Р.Дэлгэрмаа: Хэрвээ бурхан гэж байдаг бол тэр нь эх хүн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-14

Аялгуут дуугаа ихэмсэг,  донжинд нь тааруулж дуулдаг МУГЖ Х.Болормаа, СТА  Э.Оюумаа, СТА Р.Дэлгэрмаа нар “Олон улсын эмэгтэйчүүд”-ийн баяраар “Сүүн аялгуу” тоглолтоо  хийж ээжүүд эмэгтэйчүүддээ бэлэг барьсан билээ. Тэгвэл эрхэм бүсгүйчүүдийн уран бүтээлийн тоглолт  хэрхэн өрнөсөн болон,  цаашид хийх уран бүтээлийн талаар СТА дуучин Р.Дэлгэрмаатай ярилцлаа. 

-Удаан хугацаанд нам гүм байсан “Гурван маа” эмэгтэй­чүүдийн баяраар “Сүүн аялгуу” тоглолтоо хийлээ. Тоглолтынхоо сонин сайхнаас хуучлаач? 

-Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. МУГЖ Х.Болормаа эгч, СТА  Э.Оюумаа бид гурвын хамтарсан “Сүүн аялгуу” тоглолт гуравдугаар сарын 7,9-ний өдрүүдэд маш гоё боллоо. Үзсэн хүмүүсийн сэтгэгдэл  ч их өндөр байсан. Манай нөхрийн гар утасны дугаар тоглолтын реклам,  сурталчилгааны доогуур  байсан  учир Д.Хишигбаяр руу олон хүн  залгаж баяр хүргэж, сайхан тоглолт үзсэнээ илэрхийл­сэн. Үзэгчдийн  алга ташил­таас гадна, холбогдож баяр хүргэсэн бүхий л сонсогчдоосоо  бид маш их урам авлаа. Тоглолтоо нэгэн хэвийн байдлаар биш,  илүү амьд  байлгахыг  хичээсэн. Зорьсондоо  ч хүрч чадсан болов уу. Тоглолтын  тайз чимэг­лэл их гоё,  хөгжмийн дуугаралт уянгалаг, дулаа­хан орчин  бүрдүүлж чадсан. Үзэгчдийн­хээ тав тухыг бодолцож “Корпрейт” зочид буудлын танхимыг сонго­лоо. Тоглол­тод  маань Бүх цэргийн эрдмийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ,  Ардын дуу бүжгийн чуулгын  их  найрал  хөгжмийнхөн бүжигчидтэйгээ оролцлоо. Тоглолтоос нэг зүйлийг анзаарч харсан. Х.Болормаа эгч бид хоёр төгөлдөр хууртай, нилээд том хэмжээний сонгодог дууг  дуулахад хүмүүсийн хандлага маш гоё байсан. Техник технологи дэвшиж, шинэчлэгдэхийн хэрээр өнөө цагт бүх  зүйл баригдмал маягийн болсон байна. Хөгжмийн дугаралт хэтэрхий их  электронжсон байна. Гэтэл хүмүүс буцаад юу руу тэмүүлж,  юуг сонсохыг  хүсэж байна вэ гэдгийг тоглолтоосоо мэдэрлээ. Яагаад  гэвэл,  төгөлдөр  хуурч тайзан дээр гарч ирээд,  амьд хөгжмийн аялгуунд бид хоёр дуулахад сонсогчдын  хандлага ямар байсан гээч.  Бид  хоёр ч дуулаад,  багш ч төгөлдөр хуур тоглож  дуусахад,  хүлээн авч буй үзэгчид сэтгэл зүрхээрээ нийлсэн мэт,  тийм нэг нандин холбоос  мэдрэгдсэн.  Байдаг л нэг бичлэг, ая тавиад дуулахаас илүү  гоё амьд  харилцаа мэдрэгдсэн. Тэгэхийг  зорьж бид  гурав тоглолтоо хийсэн.  Баг хамт олон маань ч маш их  хүч хөдөлмөр,  хичээл зүтгэл  гаргаж чадсан даа. Сүүн аялгуу тоглолтыг Ш.Гүрбазар ах хөтөлсөн. Хүн өөрөө сүү амлаж хүн болсон  учраас “Сүүн аялгуу” нэрлэсэн хэрэг. 

-2012 онд та гурав тоглолтоо  хийж  байсан. Энэ удаагийн тоглолтын онцлог юу байв?

