ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Содбаатар: Улс нэг тойрог болбол улсын хэмжээний лидерүүд гарч ирнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-05

Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн хуульд орж байгаа гол өөрчлөлтүүд юу вэ. Хуулийг өргөн барихад бэлэн болсон гэж ойлгож болох уу?

-АН эрх барьж байх үед гурван шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулах хуулийг баталсан байдаг. 2016, 2017 онд болсон сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулсан. СЕХ-ноос нэг хуулиар гурван сонгуулийг зохицуулах нь хуулийн хувьд маш их зөрчил гарч байна. Тиймээс орон нутгийн, Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулиуд тус бүр хуультай байх нь зүйтэй гэсэн санал гарсан юм. Үүний дагуу сонгуулийн хуулийг боловсруулж өргөн барих ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга  Л.Энх-Амгалангаар ахлуулж байгуулсан. Ажлын хэсэгт парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон. Ажлын хэсэг СЕХ-той ярьж байгаад орон нутгийн, Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг боловсруулж гаргахаар бэлтгэж байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн. Энэ долоо хоногт Засгийн газраас санал аваад эдгээр гурван хуулийг өргөн барихаар бэлтгэж байна.

-Улс нэг тойрог болох асуудал яригдаж байгаа. Нэг тойрогтой байснаар сонгогчдод ямар ашигтай юм бэ?

-Сонгуулийн тогтолцоо пропорцио­налиар явахыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хориглосон. Тиймээс бид 76 жижиг тойргоор явдаг одоогийн тогтолцоо, эсвэл томсгосон мажоритар систем буюу аймаг нэг тойрог болдог системээр 2008, 2012 онуудад явуулж үзсэн юм. Энэ удаа улс нэг тойрог байвал яасан юм бэ гэсэн тогтолцоог санал болгож байгаа. Сонгуулийн тогтолцоо болгон сайн, муу талтай. Өнөөдөр Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд улс нэг тойрог гэсэн тогтолцоо илүү нийцтэй. Ялангуяа улсын хөгжлийн томоохон бодлогуудын хэрэгжилтүүд удаашралтай, улстөржилт ихтэй байгаа ийм үед энэ тогтолцоо маш хэрэгтэй. Нөгөө талдаа бид хязгаарлагдмал нөөцийг хэрэгжүүлж байна. Төсвийн хязгаарлагдмал нөөцтэй байгаа ийм үед чиглэсэн бодлого руугаа, хөгжлийн тодорхой төлөвлөсөн зүйлдээ хөрөнгө мөнгөнийхөө хүчийг төвлөрүүлэх ёстой. Гэтэл 76 жижиг тойргоор сонгогдсон парламент төсөв хэлэлцэх үед төсвийг 76 хувааж, өөр өөрийн тойрогтоо татдаг. Энэ нь эргээд төсвийг зөв зарцуулах, үр ашигтай байх талд тийм ч оновчтой хувилбар биш. Улс нэг тойрог болвол улсын хэмжээний лидерүүд сонгогдож гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Тиймээс жалга довны үзлээр биш улсын хөгжлийн том бодлогын хэрэгжилтэд нэлээд дөхөм болох юм. Мөн улс нэг тойргоор  сонгуулийг зохион байгуулах нь иргэдэд сонголтыг өгч байгаа юм. Сүүлийн үед сонгуулийн ирц эрс муудаж байгаа.

