Тавдугаар сарын 06-наас эхлэн бүтэн хоёр сарын турш үзэгчдийг ням гараг бүр дэлгэцийн өмнө уяж байсан “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирлын финалын тоглолт өнөөдөр болж, шилдгээ тодрууллаа.
Дэлхийн болон монголын оддыг дуурайн өрсөлддөг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шилдэгийн шилдгээр дуучин Наки буюу Б.Нацагдорж 53 оноогоор шалгарч, ивээн тэтгэгчдийн шагналыг гардаж авсан юм. Түүнд шилдэгийн шагнал болох 20 сая төгрөгийг гардуулж өгсөн юм. Накигийн хувьд гуравдугаар улирлын тоглолт эхлэхэд хамгийн эхний дугаарт шилдгээр шалгарч байсан юм. Харин хамгийн сүүлийн финалын тоглолтод тэрбээр алдарт дуучин Уитни Хьюстоныг дуурайв. Харин шоуны хоёрдугаар байрт “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин 47 оноогоор шалгарсан бөгөөд үзэгчдээс хамгийн өндөр санал авсан ч шүүгчдийн болон бусад оролцогчдын оноо хангалттай байж чадсангүй.
“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцсон юм.