-Өмнө нь гурван дуу дуулсан  бол   энэ удаад хамтарсан 10 гаруй дуутай болжээ. Нэгдүгээрт, хамтарсан  уран бүтээл ихтэй болсон байна. Хоёрдугаарт, Э.Оюумаа бид хоёр хоёулаа ээж болсон байсан.  Энэ бол хамгийн торгон  мэдрэмж юм билээ. Хүн  ээж болохоосоос өмнө юмыг арай өөрөөр хүлээж авдаг байсан бол ээж болсныхоо  дараа тэс өөр хүн болдог юм билээ. Ээж болсны дараа ээжийн дуу  дуулахад өөрөөр хөглөгдөж, тийм гэхийн аргагүй бодлууд,  дуунууд хөврөх шиг л болсон. Ээж болно гэдэг энэ хорвоод  эмэгтэй хүн  болж төрсний гол утга учир шүү дээ. Үрээ хараад, энгэртээ наагаад,  хөхөө хөхүүлээд суух хамгийн гайхалтай. Хэрвээ бурхан гэж байдаг  бол  эх хүн л юм даа. 

-2012 оны тоглолтоос хойш та гурвыг дахин хамт  тоглох байх гэсэн сонсогчдын  хүлээлт их байсан. “Сүүн аялгуу” тоглолтоос ч харагдлаа. Цаашид энэ эрчээрээ хамтын уран бүтээлээ хийх үү? 

-2012 онд тоглолтоо хийчихээд  үргэжлүүлээд  хийе  гэж ярилцаж байсан. Хийх гэсээр  байтал Х.Болормаа эгч, Э.Оюумаа бид  гурав  гурвуулаа дарааллаад  хүүхэд төрүүлсэн. Мэдээж цаашдаа аль болох удаан оршин тогтнохыг хүсэлгүй яахав. Одоогоор хөдөө  орон нутгаар  аялан тоглолт хийнэ гэсэн зорилго тавьсан. Гэхдээ маршрут төлөвлөгөө хараахан гараагүй байна. Удахгүй гаргах байх аа. 

-Анх  яагаад  хамтын  уран бүтээл хийх болсон бэ. Аливаа зүйлийг эхлүүлэхэд  сэдэл гэж чухал зүйл байгаа шүү дээ?

-Р.Дэлгэрмаа, Х.Болормаа, Э.Оюумаа буюу МАА гэдэг үгнээс үүсэлтэй.  Та нар  нээрээ “гурван маа” юм байна шүү дээ гэж манай нөхөр  анх  хэлж байсан юм. Тухайн үедээ ач холбогдол өгөхгүй орхичихсон байсан л даа. Тэгээд  2012 оны гуравдугаар сард Э.Оюумаа маань бие  даасан тоглолтоо хийв ээ. Тэр тоглолт дээр Э.Оюумаа Болороо эгч бид  хоёртой нийлээд гурвуулаа нэг дуу дуулая гэдэг санал  тавьж байсан юм. Тэгээд  “Эхийн ариун сэтгэл” гэдэг дуугаа дуулахад үзэгчид  маш  гоё хүлээж авсан. Тэрнээс санаа аваад, гурвуулаа хамт  уран бүтээл хийе  гэж шийдсэн юм. Удалгүй  “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дуугаа дуулж, кино концертоо  ч үзэгч олондоо толилуулсан. “Сүүн аялгуу” тоглолт маань ч үргэлжлэл нь юм  даа. Жил  бүр  тоглоно  гэж амлаж чадахгүй л дээ. Дахин жирэмсэн болох ч юм билүү /инээв/.  Бид  гурвын дууны тембер байгаа нь л  энэ. Манай Оюумаа хүүхэд шиг ч юм шиг, Болороо эгч маань  их  эрч хүчтэй. Яагаад  ч юм бид  гурвын байдал,  зан төрх  нийлдэг. Бие биенээ нөхөөд  байгаа юм шиг санагддаг юм. Дууны хувьд  ч өөр өөрийн онцлогоор  дуулдаг болохоор  хоршиж чаддаг байх. Энэ удаагийн тоглолтоороо  “Бодол”, “Амин заяат үр минь” гэдэг  сайхан шинэ дуунуудыг дуулсан. “Бодол” гэдэг дуу маш том философийг агуулсан.  Үгийг нь  аваад  үзэхээр
“Олжээ олжээ ээжийгээ
Онож төржээ ээжийгээ 
Бүүвэй аялсан ээжийдээ 
Бүрэлдсэн минь онож дээ” гээд л. Хүн  болж төрнө гэдэг сайхан юм шүү  гэдэг утга агуулсан дуу байгаа юм. Энэ  дуу хүмүүст их хүрсэн. Дараа нь  “Амин заяат үр минь” гээд  эмэгтэй хүн бие давхар болоод  ямар мэдрэмж авдаг, яаж баярлаж догдолдог билээ, түүнийг л илэрхийлсэн. 
“Алтан тэвэнгийн мөнгөн үзүүр дээр
Арвайн ширхэг тогтохын дайтай
Хүний заяаг  олно гэдэг хүү минь
Тийм ховорхон ерөөлөөр
Ээж нь  чамайгаа энхрийлэн, энхрийлж байна
Эрхэст тэнгэрт залбиран  залбиран  мөргөж байна 
бүүвэй бүүвэй” гээд л  үнэхээр сайхан үгтэй байгаа биз. Дараагийн бадагт хүүхэд нь хэвлийдээ бүрэлдээд гуравдугаар бадагт хэвлийд  байсан хүү маань аав ээждээ баяр нэмж төрсөн тухай маш гоё гэгээлэг ертөнцтэй дуу бий. Ер нь бид гурав холыг харсан, ерөөлтэй дэлгэр сайхан дуунуудыг дуулах дуртай. 

