ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Амирда: Аав минь ирсэн болохоор энэ жилийн баяр бүр ч сайхан

Ц.ЭНХТҮВШИН
2019-05-31

Энэ  хүүг Г.Амирда гэдэг. Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч. Амирда хүү эгэл жирийн айлын эгэл жирийн л хүү. Тэр бусдын адил хичээлдээ явж, ээж, эмээдээ туслан дүүгээ халамжилж, үе тэнгийн үеэл ах дүү хоёртойгоо сайдахдаа сайдаж муудахдаа муудаж өдөр бүрийг хөгжилтэй өнгөрүүлдэг.  

Түүнтэй уулзаж, удахгүй болох хүүхдийн баяраар ямар бэлэг авахыг хүсдэг вэ гэж асуухад минь “Надад бэлэг чухал биш байна. Аавыгаа л ирүүлмээр байна. Аавыгаа үнэхээр их санаж байна” гэсэн. Ингэж хэлэхдээ түүний нүд гунигтай байсан.

Харин сонины дугаар буухын өмнөхөн аавыг нь ирсэн гэж мэдсэн болохоор түүнтэй уулзаж өмнөх асуултаа асуухад минь  “Миний аав ирчихсэн. Одоо бол харин бэлэг авна шүү. Болдог бол гар утас бэлгэнд авмаар байна. Samsuns S7 гэдэг утас” гэсээр дуу нь цовоо, нүд нь гэрэлтэй байлаа. Тийм дээ, хүүхэд гэж хөөрхөн амьтан аав, ээжтэйгээ элэг бүтэн байхад л бүх зүйл дүүрнэ.

Аав, ээж нь алсад ажиллаж, сурч, амьдарч буй мянга мянган хүүхдийн ганц л хүсэл аав ээжтэйгээ хамтдаа байх. Харин хамтдаа байгаа хүүхдүүд нь өөр өөрийн хүссэнийг аав, ээжээсээ хүсч, хүслээ биелүүлэхийг мөрөөдөнө. Мөрөөдсөнөө харин нэхнэ. Амирда хүү өнөөдөр маш их баяртай байна. Тиймээс түүнтэй энгийн байдлаар ярилцаж өдөр тутмынх нь амьдрал, хүсэл, мөрөөдөл гээд олон зүйлийг нь илүү сайн сонсож авлаа.

Амирда аавыгаа иртэл үеэл ах дүү хоёрынхоо гэрт амьдарч байсан. Аавынх нь эзгүйд нагац эмээ нь тэднийг хичээл сургуульд нь зөөх, хичээлийг нь заах гээд ээжид нь тусалдаг. Амирдагийн нэг өдөр өглөө сэрээд цайгаа уугаад хувцсаа өмсөөд хичээлдээ явахаас эхэлнэ. Ангидаа олуулаа.Ангийнх нь эрэгтэй эмэгтэй сурагчийн тоо бараг л тэнцдэг гэнэ.

Ангийн хамгийн сайн найз нь Д.Мөнхжингэж хүү бий. Амирда хүү Эрхэс, Бархас, Ирмүүн, Ананд,Билгүүнзаяа, Амин-Эрдэнэ,Сондор,Нинжин  гээд олон дүүтэй ч жинхэнэ төрсөн дүүг нь Анар гэдэг. Анар дүү нь сургуульд ч ороогүй юм байж хамаг зүйлийг булууцалдаж, барьцдаг нь заримдаа таалагддаггүй гэнэ. Тэр хамт амьдардаг ах дүү хоёр үеэлтэйгээ өдрийн хэд сайдаж мууддаг. Багадаа гайгүй байсан, одоо томрох тусмаа л хэрүүл тасардаггүй тухайгаа ярив. Чухам юунаас бол “муудалцаад байна вэ” гэхэд минь:

-​Хэрүүлийн санаа олон байна гэнэ. Жишээ нь гэхэд: Тоглоомноосоо болно, хичээлээсээ болно, бас хувцаснаасаа болно. За тэгээд хамгийн гол нь хоолноос болно доо гэж хэзээ язааны том залуу шиг хэлэхэд нь инээд хүрсэн ч тэр байдлаа мэдэгдэхгүйг хичээн яг энэ маргаануудаа тус тусад нь тайлбарлаж болох уу гэхэд минь тэрээр хэсэг чимээгүй сууж байснаа 1-д тоглож байгаад сайдаж мууддаг. Би хожигдох дургүй. Мэдээж Эсэн/ үеэл ах нь/ бас дургүй. Ингээд л маргана. 

За даа бусад нь ч яахав дээ. Харин тэр хоол бол манай эмээ бид дөрвийн аяганд яг адилхан хоол хийсэн байхад л яагаад ч юм бэ хэн нэг нь миний тавганд хэдэн бууз, банш, мах  орж вэ? Чиний тавганд хэд орж вэ гээд л маргалдаж эхэлдэг юм гэлээ. Муу байна даа, тун муу байна гэхэд минь “Том хүмүүс хэлэхэд ч амархан л байх. Хүүхдүүд бид чинь та нараас өөр” гэлээ. Нээрээ л тийм дээ. Хичээлээс бус цагаар юу хийж байна даа гэсэн асуултанд тэрээр нэлээд цааргалангуйгаар “Тоглох дуртай. Сагс, шоо, шатар бас дээр нь утас олдвол папжи тоглох дуртай. Даанч манай гэрийн том хүмүүс утсаа харамлаад өгдөггүй. Тэд биднийг ном унш л гэж хэлдэг дээ” гэлээ.