Ирц муудаад байгаа шалтгааныг судалж үзэхэд иргэд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой юм билээ. Өөрийнх нь дэмжиж байгаа хүн нэр дэвшигчдийн дунд байхгүй болохоор сонгуульд оролцохгүй байх тал их байдаг юм байна. Тэгэхээр улсын хэмжээнд нэр дэвших бүхий л хүмүүсээс сонголтоо хийх давуу талыг сонгогчдод олгож байгаа юм. Түүнээс гадна энэ тогтолцоогоор сонгогдсон бол салбарын бодлого, нийгмийн том асуудлуудаар улстөрчид мэргэших талруугаа орно. Хүүхдийн эрхийг хамгаалдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг ярьдаг, хөдөө аж ахуйн салбар, цэрэг хүчин, байгаль орчны асуудлыг ярьдаг зэрэг улстөрчид мэргэших боломжтой юм. Тойргийн эрх ашиг гэхээсээ илүү салбарын эрх ашиг, томоохон бодлого ярьдаг улс төрчид цаашид төлөвших давуу талтай. Улс нэг тойрог байх нь 76 жижиг тойргийг бодвол сонгогчидтойгоо тулж уулзах боломжгүй байх сул талтай байж магадгүй. 76 тойрог нэр дэвшигчид тойргийнхоо сонгогчидтой биечлэн уулзах боломжтой гэдгээрээ давуу талтай. Тэгэхээр давуу тал ч бий сул тал ч байхыг үгүйсгэхгүй. Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгах чиглэлд л гарах ёстой. Олон жил сонгуулийн хууль яриад ирэхээр намууд өөртөө ашигтай байдлаар, улс төрчид өөрийнхөө эрх ашгийг хамгаалах талаар илүү яриад сонгогчдын эрх ашгийг орхигдуулчихаад байдаг. Энэ удаа бид ярьж байгаад сонгогчдын эрх ашиг аль талд нь илүү байна вэ тэр талд нь хуулиа гаргах нь зүйтэй юм. Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх ашгийг хамгаалах, сонгогчид төлөөллийн ардчиллаар дамжуулж төрийн эрх барих үндсэн механизм юм. Тиймээс энэ талыг нь түлхүү харж энэ хуулийг оруулж ирж байгаа юм. 

-Саналын дүнг яаж гаргах вэ гэдэг нь нэлээд ойлгомжгүй байна. Санал тэнцсэн тохиолдолд яана гэсэн үг вэ?

-Саналын дүнг хэрхэн гаргах вэ гэдэгт хэд хэдэн хувилбарууд ярьж байгаа. Нэгдүгээрт улсын хэмжээнд хамгийн их санал авсан эхний 76 хүнийг жагсаагаад оруулж болно. Эсвэл тухайн намын авсан бүх саналыг нэгтгээд, тэр нам авсан суудлууддаа хүмүүсээ сонгоод оруулж болно. Би бол нэр дэвшигчид ард түмнээс авсан жагсаалтаараа яваасай л гэж бодож байгаа. Ер нь улс нэг тойргоор сонгуулийг зохион байгуулна гэвэл дүнгээ яаж гаргах вэ гэдгийг маш нухацтай ярих ёстой. 

-Улс нэг тойргоор явна гэвэл олонд танигдаж амжаагүй шинэ залуу үеийнхэн УИХ-д сонгогдох боломжгүй болно гэж гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрийгөө олон нийтэд таниулах гол зүйл бол сонгуулийн сурталчилгаа шүү дээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаанд хэвлэлийн хуудас заагаад өгчихдөг. Хэрэв улс нэг тойрог байдлаар явах бол шинэ нэр дэвшигчдийг иргэдэд таниулахын тулд хэвлэлийн хуудсыг хязгаарлахгүй байх ёстой юм биш үү. Үүнийг энэ хуулиар зохицуулсан уу?

-Энэ удаагийн сонгуулийн хуулийн төслийн хүрээнд бид хоёр хувилбарыг ярьсан. Ер нь бол одоо байгаа хувилбараар нь буюу нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд хэвлэлийн хуудас заадаг хэвээр нь байлгая гэсэн саналтай байгаа. Гол нь сонгуулийн зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэгт ач холбогдол өгч байгаа юм. Манайд болж байгаа улс төрийн сонгуулиуд харьцангүй зардал өндөртэй. Үүнээс үүдэн өндөр боловсролтой, төрд хэрэгтэй хүмүүс хууль тогтоох байгууллагад орж ирж чадахгүй байх тал бий. Тиймээс сонгуулийн зардлыг бууруулах асуудал бол чухал асуудлын нэг яалт ч үгүй мөн. Сонгуулийн зардлыг бууруулсан гадны орнуудын туршлагуудыг судалж байна. Зарим улсад тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн сурталчилгааг улсаас мөнгө гаргаад нэгдсэн сурталчилгааны материал хэвлэчихдэг. Энэ жишиг боломжийн юм уу гэж харж байгаа. Ингэснээр хэн их мөнгөтэй нь сурталчилгаагаа сайн хийж, чадвартай ч мөнгөгүй бол хууль тогтоох байгууллагад орж ирж чадахгүй байгаа асуудал шийдэгдэх юм. Энэ мэт сонгуулийн зардлыг бууруулах аргачлалууд бол бий. Эдгээрийг бид сонгуулийн хуульдаа тусгаж өгөх шаардлагатай. Ингэж байж л хүмүүс тэгш боломжоор хангагдана. Сонгуулийн хуулийн бас нэг чухал зүйл нь иргэд сонгох эрхээр хангагдахаас гадна сонгогдох эрхээр хангагдах явдал юм. Сонгуулийн сурталчилгааны асуудлыг улс хариуцдаг болвол нэр дэвшиж байгаа иргэний байгууллагын төлөөлөл ч бай, том грүппийн захирал ч бай сонгуулийн сурталчилгааны түвшин, иргэдтэй очиж уулзах боломж нь яг адилхан тавигдаж өгнө гэсэн үг. Мөнгөтэй хүн нь өөрийгөө сайн сурталчилж, мөнгөгүй нь өөрийгөө иргэдэд танилцуулж чадахгүй байдаг асуудлыг халах хэрэгтэй. 

