Урлагийн тайзнаасаа буугаагүй “Унаган хайр”-ын НАРАА

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-27

“Унаган хайр”-ын Б.Нар­мандах гэхээр уншигч та андахгүй биз ээ. Бид энэ удаагийн “Тэд хаана явна буландаа” МУСТА жүжигчин, дуучин Б.Нармандахыг онцолж байгаа юм. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Унаган хайр” дууг тэрбээр оюутан ахуй үедээ дуулсан гэдэг. Түүний анхны уран бүтээлүүдийнх нь нэг, өөрийнх нь нэрийн хуудас болсон “Унаган хайр”-ыг амилуулж асан оюутан үеэ ярилцлага болгондоо дурссан байдаг. Урлагийн наадамд оролцож буй оюутан Б.Нармандахын хоолойны цар хүрээ, дуулах авьяасыг олж харсан МУГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг энэ дууны аяыг түүнд зориулж зохиосон байна. Харин шүлгийг нь дууны яруу найргийн хаан гэгддэг яруу найрагч Л.Дагвадорж хайртай бүсгүйдээ зориулж бичжээ. Унаган насны хайрыг дуунд мөнхөлсөн урт настай эл бүтээл бүтсэн түүх энэ. Гэвч “Унаган хайр”-ын Б.Нармандах зөвхөн дууны уран бүтээлээр дагнаагүй юм. Ажил амьдралынхаа гарааг “Армийн театр”-аас эхэлсэн бөгөөд өнөөдөр ч урлагийн алтан тайзнаа нар болон мандсаар явна. Оюутны ширээнээс дөнгөж өндийсөн даруйдаа үеийн хэдэн нөхдийн хамт “Армийн театр”-ыг байгуулж явсан гайхам түүх түүнийх. Жүжигчин Б.Нармандах өдгөө 70 гаруй жүжиг, 30 гаруй киноны уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээж, Монголын тайз дэлгэцийн түүхэнд өөрийн гэсэн тодоос тод мөрийг үлдээж яваа нэгэн юм. У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийн Монтекийн хатан, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”-ийн Цэцэр хатан, “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Төгсөө, К.Маньегийн “Нүцгэн дурлал”-ын Карлье, В.Красногоровын “Диваажингийн хаалга”-ын ядуу эмэгтэй,  “Парисын дарь эх” жүжгийн Гудуль, Хятадын нэрт зохиолч Цой Юугийн “Аянгын бороо” жүжгийн Фань-И, А.Колодягийн “Ижил хүйстэн” жүжгийн Лариса, Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийн Должин тэргүүтэй дүрүүдийг тайзнаа амилуулсан нь урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан байдаг. Б.Нармандах гэх авьяаслаг уран бүтээлч Монголын урлагийн салбарт 1980 оны сүүл, 1990 оны эхээр хүч түрэн орж ирж, дууны болоод, тайз дэлгэцийн даацтай уран бүтээлүүдээр од болон гялалзаж явсан өдгөө ч гялалзсаар л байна.

Урлагийн салбарт тасралтгүй 34 жил ажилласан түүний амьдрал, уран бүтээл УДЭТ-тай салшгүй холбоотой. Урлагийнхны халуун голомт болох энэ их айлд орсон түүх нь их л содон. Түүнийг АЖ Л.Жамсранжав агсны гэргий гэдгийг монгол түмэн андахгүй биз ээ. Хайр дурлалынхаа золиосонд олон удаа шүүмжлэл сонсож байсан ч энэ бүхнийг даваад гарсан сайхан хосууд гэдгийг монголчууд андахгүй. Тэрбээр, ханийнхаа тухай дурсахдаа “Тухайн үед би дуулдаг байсан учраас “Баян Монгол” чуулгад дуучнаар ажилласан. Филармонид нэг жил дуулсан юм. Уг нь сургуулиа төгсөөд театрт хуваарилагдсан ч театрын хаалга миний өмнө хаагдсан учраас өөр арга надад байгаагүй. Х.Төмөрбаатар гавьяат Б.Баяраа, Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг зэрэг алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байснаа азтайд тооцдог юм. Миний хань их л сайхан сэтгэлтэй, ачааны бүх л хүндийг үүрч явсан эр хүн дээ. Цаг хугацаа бүгдийг залруулж, драмын театртаа жүжигчнээр ажиллах боломж дахин олдсон. 1992 оноос хойш драмын театрынхаа алтан тайзан дээр олны хэсгээс нь эхлээд гол дүр бүтээх хүртэл олон сайхан уран бүтээлд тоглосон. Драмын театртаа жүжигчнээр ажиллахаас гадна дуучин гэдэг утгаараа олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирлээ. Хүүхэд байхдаа Оросын  мюзикл тоглолтыг байнга үзэж, тоглох юмсан гэж их маш их хүсч, мөрөөддөг байсан. Гэтэл тухайн үед манайд мюзикл байгаагүй л дээ. Драм бол драм, дуучин бол дуучнаа л хий гэдэг нийгэм байлаа. Гэхдээ би жүжигчин, дуучны ажлаа хослуулж чадсан.

Дуучны хувьд би сургуулийг нь төгсөөгүй ч Г..Алтанхуяг, Ц.Чинзориг, Б.Лхагвасүрэн гээд мундаг хөгжмийн зохиолчид надад дуунуудаа өгсөн нь маш том аз байсан гэж би боддог” хэмээн дурслаа. Б.Нармандах гуай нөхрөөсөө 20 насаар дүү. Амьдралын хань, хоёр хүүхдийнх нь аав бурхны оронд одоод удсан ч түүндээ зориулан шинэхэн уран бүтээл хийж байгаа тухайгаа бидэнд дуулгасан юм. Өдгөө хоёр ч киноны уран бүтээлд ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хажуугаар хуучны орос дуунуудыг сэргээн дуулах ажилдаа ороод байгаа гэнэ лээ. Ерөөс хүн гэдэг унаж бүдэрч явахдаа ч, мандан гялалзаж явахдаа ч тэр өөрийн бодолдоо эзэн байж, нэгэн чиг шугамыг алдалгүй түүн рүүгээ зүтгэх нь амжилтад хүргэдэг гэлтэй. Түүний амьдралд уналт мандалтын аль, аль нь байсан. Алинд нь ч тэр урлагийн төлөөх хүсэл мөрөөдөл, зорилгоосоо ухралгүй өнөөдрийг хүрчээ. Ямар ч цаг үед салбараасаа урвалгүй 30 гаруй жил урлагийн тайзнаа ургасаар яваа, мандсаар яваа наран юм. Уншигч таныг энэ бичвэрийг уншиж суугаа энэ мөчид ч тэрбээр “UBS” телевизийн “Бэрүүд” олон ангит киноны зураг авалтад орж байгаа юм. Харин чөлөөт цагаараа эмээгийнхээ үүргийг гүйцэтгэж хоёр зээгээ хардаг “том” ажилтай сууж байна лээ. Урлагийн салбараас урвалгүй 30 гаруй жил ажиллаж, өнөөдөр ч их урлагийн төлөө зүтгэсээр яваа энэ гайхалтай уран бүтээлчийн энгэрт өнөөг хүртэл гавьяатын одон байхгүй байгаа нь гайхмаар санагдсаныг нуух юун. Төр түүний хөдөлмөрийг үнэлж, тун удахгүй гавьяатын тэмдэг энгэрт нь гялалзана гэдэгт монгол түмэн итгэж буй.