Хүн нь байхгүй ч бүтээл нь алдрыг нь дуурсгаж байдаг нь уран бүтээлчийн онцгой хувь зохиол биз ээ. Гэхдээ сайн бүтээл, сайхан авьяас л дуурсагдан үлддэг... Түүний нэгэн Лувсангийн Дагвадорж. Арав гаруй ном бичиж 200 гаруй дуу зохиосон Дагвадорж Ховд аймгийн Буянт сумын уугуул хүн юм. Тиймээс Буянт сумын нутгийн зөвлөл санаачлан “Хайр дааж амьдарна” дурсамж хүндэтгэлийн тоглолтыг хийж байгаа гэнэ. Тоглолтын орлогоор найрагчийн хөшөөг нутагт нь босгохоор төлөвлөж байгаа аж.
Бид бүхний сайн мэдэх “Хайр дааж амьдарна”, “Унаган хайр”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Бүүвэйл хорвоо”, “Эмч хүн жаргалын дээд”, “Нисэгчийн дуу”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Эр хүн”, "Бүсгүй хүн", “Хүүгийн бодол”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Хүн хүндээ хайртай явъя”, “Оторч адуучны дуу”, “Дэлхий минь хүмүүс минь”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул”, “Жолооч миний жаргал”, “Саальчин бүсгүй”, “Хүж дэлхий амгалан байг”, "Хүний маань дээд ээж минь", “Сайхан монгол морь минь”, “Эрэл хүслийн дуу” гэх мэт хүний сэтгэлийн хайрлаж энэрэхийн торгон утсыг хөнддөг олон сайхан дуунуудыг Л.Дагвадорж зохиосон билээ. Тиймийн учир Лувсангийн Дагвадоржийг “Дууны шүлгийн хаан” хэмээн түмэн олон өргөмжилсөн. Түүний шилдэг уран бүтээлээс дээжлэн толилуулах “Хайр дааж амьдарна” тоглолт энэ сарын 31-нд 19 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох гэж байна.
Тоглолтыг Л.Дагвадорж гуайтай хамт “Үлгэрийн далай” чуулгад ажиллаж байсан “Болом цом” наадмын хошой шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо хөтөлж нэвтрүүлэгч Д.Сайнтод Дагвадоржийн хамгийн амин бүтээлийн нэг “Ганц улиас” шүлгийг уншиж Дагвадоржийн хит дуунууд эгшиглэх энэ тоглолт сонин сайхнаар дүүрэн байх нь лавтай. Ийм сайхан тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа “Лувсангийн Дагвадорж” сан “Сонор” сургалтын төв, Буянт сумын нутгийн зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье. Ухаарч амьдрах хорвоод хайр дааж амьдарцгаая.
Тоглолтын тасалбар 35.000 төг бөгөөд UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Лавлах утас: 9910-4665, 9615-6969, 9315-6969