-Цомог гарах уу?

-Цомог  гаргах бодол байгаа. Тоглолтын  өмнө гаргая гэж яриад бас л амжсангүй. Магадгүй ирэх жилийн  тоглолтын  өмнө цомгоо  гаргаж бэлэг барих  бодол  бий. 

-Таны хувьд  гурвалсан уран бүтээл хийхээс гадна ханьтайгаа дуэт дуу дуулж олонд хүргэлээ. Гэхдээ таны дууг сонсох дуртай хүмүүс ганцаарчилсан  уран бүтээлийг тань их хүлээдэг юм шиг  санагддаг? 

-Нөхөртэйгөө дуулсаар  байгаад Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа гээд нэршчихэж. Мэдээж ганцаараа дуулсан дуу олон бий. Одоо хоёр “Маа”-тайгаа хамтраад  дуулчихлаа. Ганцаараа дуулах дууны санал  маш их ирдэг. Саяхан Ээнээ ахын ээжийн тухай дуунууд  ирсэн. Удахгүй дуулна гэсэн бодолтой байна. Ирэх намар ханьтайгаа тоглолт хийх тухай бодож байгаа. Мэдээж тоглолт хийхэд эрүүл мэндээс эхлээд маш их хүч хөдөлмөр шаардана. Амар ажил  биш. Хоолойгоо өвтгөж болохгүй, дутуу нойртой байж болохгүй. Дуучин хүн хоолойгоо их  аргаддаг юм шүү дээ.

-Бидний уулзаад  ярилцаж байгаа энэ кофе шофыг та давхар ажиллуулдаг бололтой. Багагүй хугацаанд  ажиглаж суулаа?

-Сүртэй том юм биш ээ. Өөрийгөө сорих маягтай л даа. Нөхөр бид хоёр 2009 онд кофе гэдэг  амтат ундааг ууж эхэлснээс хойш  өөрсдийн жижигхэн ч гэсэн кофены газартай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэгээд  өнгөрсөн зун байраа тохижуулж засвар хийгээд 2018 оны намар нээсэн. Үйл ажиллагаа жигдрээд явж л байна. Улаанбаатар сувилал орчмын айлууд манай кофены газрыг  мэднэ. Байнга ирж амттай кофе, цай уудаг.  Сонирхолдоо  хөтлөгдөхийн  зэрэгцээ энэ хавийнхаа оршин суугчдыг  тав тухтай суугаад  ажил амьдралаа ярих нөхцлийг багахан ч гэсэн бүрдүүлсэн. Тийм гоё боловсон орчин  байгаасай л гэж хүссэн. 

-Эзэмшсэн мэргэжлийнхээ хажуугаар дуртай зүйлээ хийнэ гэдэг  эмэгтэй хүний стрессээ тайлах, сэтгэл  ханамжаа дээшлүүлэх  нэг  түлхүүр болдог  юм  шиг? 

-Магадгүй. Бялуу, нарийн боовыг  амттай кофетэй ууж идэхээр их гоё шүү дээ. Өнгөрсөн жил  дэлхийн хөлбөмбөгийн аваргын  тэмцээн болох үеэр нөхөр зурагтнаасаа салахгүй,  би хажууд нь кекс,  нарийн боов хийж сурах гэж нилээн л юм болж билээ /инээв/. Хүн өөрөө зорьвол болдог л юм билээ. 

-Таны хувьд  ямар үүрэг гүйцэтгэж байна? 

-Дарга цэрэг бүгдийг нь хийнэ дээ.  Бариста хүүхдүүд  маань  ирээгүй тохиолдолд үйлчлүүлэгч орж ирэхэд  кофег нь аягалаад,  найруулаад  сурчихсан. Манай бариста байхгүй үед үйлчлүүлэгч орж ирвэл, би кофе хийж өгч чадахгүй гээд сууж байлтай биш, тийм биз дээ. Цагаа тулахаар амархан сурчихдаг юм даа. Анх хоёр  ажилтантайгаа гурвуулаа бариста багш  авчраад сургалт  авч сурж байлаа. Миний сурсныг  хүн  булаагаад  авах биш.  Илүүдэхгүй шүү дээ. Манай хоёр надаас илүү мундаг  арт хийдэг хүүхдүүд бий.