ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Давааням: 2000 цааны баяр “Содура” киноны зураг авалтыг хийсэн газар болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-12

Ирэх наймдугаар сард Хөвсгөл аймагт цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг таниулах зорилготой “2000 цааны баяр”-ыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулах гэж байгаа юм. Энэ талаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Ч.Даваанямаас тодрууллаа. 

-Энэ жил Хөвсгөл аймагт анх удаа “2000 цааны баяр”-ыг зохион байгуулах гээд Дархад, Цаатан гэлтгүй хөл хөдөлгөөн ихтэй байх шиг байна. Бэлтгэл ажил хэр явж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх наймдугаар сарын 16,17-ны өдрүүдэд цаачны наадам “2000 цааны баяр”-ыг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зохион байгуулах гэж байна. Энэ бол зөвхөн цаатан ардын наадам бус Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалыг татах улсын хэмжээний том наадам юм. Үүнтэй холбогдуулан орон нутагт 31 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мөн наадам зохион байгуулахтай  холбогдуулан БОАЖ-ын яаманд ажлын хэсэг байгуулсан. Ерөхийлөгчийн тамгын газар, харьяа яамдын төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн комисс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан дэд комисс байгуулсан. 2000 цааны наадмыг зохион байгуулахтай холбогдуулан өнгөрсөн намар Өвөр Монголын Хөлөн буйрын цаатнуудтай очиж уулзсан. Арваннэгдүгээр сард Цагааннуур сумын цаатан иргэд ОХУ-д амьдардаг ах, дүү хамаатан садантайгаа уулзах аялалыг зохион байгууллаа. Мөн Норвеги Улсад байрлах дэлхийн цаа бугын холбооны хуралд оролцож, 2000 цааны наадам зохион байгуулах тухай асуудлыг оруулсан байгаа. Мөн тус наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Якутын “Цаачдын зөвлөл”-төй хамтран ажиллаж байна. Энэ мэт гадаад харилцааны хүрээнд томоохон ажлуудыг зохион байгуулж байнаа. Улсын хэмжээний том наадам учраас хамгийн гол асуудал нь төсөв хөрөнгө. Энэ талаар дэмжлэг үзүүлж байгаа хэд хэдэн байгууллага байна. Тухайлбал, Турк улсын Улаанбаатар дахь  “Тика” байгууллагаас цаатны баяраар өмсөх 330 ширхэг үндэсний хувцсыг оёулан одоогоос 10 гаруй хоногийн өмнө хүлээлгэн өглөө.

-Наадмыг зохион байгуулахад хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай байгаа вэ. Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Бид 185 сая төгрөгийн төсвийг анх гаргасан юм. Орон нутгийн хөгжлийн сангаас сургууль, цэцэрлэг, замын засвар зэрэг тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдээд явж байгаа. Үүнээс гадна 110.9 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Үүнийг бид комиссын хуралд танилцууллаа. Яамдын зүгээс 35 орчим сая төгрөгийн санхүүжилт шийдэхээр болсон. Мөн манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын гишүүд санхүүжилтийн асуудалд анхаарч, яам тамгын газарт уламжилъя гэдгээ илэрхийлсэн. Цааны наадмыг угтан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 2349 цаанд тавдугаар сард багтаан цааны өвчлөлийг оношилж, эмчлэх мэргэжлийн ажлын хэсэг гарган ажиллуулахаар болсон. 2018 оны тооллогоор 2349 цаа бүртгэгдсэн. Жилд 160-170 мянд /эм цаа/ төллөж байна. Үүнээс 130 орчим янзага л эсэн мэнд бойжиж байгаа юм. Бусад нь чоно нохойд бариулахаас эхлээд хорогдол ихтэй. Ботгонд урамшуулал олгож болж байгаа юм яагаад цааны янзаганд урамшуулал олгож болохгүй гэж. Янзага бүрт урамшуулал олгодог болвол жилээс жилд цөөрөөд байгаа цаа бугын тоо толгой өснө. Ингэвэл жилдээ 230-250 мянд төллөхөд багадаа 200 гаруй янзага бойжих боломжтой. Мэдээж энэ тоо жил ирэх тусам өснө гэсэн үг. Тиймээс энэ талаар төрөөс анхаарах цаг нь болсон. 

