Монгол Улсыг хөгжин дэвжүүлж, соён гэгээрүүлж, эрүүлжүүлсэн Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ. Киноны зохиолч, Ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болсон.
Тэгвэл тухайн баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт Москва хотноо амжилттай явагджээ. Их удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба /Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн/ тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болсон байна. ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов тоглохоор сонгогдсон бол Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээхээр сонгогджээ.
Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт ирэх зургадугаар сард эхэлнэ.