-​ Ном гэснээс сүүлийн үед ямар ном уншсан бэ?

-​Харри Потерын нэг цувралыг уншсан. Одоо Пиноккио уншиж байна.

-​Шоо тоглодог гэж байсан, ямар шоо вэ?

-​Би Рубкын шоогоор анх эвлүүлж сурсан. Одоо зургаан төрлийн шоо эвлүүлдэг. Гэхдээ үргэлж тоглоод байдаггүй. Нэг зүйлээр удаан тоглох уйтгартай. Тиймээс уйдсан үедээ шатар тоглодог.

-​Шатар анх хэн зааж өгсөн бэ?

-​Өвөө заасан. Гэхдээ миний үеэл ах Б.Эсэн их сайн тоглодог. Бид хоёр шатар тоглож байгаад л хожил дээрээ муудалцдаг гэсээр тэрээр яриаг таслан шууд босч явлаа.

 

Амирда бол тийм ч их дуу шуутай хүүхэд биш. Түүнтэй ярилцаж тэмдэглэл хөтөлнө гэдэг хэдэн өдрийн ажил, нэлээд хугацааны ажиглалт. Тэр хэсэг ярьж суугаад босч явснаа сагсны шийд рүү бөмбөг шидэж буй мэт байдал байнга үзүүлнэ. Хүү сагс тоглох дуртай юм.  Түүнийг гадаа дагаж гараад сагсны талбайд сагс тоглуулчих хүн байхгүй учир тэр бүрийд гарч тоглоод байж чаддаггүй. Гэртээ хоёр үеэлтэйгээ тоглох үед доод айл паараа нүдэж магад. “ Гэр буулгаад хаях нь “ хэмээн эмээ нь хамаг бөмбөгийг нь нуусан тул хөвгүүд гэртээ байх үедээ оймснуудаа бөөрөнхийлөн бөмбөг хийж сагс тоглодог юм байна. 

-​Удахгүй зуны амралт эхлэх нь дээ. Амралтаа хэрхэн өнгөрүүлэх гэж байна? 

-​Авга эмээ, өвөө хоёрындоо очиж ногоо тарихад нь туслах байхдаа. Аав хаана байна, тэнд л аавтайгаа хамт байна даа гэх тэрээр аавыгаа үнэхээр их санажээ. Ээжийнхээ тухай яриач гэхэд минь “ Ээж үү, ээж  яах вэ. Ажил ихтэй, их сургуулийн багш хүн. Ээж маань их л ядарч байх шиг байна. Гэртээ ч амардаггүй, ажлаа хийгээд л суудаг юм. Аав гадаадад, ээж ажилтай байдаг. Бид ч эмээ маань байгаагүй бол балрах байсан даа”  гэсээр тоглохоор нь  “дарамталдаг” гэх нагац эмээдээ маш их хайртай гэнэ. Ойрд тэр эмээ нь жаахан өвдсөнд бас Амирда хүүгийн санаа зовжээ. Нэг удаа эмээгээрээ захиа бичүүлж аваад ойролцоох эмийн сан руу очиж эмээдээ өвчин намдаах эмийг нь авчирч өгсөн тухай түүний нагац эмээ бас талархан ярив.Амирдаа бид хоёр ирээдүйн мэргэжилийн талаар, том  болоод ямар хүн болох тухай гээд олон зүйлийг оочин цоочин ярьсан. Нагац эмээ нь инженер болгох тухай, авга эмээ нь цэргийн дарга болгох тухай, өвөө нь тагнуул болгох тухай гээд томчууд түүний ирээдүйн тухай өмнөөс нь мөрөөддөгт Амирда үнэхээр их гайхдаг гэнэ. Ямартаа ч тэр одоогоор мэргэжлээ сонгоогүй, тэр талаар бодоо ч үгүй байгаа тухайгаа хэлэв. Амирдагийн хийх дуртай бас нэг зүйл нь зураг зурах. Дахиад бас нэг зүйл байдаг нь усанд сэлэх гэнэ. Нэг удаа аав дээрээ очиж Япон тэнгист зунжин сэлсэн гэнэ. “Тэнгис биш байх. Яагаад гэвэл ус нь давстай байсан гэнэ. Далайн ус давстай байдаг” тухай  “Хүн орчин” гэдэг хичээл дээрээ үзсэн тухай ярьж байна. Даанч сургууль дээр нь байдаг бассейнд хүүхэд болгон сэлж болдоггүй нь тиймхэн байдаг тухай ярина билээ.  Ямартаа ч Амирда хүүгийн аав нь гэртээ ирсэн болохоор энэ жилийн хүүхдийн баяр хамгийн сайхан болох нь ээ.