А.Батдэлгэр: Атилла хааныг  балетаар дамжуулж бүхэлд нь харуулна

O.Admin
2018-06-20

УДБЭТ-ын хамт олон Атилла хааны баатарлаг түүхийг өгүүлсэн “Тэнгэрийн ташуур” үндэсний  балетыг долоон жилийн дараа дахин тоглож  байна. Балетын хөгжмийг зохиож, бүжгийг дэглэсэн СТА А.Батдэлгэртэй цөөн хором ярилцлаа.

-Тэнгэрийн ташуур бүтээл Атилла хааны байлдан дагууллыг харуулж байгаа. Үүнийг бүжгийн жүжгээр харуулах санаа анх яаж төрсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Энэ санааг манай дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Ч.Гунгаасүх ах хэлж өгсөн. Ардын зураач ч.Гунгаасүх ах бид хоёр хамтарч уран бүтээл хийдэг байсан. Ах маань одоо бурхны оронд заларсан. Нэг өдөр намайг дуудаж уулзаад Хүннүгийн удирдагч Атилла хаан Монгол угсааны өвөг дээдэс. Энэ хүний түүхээр бүтээл хийвэл зүгээр юм биш үү гэж хэлж байсан. Би энэ санааг нь Б.Жамъяандагва багшид хэлээд зохиолыг нь бичүүлсэн юм.

- Атилла хааныг ямар өнцгөөс нь түлхүү харуулах  вэ?

-Балетаар дамжуулж тэр хүний төрөлх зан араншин, гадаад дүр төрхийг харуулна. Өөрийнх нь сэтгэлийн хөдөлгөөн яаж хувирч байна вэ, эмэгтэй хүнд сэтгэлтэй болоод түүнийхээ гарт амиа алдаж байгаа тэр холбоос үйл явдлын зөрчилдөөнийг харуулна. Мөн  Ромын жанжинтай тэрсэлдэж байгаа байдал зэргийг  түлхүү харуулъя гэж бодож хийсэн.

-Бүжгийг дэглэхэд ур чадвар, цаг хугацаа хэр шаардсан бэ?

-Би балетын жүжигчин, гоцлол бүжигчин байсан. Мэргэжлээрээ ажиллаж байх үедээ сонгодог хөгжим зохиоход цаг хугацаа их  зарцуулсан. Миний анхны хөгжмийн уран бүтээлийн замыг засч өгсөн хүн бол Төрийн шагналт, Ардын жүжигчин  Ж.Чулуун багш.  Надад хөгжмийн зохиомж заасан хүн бол З.Хангал багш. Ерөнхийдөө би 20-иод жил хөгжмийн салбарт  албан бусаар суралцсан байна. 2007 онд эхний бүрэн хэмжээний хоёр бүлэг долоон үзэгдэлтэй Гэсэр Номун балетыг  бичсэн.  Дараа нь энэ Атилла хааны тухай “Тэнгэрийн ташуур” гэх балетаа бичлээ.

-Атилла хаан долоон жилийн дараа дахин тайзнаа амилах гэж байна. Гол онцлог нь юу байх бол?

-Залуу жужигчид гол дүрд тоглож байна. Би уран бүтээлээ хийгээд орхих биш, явцын дунд сайжруулаад, өөрчлөөд явах ёстой гэж боддог. Энэ удаад дэглэлт болоод хөгжмөө илүүтэй сайжруулсан.

Б.Саран-Учрал