-Нам болгон 76 хүн нэр дэвшүүлэхийг бодно. Тэгэхээр нэр дэвшигчдийн жагсаалт маш урт болох байх. Сонгогчид энэ урт жашсаалтаас сонголтоо хийх гэж нэлээд цаг хугацаа зарцуулах байх. Улс нэг тойрог гэсэн тогтолцоогоор явна гэвэл сонгууль зохион байгуулах хугацааг уртасгана гэсэн үг үү? 

-Үгүй. Магадгүй саналын хуудас унших машины тоог нэмэх шаардлага гарах байх. Санал авах хэсгүүдийн тоо ч нэмэгдэж таарна. 200-300 сая хүнтэй улс орнууд хэдэн арван мянган нэр дэвшигчээс төлөөллөө сонгоод явж болоод байна шүү дээ. Герман зэрэг холбооны улсууд улс нэг тойрог гэсэн тогтолцоогоор л явдаг. Тиймээс санал тоолох процесс нь автомажсан ийм үед энэ бол нэг их хүндрэлтэй асуудал биш. Санал авах хэсгүүдийн тоог нэмээд л энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Сүхбаатар дүүрэгт санал авах 20 хэсэг байсан бол үүнийг 30 болгох замаар санал авах хэсгүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага гарна гэсэн үг. Түүнээс биш сонгууль зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орохгүй. 

-Улс нэг тойрог гэсэн тогтол­цоогоор явбал нэр дэвшигчдийн тоонд өөрчлөлт орох уу. Хэчнээн хүн нэр дэвших бол. Энэ талаар тооцоолсон уу?

-Сүүлийн таван жилийн УИХ-ын сонгуулийн дунджаас үзэхэд ойролцоогоор 700-800 хүн нэр дэвших байх. 

-Нэр дэвшигчдийн жагсаалтын эхний 10 гаруй хүн өндөр санал авч, сонгогчдын тоо 76 гишүүнийг сонгож хүрэхгүй гэх асуудал зарим гишүүд ярьж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ? 

-Шууд тэгж хэлж болохгүй. Магадгүй эхний 20, 30 хүн бүхэлдүү санал авахыг үгүйсгэхгүй. Хоёр сая саналыг л хуваа авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эхний хүмүүс нь бүхэл санал авч, сүүлийн 40 хүн 10, 20 мянган хүнээр гарч ирэх магадлалтай. 

-Улс нэг тойрог байдлаар сонгуулийг явуулбал хяналтын асуудал суларна гэж зарим гишүүд шүүмжилж байгаа. Нэр дэвшигчид өөрийн тойрогтоо хяналт тавьдаг байсан нь үгүй болж жагсаасан 76 хүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно гэж байна?

-Хяналт сулрах асуудал гарахгүй. Хуульдаа бүх зүйлийг нарийн зааж өгсөн учраас иймэрхүү асуудал гарахгүй. Сонгогчдын эрх ашгийг биш яаж сонгогдох вэ гэсэн өөрийнхөө эрх ашгийг бодсон хүмүүс ийм тайлбар хийж байгаа байх.