-“2000 цааны баяр”-аар цаатан түмний ёс заншил, ахуйг сонирхох дотоод гадаадын жуулчдын урсгал мэдээж ихэснэ. Наадмаар зочид, жуулчдад зориулсан ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ. Хөтөлбөр нь гарсан уу?

-Наадмын хөтөлбөр үндсэндээ гарчихсан. Нийт 14 төрлийн гол үйл ажиллагаа зохион байгуулах юм. Энэ наадмын гол зорилго нь бидний нэрлэж заншсанаар цаатан иргэд буюу тува иргэдийн аж амьдрал, ёс заншил, соёлыг олон нийтэд таниулах, үүгээр дамжуулан аялал жуулчлалыг татах юм. Тиймээс наадмын хоёр өдөр нэг ч Монгол наадгай зохион байгуулахгүй. Зөвхөн Тува буюу цаатан ардын уламжлалт наадгай, зан үйлийг харуулсан үйл ажиллагааг зохион байгуулна. Тэгэхээр наадам тэр чигтээ Тувагийн зан үйл, уламжлалыг харуулахад чиглэнэ гэсэн үг. Тухайлбал, эрчүүдийн дунд “гец салор” буюу модны үзүүрээс самар шидүүлэх тэмцээн, цүү хаях, төрөл бүрийн хурд, хүчний тэмцээн, уралдаан гээд маш олон сонирхолтой үзүүлбэрүүдийг зохион байгуулна. Мөн ураг барилдах зэрэг бусад өвөрмөц зан үйлийн шинжтэй үзвэрүүдийг үзүүлнэ. Энд тува бөөгийн шидийг харуулах үзвэрүүд ч багтаж байгаа. Голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулах, нүүдэл буухиа гээд маш олон үйл ажиллагаа зохион байгуулна. Зочдод тайгын үзэсгэлэн байгаль, өвөрмөц тогтоцыг харах боломжийг бүрдүүлэх зорилгоор наадмыг Цагааннуур сумын төвөөс 35 километрийн зайд байрлах, “Содура” киноны зургийг авсан Харнуур гэх газар зохион байгуулна. Наадамд Тувагийн Ерөнхийлөгч болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар оролцох юм. Зөвхөн Тувагаас л гэхэд 300 орчим хүн ирнэ. 

-Цаатан иргэд дэлхийн хэд хэдэн оронд тархан суурьшсан байдаг юм билээ. Цааны наадмаар гадны орнуудын цаатан иргэдийн оролцоо хэр байх вэ. Орон орны цаатнуудын аж амьдрал сонин байх?

-Одоогийн байдлаар бол урилгын түвшинд явж байна. Дэлхий дээр цаа маллан амьдарч байгаа үндсэн таван орон байдаг. 1000 орчим цаатай цөөхөн хэдэн цаатан гаралтай хүмүүс амьдардаг орныг тооцвол 10 гаруй улс байна. Эдгээр улсуудаас төлөөлөл ирнэ. Тува болон Норвегийн драммын театрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Тува үндэстний ёс заншлыг харуулсан тоглолт зохион байгуулж, ирэх юм. 

-Цаатан иргэд Монгол Улсад хэдий үеэс суурьшсан юм бэ? 

-Анх 1954-1957 оны хооронд Тувагийн иргэд Монгол Улсад орж ирсэн байдаг. Ингэхдээ замын ая даахааргүй настайчууд болон сургуульд сурч байсан хүүхдээ Тувад сургуулийн дотуур байранд орхиод дүрвэж ирж байсан гэдэг юм. Монголд орж ирсний дараахан хилийн зурвас татагдсан. Ингээд 1957-1958 оны үед хулгайгаар явж, Тувад орхисон үр хүүхдээ авчирсан байдаг. Манай сумын цаатнуудын ах дүү нар нь Тувад байдаг. Сүүлийн хэдэн жил Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цаатан иргэдийг ах дүү нартай нь уулзуулах ажлыг зохион байгуулж байгаа. Тувагийн Ерөнхийлөгч мах цусны минь тасархай гээд маш элэгсэг дотноор хүлээн авдаг. Тийм ч учраас ОХУ-ын Кизил зэрэг хотуудад цаатан хүүхдийг 100 тэтгэлгээр сургадаг. 

-Цагааннуурт хэчнээн цаатан иргэд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 750 гаруй цэвэр цаатан иргэд амьдарч байна. Үүнээс гадна дархад иргэдтэй гэр бүл болсон иргэд ч олон бий.