ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Амаржаргалан: Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 4.5-19 хувиар нэмэгдэнэ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-06-11

Төрийн өмчийн их,  дээд сургуулиуд сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө нэмээгүй. Харин ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх талаар сургуулиудын удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн байна. Энэ талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаас тодрууллаа.

-Төрийн өмчийн их,  дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн болон төрийн бус өмчийн их,  дээд сургуулиудын төлбөрийн асуудал тухайн сургуулийн удирдах зөвлөлийн өөрийнх нь хариуцах эрх мэдлийн хүрээнийх. Энэ талаар “Боловсролын тухай хууль”-ийн 36 дугаар зүйлд заасан байдаг. Ойрын өдрүүдэд төрийн өмчийн их,  дээд сургуулиудын удирдах зөвлөлүүд хуралдсан. Одоо бид сургуулиудын төлбөр нэмсэн талаар мэдээ авч байна. Ингэснээр ямар зорилгоор төлбөр нэмж байна вэ гэдэг асуудалд БСШУСЯ-наас чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж ажиллана.

-Одоогийн байдлаар төлбөрөө нэмсэн сургууль байгаа юу?

-Бидний авсан мэдээгээр АШУҮИС нэгдүгээр дамжааны оюутнуудын сургалтын төлбөрөө 10 хувь нэмсэн. Харин ахлах курсийн оюутнуудын төлбөр нэмэгдээгүй. МУИС-ийн мэдээ ирээгүй байна. Ер нь сургуулиуд дунджаар 10-15 хувьтай нэмсэн. ШУТИС  төлбөр нэмсэн мэдээллээ хараахан эцэслэж ирүүлээгүй байна. Гэхдээ 19 хувиар нэмэхээр байсан. 

-Сургалтын төлбөр яг хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг вэ. Эцсийн байдлаар нэгдсэн мэдээ гарсан уу?

-Сургууль болгоны төлбөр харилцан адилгүй. Тэгэхээр хамгийн доод тал нь 4.5, дээд тал нь 19 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Сургуулиудын төлбөр нэмсэн мэдээллийн  нэгдсэн дүн гараагүй байна. Учир нь удирдах зөвлөлийн хэлэлцээр дуусаагүй байгаа. Гэхдээ элсэлтийн шалгалт эхлэх гэж байгаа учраас энэ сарын 15 гэхэд нэгдсэн дүн гарчих байх. Дунджаар их, дээд сургуулиудын төлбөр хоёр сая нэг зуун мянга байх болов уу гэж таамаглаж байна. 

-Төрийн өмчийн их,  дээд сургуулиуд сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө нэмээгүй шүү дээ. Яагаад гэнэт нэмэхээр болсон юм бол?

-Сүүлийн гурван жил БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмээгүй. Ард иргэдийн амьдрал, өрхийн санхүүгийн хүндрэлтэй байдалтай холбож сургалтын төлбөр нэмэхгүй байх чиглэлүүд өгч байсан. Цаашдаа сургалтын төлбөрөө нэмэхгүй бол сургуулиудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлж байна. Төлбөр тооцоо нь цаанаа сургуулийн аж амьдралтай шууд холбоотой. Бид сургуулиудын үйл ажиллагаанд олон төрлийн хяналт тавьж байгаа. Тухайлбал, тухайн сургууль сургалтын орчноор хангаж, багшаа хөгжүүлж, сургалтын агуулгад өөрчлөлт оруулж, оюутан залуучуудыг чадавхижуулж чадаж байгаа эсэх асуудалд хяналт тавьсан. Мөн багшийг хөгжүүлэх, арга зүйг нь сайжруулах, оюутныг хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч байгаа.

-Сургалтын төлбөр нэмэхэд өөр нөлөөлсөн зүйл бий юу?

-Бидний ажиглаж байгаагаар инфляцийн байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хамгийн гол нь сургалтын арга зүйд хийж байгаа өөрчлөлт, материаллаг орчин сайжруулахад түлхүү анхаарч байгаа. Нөгөө талаас багш нарын цалинг нэмэгдүүлэх хүсэлт их ирдэг. Энэ мэт олон шалтгаанууд нөлөөлж байгаа.