ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэцүяа Иший: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хүүхдээс тусгаарлах ёсгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-28

“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдагч Тэцүяа Ишийтай ярилцлаа. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах төсөл манай улсад хэрэгжээд дөрөв дэх жилдээ орж байгаа юм байна. Энэ хугацаанд гарсан үр дүн юу байна вэ? 

-Юуны түрүүнд энэ бол Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа зөвхөн нэг төсөл гэдгийг хэлэх ёстой. Тиймээс цаг хугацаа болоод хүн хүчний хувьд хийж чадах зүйл хэмжээ хязгаартай гэсэн үг. Бид Монгол Улсын бүх хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд хүрч ажиллаж мэдээж чадахгүй. Тэр утгаараа өндөр хөгжилтэй орнуудад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хэрхэн, яаж дэмждэг үзүүлдэг вэ гэдгийг судалж, үүний загварыг Монголын хөрсөнд буусан, монгол хүний онцлогт тохирсон байдлаар боловсруулж гаргахын тулд ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн болоод боловсролын дэмжлэг, тусламж ямар тогтолцоогоор явж ирсэн бэ. Үүнийг яаж сайжруулж болох, юу нь илүү үр дүнтэй вэ гэдгийг тайлбарлая. Тухайлбал, хүүхэд бүрт байдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр байна. Энэ дэвтэр Монгол Улсад байдаг уу гэвэл байдаг. Ашиглаж эхлээд удаж байгаа. Гэвч энэ дэвтрийг бүрэн дүүрэн ашиглахгүй байна. Зөвхөн хүүхдийн өндөр, биеийн жингийн хэмжээг тэмдэглэх, эмийн жор бичихээс хэтрэхгүй байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн зөвхөн өсөлт талаас нь ашиглаж байна гэсэн үг. Гэтэл энэ дэвтэр бол хүүхдийн өсөлт бойжилтоос гадна хамгийн гол нь хөгжлийг хянаж байдаг гол хэрэгсэл юм. Бие мах бод нь хэвийн хэмжээнд өсөлттэй байна уу гэдгээс гадна тухайн хүүхэд юу хийж чадах вэ, оюуны чадамж нь ямар байгааг хянадаг.

Энэ дэвтрийг зохих ёсоор нь хөтөлбөл, хүүхдийн хөгжлийн доголдлыг цаг алдалгүй эрт илрүүлэх бүрэн боломжтой. Гол зориулалт нь ч тийм. Гэвч Монгол эмч нар тэгж ашигладаггүй юм билээ. Эх жирэмсэн болсон цагаас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвд хяналтад ордог. Жирэмснээс эхлээд хүүхдийн өсөлт бойжилтыг хянадаг. Энд төслийн хүрээнд шинээр нэмэгдсэн нэг зүйл нь 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл 18 сар хүрсэн хүүхдэд хөгжлийн ямар нэг асуудал байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлж, эрт илрүүлэхийн тулд энэ үзлэгийг зохион байгуулдаг болж байна гэсэн үг. Эндээс хөгжлийн ямар нэг бэрхшээл илэрсэн бол эрүүл мэндийн байгууллага, сэргээн засах эмчилгээний байгууллагад хандана. Гэхдээ хөнгөн хэлбэрийн хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд эмнэлгийн зүгээс үзүүлэх туслалцаа бага. Тэгвэл хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэнд хандах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Эдгээр хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид “Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулсан. Энэ нь ээж нь хүүхэдтэйгээ хамт хөтөлбөрт хамрагдан, хөгжлийг нь нөхөх зорилготой хөтөлбөр. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд эхлээд салбар комисст хандах шаардлагатай. Салбар комисс нь Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд бий. Ингээд бага зэргийн хоцрогдлоо нөхөж авсан хүүхэд цэцэрлэгт орох шаардлагатай болно. Энд кэйс хэлэлцүүлэг гэж бий.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй нь илэрсэн хүүхдүүдэд ямар дэмжлэгийг хаана үзүүлж болох вэ гэдгийг тогтоож өгөх үүрэгтэй байгууллага. Хөгжлийн бэрхшээлийн хүнд, хөнгөнөөс шалтгаалан тухайн хүүхдэд шууд тийшээ оч гэж хэлж чадахгүй байгаа тохиолдолд кэйс хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Зөвхөн тэр хүүхдийн тухай хэлэлцдэг гэсэн үг. Хэрэв Салбар комисс дангаараа шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдолд бусад байгууллагаас зөвлөгөө авч, ярилцаж байж тухайн хүүхдэд ямар дэмжлэг шаардлагатай вэ гэдгийг тогтоодог. Цэцэрлэгт явсан хүүхэд сургуульд орно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд орж байгаа учраас мөн л дэмжлэг хэрэгтэй. Энд “Сургуулийн дэмжлэгийн баг”-ийг багш нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, тухайн хүүхдүүдтэй ажиллах ёстой юм. Мөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гэж байх ёстой. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахын тулд зөвхөн тухайн хүүхдэд зориулсан, тэр хүүхдийн онцлогийг шингээсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулдаг. Үүнээс гадна Хүүхэд хөгжлийн төв гэж сургууль болгонд байдаг.  Ийм гурван гарцаар дамжуулан бага сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ тогтолцооны загварын дагуу хүүхэд эрүүл мэнд болон боловсролын дэмжлэг аваад явах боломжтой юм. Тооцоо судалгаа, олон улсын сайн туршлагад үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн болоод боловсролын тусламж үзүүлэх бүтэц, схемийг гаргасан нь бидний төслийн том үр дүн гэх харж байна. 

