Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох “Гоёл” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам өнөө жил 32 дахь удаагаа зохион байгуулдаг загварын ертөнцийн хамгийн отгон топ моделийг тодрууллаа. Шинэхэн топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдөж, шагналыг өнгөрсөн жилийн топ модель Н.Сарнай гардуулж өглөө.
Д.Долгион “Энэ наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж, сандарч байна. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэлээ.
“Гоёл 2020” наадмын тайзнаа тус наадмаас сүүлийн жилүүдэд төрөн гарсан топ моделиудын төлөөлөл оролцож, дизайнеруудын урласан хувцсыг амилуулсан юм. Тодруулбал, топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай нар оролцож, загварын тайзыг чимсэн юм.
Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “MonRoze”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг үндэсний брэндүүд шилдэг загваруудаа танилцуулав. Ингээд “Гоёл” наадмын шилдгүүдийг нэрлэж байна.
“Гоёл” наадмын шилдгүүд
- Тусгай шагнал "Алтжин" брэнд
- Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
- Шилдэг үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
- Гоёлын хувцасны шилдэг дизайнер Болормаа
- Үндэсний өдөр тутмын загварын шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
- Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Өнөржаргал
- Үндэсний хувцасны шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани
- Шилдэг залуу дизайнер С.Сарнай
- Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
- Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
- Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн