Бурхан энэ ертөнцөд амьдарч байгаа хүн болгоныг зэрэг хайрлаж амжихгүй болохоор бүсгүй хүнийг ээж болгож бидний ертөнцөд илгээсэн гэж би боддог. Ижий минь дэргэд байхад одод түгсэн тас харанхуй шөнө шаргал наран гийх шиг санагддаг. Жавар хургасан хүйтэн өдөр гал түүдэглэсэн мэт дулаахан, илчтэй санагддаг. Энгүй өргөн талаар ээж ээ гэж дуудаад, таныхаа л инээмсгэлэл, сайхан төрхийг зүрхэндээ мөнхийн мөнхөд хадгалмаар. Тийм л сайхан мэдрэмж, тийм л гоо дүртэй миний сайхан ээж. Хайрламаар, бахарахмаар тийм л сайхан жаргалын нар.
Хонгорхон насны томоогүй зандаа хөтлөгдөөд хэчнээн шөнө нойргүй хонуулсанаа охин нь ухаараагүй ээ ээж ээ. Өршөө охиноо. Ааштай, үглээ гэж охин нь заримдаа ширэв татдаг ч, миний л төлөө гэсэн сэтгэл тань тунгалаг хархан харцнаас нь мэдрэгддэг шүү ээж ээ. Охин нь мэднэ ýэ. Аашиллаа гэж харц буруулаагүй, авирлалаа гэж охиноо зэмлээгүй тийм л өр нинжин сэтгэлтэй дээ та минь. Өөрийнхөө хүүхдүүдийг тэгэж хайрладаг болохоороо түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд чин сэтгэлээсээ зүтгэдэг байх гэж бодож сууна.
Өглөө бүрийг таньтайгаа хамт угтдагч, сэтгэлийнхээ үгээ хэлдэггүйг минь уучилж хайрла. Залуу насны ааг омгоор уурлаж, дүрэлзсэн ч, хэзээ хойно ухаардаг мунхаг охиноо уучилж өршөө. Хар цагаан сүлэлдсэн адармаат амьдралын аргыг нь олох гэж бэдэрч явна àа, охин тань.
Хэн нэгэн хүн надаас “амьдралдаа авсан хамгийн том бэлэг юу вэ” гэж асуувал “энэхэн биед минь амьдрал бэлэглэсэн ээж минь” гэж бардам хэлнэ. Ээж ээ, охин нь тандаа үр нь болж ирсэн дээ хязгааргүй их баярладаг, бас хайртай гэж хэлээд ч барахааргүй тийм их ХАЙРТАЙ.