-Төслийн хүрээнд хөгжл­ийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн сур­гах талаар бүтцийг тодорхойлоод гаргаад ирж. Гэтэл манай улсын сургуулиуд, тэр дундаа тусгай сургуулиуд яг энэ бүтцээр ажиллаж чадаж байна уу?

-Тусгай сургууль Улаан­баатар хотод л байхаас биш орон нутагт байхгүй. Улаанбаатар хотын хувьд, тухайн сургуулийн захирлын хандлагаас болоод хүндрэл их гардаг юм билээ. Жишээлбэл, танай хүүхдийг сургахад хэцүү байна, энгийн хүүхдүүдийн эцэг эх эсэргүүцэж байна. Тиймээс тусгай сургууль руу явуул гэсэн хандлагыг ердийн сургуулийн захирлууд гаргадаг.  Улаанбаатар хотын хувьд энгийн сургуульд тухайн хүүхдийг авахгүй гэсэн ч тусгай сургууль байна. Боломжтой нь энгийн сургуульд явж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай сургуульдаа явж болж байна. Гэтэл орон нутгийн хүүхдүүдэд тийм боломж байхгүй. Тухайлбал, манай төсөл хэрэгждэг Хөвсгөл аймагт л гэхэд тусгай сургууль гэж байхгүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд орохоос өөр сонголтгүй. Тиймээс хамгийн гол асуудал хандлага, ойлголтыг дээшлүүлэх хэрэгтэй юм. Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүдийн суралцах эрхийг хуулиар хамгаалсан байгаа шүү дээ. Ердийн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахаас өөр арга байхгүй. Хүлээж авахын тулд тэдгээр хүүхэдтэй ажиллах багш, сургалтын орчныг бэлтгэх гээд олон асуудлыг шийдвэрлэх шаард­лагатай болдог гэсэн үг. Тэгэхээр одоогоор Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах, тэдний эрүүл мэнд боловсролыг дэмжих бодлого нь учир дутагдалтай гэж харж байгаа. 

-Тусгай хэрэгцээт болов­с­ролын багш нарын болов­сон хүчний асуудал хэр байна гэж харж байгаа вэ?

-Манай төсөл хэрэгжсэн туршилтын сургуулиуд байна. Энд ердийн 10 сургууль бий. Үүний найм нь Улаанбаатарт, хоёр нь Хөвсгөл аймагт байдаг. Туршилтын сургууль гэж нэрлээд байгаа нь төслийн үйл ажиллагааг туршиж, хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Эдгээр сургуулиудад сургуульд болж байгаа үйл ажиллагаанд илүү сайн оролцдог, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй багш нар мэдээж байна. Эдгээр багш нарын хувьд тусгай хэрэгцээт боловсролын талаар илүү сайн ойлголттой, хүүхэдтэй ажиллах арга барил, ур чадвар нь дээшилсэн байна уу гэвэл учир дутагдалтай. Ер нь бол тусгай хэрэгцээт боловсрол олгох багшийг тусгайлан бэлтгэдэг. Миний ажигласнаар сургуулиудад тусгай хэрэгцээт боловс­ролын мэргэжлийн багш дутмаг гэж дүгнэсэн. Гэхдээ их, дээд сургуулиудад бэлтгэж байгаа юм билээ. Тэгэхээр төсөл хэрэгжиж байгаа сургуулиудад нөхцөл байдал ийм байхад төсөл хэрэгжээгүй буюу туршилтын бус сургуулиудад үүнээс хүнд байдалтай байгаа гэсэн үг. Тусгай хэрэгцээт боловсролын мэдлэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, ур чадвартай багш маш цөөхөн байна. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийг тусад нь байлгах нь тэдгээр хүүхдүүдийг ялгаварлан тусгаарлаж байгаа учраас энэ нь буруу гэх хандлага байдаг юм билээ. Ингэж тусгаарлах нь ер нь хэр зөв жишиг юм бэ. Олон Улсад үүнийг юу гэж дүгнэдэг юм бол?

-Хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн эцэг эх, болон тэдний эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд үүнийг эсэргүүцдэг. Үнэн хэрэгтээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдээс тусгаарлаж байна гэсэн үг шүү дээ. Олон улсад ч энэ жишгийг сайшаахгүй болсон. Монгол Улсын Засгийн газар тусгай сургууль нэмж барихгүй гэсэн бодлогыг баримталж байгаа юм билээ. Ингэснээр улсын хэмжээнд байгаа зургаан тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд сурах боломжгүй. Тэгэхээр энэ хүүхдүүд ердийн сургууль руу явахаас өөр аргагүй болно. Тийм учраас ердийн сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүл­ээж аваач гэсэн хандлагыг бий болгохыг зорьж байна. Олон Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн хүмүүсийн дунд ажиллаж амьдрах ёстой. Тийм эрхтэй гэдэг талаас нь хардаг болсон. Хэдий тийм боловч нэгэнт барьчихсан байгаа тусгай сургуулиудад зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг сургаж, бусдыг нь ердийн сургуульд сургах нь зөв гэсэн бодлого баримталдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай сургуульд сурч, энгийн хүүхдээс тусгаарлагдсан ч гэсэн амьдрал дээр гараад энгийн хүмүүсийн дунд ажиллаж амьдрах шаардлагатай болдог. Тэгэхээр энгийн хүүхдээс тусгаарлах нь тухайн хүүхдийн хөгжил, төлөвшлийг чөдөрлөх сөрөг талтай.