьсаас бусдыг шахам дэлгэсэн байлаа. Үзэсгэлэнг үзэж сонирхох хүмүүс ч их байна. Үзэсгэлэнг сонирхох зуураа зарим нэг үйлдвэрлэгч, төрийн байгууллагынхантай уулзаж сэтгэгдлийг нь сонирхлоо.

Эхний уулзсан хүн “Тайгын шим” компанийн чанарын менежер О. Ундрах байлаа. Тэрбээр  “Манай компани байгуулагдаад 11 жил болж байна. Бид ажлын болон  цэрэг цагдаагийн гутал үйлдвэрлэдэг. Энэ үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Монголчууд бид өөрсдийнхөө нөөц боломжоор хэрэгцээт ихэнх зүйлсээ үйлдвэрлээд явах боломжтой болжээ гэж харж байна. Манайх “Тайга”  нэрийн гутал үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн  маань ОХУ-д экспортод гарч эхэлсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 500 хос гутал гаргасан. Бас Өвөрмонгол руу гаргаж байгаа. Манайх сүүлийн жилүүдэд өөрийн улсын цэрэг цагдаагийн байгууллагад тендерээр шалгарч,  гутал нийлүүлж эхэлсэн. Түүхий эдийн тухайтад цэргийн гутлын түрийг ОХУ-аас, улыг Хятадаас авдаг. Бүх түүхий эдээ эндээсээ бүрэн дүүрэн хангаж чадвал  бүтээгдэхүүний үнэ өртөгт ч гэсэн сайнаар нөлөөлнө. Анх экспортод гутлаа гаргасан гэдгээрээ манайх бусад ижил төстэй үйлдвэрүүдээс онцлогтой гэж хэлнэ дээ” хэмээв. Тэгвэл үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа  Татварын Ерөнхий газрын сан­хүү хөрөнгө оруулалтын газ­рын аж ахуйн менежер Б.Батдэлгэр “Товчхондоо энэ үзэс­гэлэн худалдаа дотоодын үйлд­вэр­лэгч нар өөрсдийн бүтээг­дэхүүнээ, төрийн байгуул­лагууд 2019 онд юу юу худалдаж авахаа танилцуулах уулзалт юм.  Татварын ерөнхий газар 2018 онд өөрийн орны үйлдвэрлэгчдээс  хоёр тэрбум  625 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, программ хангамж худалдаж авчээ. Энэ нь УТЕГ хөрөнгө оруулалт болон урсгал төсвөөрөө авч буй нийт худалдан авалтын 40 гаруй хувийг эзэлсэн.  

Энэ онд ч мөн хоёр тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийнэ” хэмээн ярьсан юм. Харин  Зэвсэгт хүчний 310-р ангийн хувцасны хангалтын албаны дарга,  ахмад С.Асалбек “Манай аль ч байгуул­лагууд дотоодын үйлд­вэр­лэг­чид­тэйгээ хам­тарч ажиллах нь олон давуу талтай. Буух эзэн буцах замтай гэдэг шиг бүтээгдэхүүн салж урагдлаа гэхэд эргүүлж засч янзлах боломжтой. Мөн  дараа жил худалдан авалт хийхдээ  “Тийм зүйл дээр алдаа гарсан. Түүнийгээ ингэж сайжруулъя” гэх мэтчилэн эргэх холбоо үүсгэн хамтарч ажиллах гэх мэт олон давуу талтай. “Тайгын шим”, “Бест шүес”, “Монгол Алтай зэт”, “Сүлдэт тэргүүн”, “Ти Эл Ти” зэрэг дотоодын олон үйлдвэрлэгч болон компаниудтай хамтран ажиллаж байна.  Ерөнхийдөө  дажгүй бүтээгдэхүүн үйлдвэр­лэж өгдөг. Цаашид улам сайжрах байх. Цэргийн бүсийг гэхэд л манайх хоёр жил авч байна” хэ­мээн ярив. Үзэс­гэлэнг үзэж явахад анхаарал тат­сан бас нэгэн зүйл бол “Сейф арматур” ХХК-ийн  залуучуудын үйлд­вэрлэж буй мяндас, полимер арматур байлаа. Бүт­цийн байдлаар нь цувимал, эрж­гэр, гөлгөр хэлбэрээр үйлд­вэр­лэ­сэн энэ бүтээгдэхүүн манай­даа ёстой л шинэлэг зүйл санагд­лаа. Бидний хэрэглэж заншсан металл арматурыг бодоход олон давуу талтай юм. Тэдгээрээс ганцхан нь л хангалттай. Химийн үйлчлэл болон зэв, ус, хүчил, шүлтэнд тэсвэртэй юм байна. Шилэн болоод базальтан пластик эдлэл дээр үндэслэсэн энэхүү нийлмэл материал металл арматурыг бодоход дулаан дамжуулалтаар 10 дахин бага, цахилгаан тусгаарлагч болдог гэх мэт олон давуу чанартай гээд тоочоод байвал түүний ашигтай тал олон.

Хамгийн гол нь бөх бат энэ бүтээгдэхүүнийг монгол залуучууд маань өөрсдөө хийж байна гэхээр бахархмаар. Бас нэг сонирхолтой үйлд­вэрийн бүтээгдэхүүн нь “Хэв хашмал хуванцар” ХХК-ийн үйлдвэрлэсэн шээс­ний шинжилгээний сав. Өмнө нь үүнийг тийм савыг импортоор гаднаас оруулдаг байсан. Тэгвэл бид өнөөдөр өөрсдөө үйлдвэрлэж байна. Энэ компанийн залуус хуван­цар хаягдлыг дахин боловс­руулан барилга зам гүүрт өр­гөнөөр ашигладаг арматур хөн­дий­рүү­лэгч зэрэг 50-иад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Энэ бүхнийгээ БНСУ-ын технологиор,  тэдний тоног төхөө­рөмж ашиглан маш чанар­тайгаар үйлдвэрлэж,  хэрэг­лэг­чиддээ гадаадаас оруулж ирсэн ижил төстэй бүтээгдэхүүнээс маш хямдаар борлуулдаг гэнэ. Энэ мэт өөрийн орны үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн төрөл бүрийн эдийн болон гарын савангаас эхлээд барилгын төрөл бүрийн материалууд, оёмол, сүлжмэл, нэхмэл хувцас хэрэглэл, ноос, ноолуур, арьс ширэн эдлэл, мод модон бүтээгдэхүүн, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд дэлгэн тавьсан дэлгэр сайхан үзэсгэлэн байлаа.