“Монголчуудад үйлчлэхгүй” гэсэн хаяг бүхий үйлчилгээний газартай харьд яваа монголчууд бишгүй л олон таарч байсан нь лавтай. Нүүрээ улайлгаж хаалга мөргөөд буцсан тухай жишээ би л хувьдаа хэдэн арваар сонсож байлаа. Тэд биднийг ядуу буурай орны ард түмэн учраас гадуурхаж байгаа нь энэ гэж үү, үгүй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унадаг гэдэгчлэн ингэж шившигтэйгээр тусгаарлагдагдах ажлаа монголчууд өөрсдөө л хийсэн байдаг аж. Ороод гарахдаа гар хоосон гардаггүй хулгайч зангаараа манайхан харьд улсад алдартай болжээ. Хамгийн сүүлд гэхэд Тайландын хааны ордонд хоёр монгол иргэн хулгай хийгээд баригдсан тухай хэвлэлүүд ярьж байна.
Тай хүмүүсийн хамгийн их дээдэлдэг энэ ариун газарт түүхэндээ ийм явдал болж байгаагүй аж. Гэтэл монгол хүн ороод гарахдаа л хулгай хийж, үйлдэл дээрээ баригдан эх орноо шившигтэй нь хутгаж байх юм. Гэтэл Тайландын хэвлэлээр уг асуудал яригдаж хэлэлцүүлэг өрнүүлээд удаагүй байхад дахин Монголын нэг бүлэг хулгайчдыг баривчилсан талаар мэдээлэл хийж тэднийг танилцуулав. Хулгай хийсэн гэмт этгээдүүд 26-27 настай ид хийж бүтээх насны шижигнэсэн монгол эрс байсныг тус улсын цагдаагийн газраас мэдээллээ. Тэд Словак улсын жуулчны халаасыг суйлж, хэтэвчинд байсан 2.000 бат болон бусад үнэт эд зүйлсийг хулгайлсан байжээ.
Энэ явдлаас сар хүрэхгүй хугацааны өмнө Тайландын нисэх онгоцны буудалд бас л гурван монгол залуу бүлэглэн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Монгол хүн дугуй хулгайлж, эх орон руугаа гаргадаг, хүүхдээ ашиглан брэнд хувцас хулгайлж зардаг, гэр бүлээрээ хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдан эхнэр хүүхдээ хэргийн газарт орхиод зугтжээ гэх мэт хар бараан мэдээллүүд хөвөрсөөр өнөөдрийг хүрлээ. Ядуу монголчууд дэвэн дэлхийгээр хэрэн хэсч хулгай хийж явна. Баруун Европ, Зүүн өмнөд Азийн орнуудад энэ талаараа хэдийнэ “нэрд гарсан”.
Дэлхийгээр нэг шившиг. Хуучны уламжлалт харилцаатай Зарим улсад “Монгол хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичигтэй дэлгүүр, рестораныг төвөггүйхэн олж болох талаар зарим монголчууд нь халаглаж байна. Хэдэн жилийн өмнө Макаод бас ийм асуудал дэгдэж Монголын дипломатууд нүүрээ ширлүүлж, нүдээ улалзуулан байж “монгол хүн, нохой хоёр”-ын эрхийг хамгаалсан удаатай. Монголчууд хамгийн ихээр очиж, хөдөлмөр эрхэлдэг Өмнөд Солонгост монгол хүн хулгай хийх нь хэвийн үзэгдэл болсон. “Монгол юм чинь хулгай хийлгүй яах вэ” гэх шог яриа хүртэл гарсан байдаг гэх.
Тэгвэл Япончууд эд зүйлсээ алдахдаа “Манай хотод шинэ монгол иржээ” гэлцдэг аж. Мэдээж хулгайч Дорж гэж ярихгүй, хулгайч Монгол л гэж эх орны минь нэрээр дуудна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог. Нэг хулгайчийн төлөөсөнд Монгол Улс, монголчууд бүгдээрээ “хулгайч” гэсэн нэр хоч зүүж, орчлонгоор нэг шившиг болж байна. Чингисийн монголчууд харьд нохойны зиндаанд хүрэх болсон шалтгаан ердөө л энэ. Одоо бүр эд зүйлс хулгайд алдагдаж, балмад танхай гэмт хэрэг гарахад хамгийн түрүүнд монголчууд толгойд нь ордог болсныг нэгээр тогтохгүй жишээ харуулж байх юм. Бангкокт зэвсгийн дэлгүүр дээрэмдсэн хятадуудыг монголчууд гэж зарласан явдал үүний тод жишээ юм. Бид яагаад ийм юм бэ. Яагаад ийм аминчхан арчаагүй бодлоосоо хальж, маргаашийг харж чадахгүй байна вэ.
Монголчууд үнэхээр ядуу учраас, хулгай хийхгүйгээр амьдралаа залгуулж чадахгүй учраас хулгай хийгээд байна уу. Бас л үгүй. Зүгээр л ядуу сэтгэлгээтэй учраас эх орноо дэлхийгээр нэг шившиг болгож, өөрсдийгөө нохойн зиндаанд аваачаад байгаа юм. Нэг ёсондоо хулгайлах хобби гэхэд хилсдэхгүй. Манай улс хамгийн их хулгайтай орон гэгддэг. Гэтэл одоо бүр хил дамнан хулгай хийх боллоо. Гурван сарын визээр гарч хил дамнан “ажлаа” хийж, эх орон элэг нэгтнийхээ чихийг халууцуулсаар байгаа. Гадны улсад ажиллаж амьдардаг өмгөөлөгч монгол бүсгүй эх орон нэгтнүүдийнхээ энэ мэт хэргийг өмгөөлж шүүх хуралд оролцсоор эцэстээ нүүр хийх ч газаргүй болж, ичдэг болсон талаараа ч ярьж байсан удаатай.
Хэдхэн жилийн өмнө гэхэд ажилд сайн, дасан зохицох чадвар сайтай гээд гадныхан манайхаас ажиллах хүчин авах дуртай байлаа. Гэтэл одоо хил давна гэдэг аз эзийн асуудал болов. Очсон газраасаа хулгай хийж, эс бөгөөс танхайрч, танан дээрэмдээд байхад хэн л манайд ир гэх билээ. Харь улсад байгаа монгол хулгайчдын замнал тасраагүй цагт Монгол Улс гадаадад визгүй зорчдог болно гэдэг үлгэр. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог жамтай. Монгол хүн бүрийг гадныхан хулгайч, тонуулчид гэж харж байна.
Өнөөдрөөсөө халиагүй атга бодлын балгаар эх орноо ингэж л шившиглэж байна. Хэл нэвтрэхгүй ч Монгол гэхэд “Чингис хаан” хэмээн дуу алдан танимхайрдаг байсан гадныхан одоо бол Монгол гэхэд хулгайч гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирэх нь дамжиггүй.
Хил дамнасан хулгайчид харин хэрхэн нарийн аргаар хулгай хийснээ өөр хоорондоо саймшран ярьж, хулгайгаараа сайрхдаг гэнэ. Даанч ирээдүй хойчийнхоо өмнүүр баларшгүй хар мөр үлдээж байгаагаа ойлгох ухаан тэднээс гардаггүй нь харамсалтай. Тэд ажлаа хийж, түүгээрээ сайрхан, эх орон нь харин шившиг болсоор байх уу. Төр төмөр нүүрээ харуулж, ядаж л гадаадад хулгай хийсэн иргэнийг дахин хилийн дээс алхахыг хориглох ёстой. Аль эсвэл өөгшүүлж, өхөөрдөөд л байх уу.