ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ёс зүйгүй хотын орлогч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-21

Нэг үлгэр байдаг даа. Нэгэн эмэгтэй шинэ бугуйвч авчээ. Гэтэл бугуйвчийг нь хэн ч тоож харахгүй байж. Гэтэл гэрээ өөрөө шатааж байгаад, бугуйвчтай гараараа зааж, “Миний гэр шатаж байна” гэтэл шинэ бугуйвчийг нь хүмүүс анзаарчээ” гэсэн утгатай. Яг л тийм үйлдлийг хотын орлогч Д.Мөнхжаргал гэдэг эмэгтэй хийлээ гэж ойлголоо.  

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы  Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар буюу нэг орлогчоор нь томилогдоод,  маргааш түймэр гарч байгаа газар очоод, селфи хийв. Цаана íü айлын байшин шатаад, иргэдийн эд хөрөнгө сүйдэж байхад өөрийнхөө зургийг авч, фэйсбүүк хуудастаа оруулна гэдэг яав ч эрүүл саруул хүний хийх ажил биш. Тэр хотын даргын орлогч болсноо өнөөх үлгэр гардаг бугуйвчаа гайхуулдаг эмэгтэйн адилаар олонд зарлав.  

Ингэж “од” болохгүй ээ. Дараа нь “Би ажлаа хийж явсан. Туслахууд их ойроос зураг авчихсан нь селфи хийсэн юм шиг гарчихаж” гэж өөрийгөө өмөөрнө билээ. Хамгийн харамсалтай нь селфины гар нь нүдний шилэнд нь ойж харагдаад байгааг тооцсонгүй.  Ард иргэдээ дахиад л давхар давхар доромжлов.  

Сийрсэн малгайтай, гоёж гоодож түймрийн голомтод очиж ажил хийдэггүй юм аа.  Зөвхөн түймрийн үеэр ч селфи хийсэн юм биш. Маш олон газар элдвээр зургаа авахуулж, цахим хуудастаа оруулсныг нь цахим ертөнцөөр хангалттай дэлгэлээ. Иргэдийн төлөөлөгч учраас ажлаа хийж явсан л гэх байх. Бас туслахууд нь дандаа л зургийг нь аваад, фэйсбүүк хуудаст нь оруулчихдаг бололтой юм. Иргэд зовж байхад, ус алдаад хэцүү байгаагаа хэлж, ярьж байгаа үед гоёлын дээлтэй, өндөр өсгийттэй оччихоод, хажууд нь хүн юм хэлж байна гэж тоохгүй зураг авахуулж зогсохыг ажил хийх гэх үү.

Байшингийн дээвэр шалгаж байна гээд гоёлын даашинзтай, инээд алдаад зураг авахуулыг ажиллаж байна гэх юм уу.  Хаана ч, ямар ч газар очиж, иргэдийн аж амьдралтай танилцаж, ажлаа хийж болно. Иргэдийн төлөөлөгчийн хийх ажлын нэг мөн ч байж болох. Гэхдээ иргэд зовж байхад гоёж гоодож очоод, зураг авахуулж цахим хуудастаа байршуулаад байгааг чинь нөгөө талаас нь “өвчин” гэж харахаар байна.  Ийм хүнийг газрын хаанаас олж авчраад хотын орлогч, төслийн удирдагчаар тавьчихдаг байна аа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандаж хэлэхэд, селфичин орлогчдоо түймрийн үед өөрийнхөө зургийг авч, хүний зовлонгоор тохүү хийснийх нь төлөө чөлөөл. Үүнээс дээр ажиллачих хүн Монголоор дүүрэн байгаа.  Энэ хүн яаж ёс зүйгүй, увайгүй аашилж, ажил хийсэн нэртэй зураг авахуулж явдгийг дараах хэдхэн зурагнаас харахад хангалттай.