ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргааш энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлнэ

O.Admin
2019-05-27

Жил бүрийн тавдугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхитэй оролцож 2002 оноос хойш давхардсан тоогоор 17000 орчим "цэнхэр дуулгатан"-г энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна. 

Анх 1948 онд Араб Израйлын хоооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2002 оны 57/129 тогтоолоор тавдугаар сарын 29-ны өдрийг НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ. 

“Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад манай улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 140-р тогтоолоор баталгаажуулсан байдаг. 
 

Энэ жил НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг “энгийн иргэдийг хамгаалах, энхийг хамгаалах” гэсэн уриан дор зохион байгуулахаар НҮБ-аас уриалж байгаа юм. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн хүрээнд 21 аймаг есөн дүүргийн ЕБС-иудад "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" сурталчилгааны аяныг өрнүүлсэн юм.

Ийнхүү өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт болж өндөрлөлөө. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат нар болон БХЯ, ЗХЖШ- ын удирдлагууд оролцов. Мөн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны хүрээнд оролцсон үйл явдлуудыг түүвэрлэн олон сонирхолтой гэрэл зураг, мэдээллийн самбар бүхий үзэсгэлэн гаргасан нь зочид төлөөлөгчдийн анхаарлыг татаж байсан юм. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шилдэг энхийг сахиулагчдыг алдаршуулж дурсгалын зүйлс гардууллаа. 

Түүнчлэн маргааш “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”2019 оны тавдугаар сарын 29-нд /Лхагва гараг/ 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборын шав тавих ёслол, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах үйл хэргийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Г.Рагчаа агсны хөшөөнд цэцэг өргөх зэрэг арга хэмжээ болно.