Б.Алтанжаргал: Ардын урлагийн хэв шинжийг хэзээ ч хаяж болохгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-01

Энэ сарын 15-ны өдөр СТА, дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нар “Мандах нар” хамтарсан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолтын талаар СТА, дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа. Түүний хувьд “Дөмөн” нэртэй бие даасан цомгоо гаргажээ.

-“Мандах нар” тоглолтын талаар мэдээлэл өгөөч. Бусад тоглолтуудаас юугаараа онцлог вэ?

-Монгол Улсын СТА, дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нартай хамтар­сан “Мандах нар” тоглолт сэдэвт баригдаагүй гэдгээрээ онцлог. Өөрсдийн урын сангаасаа дуунууд сонгон, учир утгаар нь нийцүүлж, жүжигчилсэн хэлбэрээр тоглолт үргэл­жилнэ. Хөтлөгч гарч ирээд уран бүтээлч,  тухайн дууны талаар магтаж, хүнд хүргэж ярих биш, хөтлөгчгүйгээр,  кино жүжиг эхэлж буй мэтээр явах юм. Төгсгөл нь ч мөн адил. Аливаа нэгэн зүйл аз жаргалаар төгсдөг шиг, намар цагийн сайхан найр гэх мэт тоглолтоо дөрвөн  хэсэгт хуваасан.  Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлаар хэсэгчилсэн. Тэгэхээр тоглолтод дуулах дууны өнцөг нь дөрвөн улиралд хамааралтай байх нь. Тухайлбал нэг дуу намрын улиралд хамаатай байхад нөгөө дуу нь өвөлтэй хамааралтай гэж ойлгож болно. Анх бид  гурав “Мандах нар” дуунд ажиллаж эхэлсэн л дээ. Бид бүгд л өглөө босоод шинийг боддог, шинийг эрэлхийлдэг шүү дээ. Түүн шиг хүн бүр өглөө сэрэх бүртээ нэг шинэ зүйл бодож, мөрөөдөж, түүнийгээ биелүүлэхийн төлөөх хүсэл­тэй байгаасай гэдэг утгаар нь тоглолтоо “Мандах нар” гэж нэрийдсэн. Бидний тоглолтын ард  100 гаруй хүнтэй том баг ажиллаж байгаа. 

-Яагаад та гурав хамтарч уран бүтээл хийх болов. Аливаа нэгэн эхлэл сэдэлтэй байж ажил хэрэг болдог шүү дээ?

-Бид гурав чөлөөт уран бүтээлчид. Өөрсдийнхөө хүсэл зорилго, мөрөөдлөөр жигүүрлэж яваа хүмүүс. Үүгээр гаргах гэж буй санаа,  зорилго нэг учир яагаад  хамтарч болдоггүй юм бэ гэж бодсон. Гэхдээ ардын дуунд дуулалт жүжиг хийх биш, олон дууг найруулж тоглож болох юм шиг санагдсан. Д.Жавхаасайхан бид хоёр нэг анги. Дээрээс нь Жавхаа, Үүрээ бид гурав  Монгол Улсын гавьяат багш н.Дэлгэр гэдэг хүний  шавь нар. Хамтарсан гэвэл  хоёрдахь тоглолт болж байна. 2009 онд “Тэгш таван” хүсэл тоглолтыг Д.Жавхаасайхан, Д.Дагиймаа,  А.Түмэн-Өлзий, Д.Бурмаа нарын дуучидтай ардын богино дууны тоглолтыг хийж байлаа. Түүнээс хойш бие  даасан  нэг тоглолт хийж байсан. Нэг дуучин ойролцоогоор 8-9 дуу дуулна гэхээр 30 орчим дуу дуулах юм.  

-“Мандах нар” дууны клипээ гаргасан байна. Их этгээд хэв маягтай юм?

-Нэг талаасаа багагүй шүүмжлэл дагуулна л даа. Тухайлбал, үндэсний сайхан хувцастай дуучид байгальд гараад дуулах гэх мэтээр ардын урлаг гэхээр хэвшмэл байдлыг олон нийт хардаг, сонсдог. Тэгвэл  бид яагаад үүнийг кибер орчинд төсөөлж болохгүй гэж. Тийм биз дээ. Ингэхдээ төсөөллийнхөө орчныг бодит хүний амьдралтай холбож болно. Яг клипийг үзэх юм бол гурвалсан хүний хайр дурлал гарах мэт боловч бидний бодож байгаагүй цаг хугацааг харуулахыг зорьсон. Үүнийг маш удаан ярьсан л даа. Клипийг бараг 3-4 сарын турш хийж байж бүтсэн. Гэхдээ байдаг дүрүүд биш,  арай өөр өнцгөөс харъя гэж шийдсэн. Дуулалтаа байх ёстойгоор нь хийгээд,  үзэмж, хөгжим нь тэс өөр. 

-Таны хувьд тоглолтдоо ямар дуунаасаа дуулах вэ? 

-Өмнө нь дуулж байсан дуу болон 2018-2019 онд гаргасан шинэ дуугаа дуулна. Миний хувьд нэгэн дууг онцолж ярих дуртай. Ардын богино дуу гэж нэрийдсэн зохиогчтой дуунуудыг дуулахыг хүсдэг. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам тэр дуу ардын богино дуу болоосой, нийт хүн  хүлээн зөвшөөрч дуулаасай гэж бодож явдаг. Тэр нь нэрт Магсархурцын Дугаржав гуайн зохиосон “Баянмонгол” дуу юм. Энгийн үг хэллэгтэй хэрнээ  амьдралд хэрэгтэй бүхнийг өгүүлсэн ардын богино дуу мэт тийм сайхан дуу байгаа. Тэр дууг шинэчилж, хөгжмийн найруулга хийж дуулсан. 

-Та гурваас өөр уран бүтээлч дуулах уу. Жишээлбэл, таны хувьд МУГЖ дуучин Т.Баясгалан, МУСТА дуучин Э.Чулуунчимэг нартай дуулсан дуунууд нийтийн хүртээл болсон байдаг?

-Үгүй. Гурван дуучин хангалттай /инээв/. Бид хоёр дүрд хувирах учир дуучид урихгүйгээр үндэсний бүжгийн хамтлаг,  н. Мэнд-Амар гэдэг хөөмийчин залууг урьсан. 

-Та “Мандах нар” тоглолтоороо тодорхой зүйлийг харуулах ёстой. Тэр дундаа өв соёлыг түгээх ёстой гэж онцолж байсан. Үнэхээр зарим хүмүүст өв соёл, зан заншил дутагдаж байгаа. Урлаг соёлоороо дамжуулж багахан хэсгийг ч гэсэн түгээж байна гэж харж байлаа?

-Надад эмзэглэдэг зүйл байдаг. Тэр нь, монгол ахуйгаасаа хэтэрхий хөн­дийрөөд байгаа юм шиг санагддаг. Монгол ахуй гэдэг тэр чигээрээ амьдралын ухаан шүү дээ. Малчид өглөө босоод  орой унтах хүртлээ  хэвшмэл ажил хийж байгаа мэт боловч тэр бүгд  шинэлэг байдаг. Цаашдын амьдралд нь ч үргэлж нөлөөлж байдаг. Адаглаад ах дүүстэйгээ харьцахдаа хүндэтгэлийн хэлбэрээр харьцдаг, байгаль дэлхийтэйгээ ёсзүйтэй харьц­даг. Энэ мэтчилэн тэдгээр ахуйн чанарыг дуунд өгүүлсэн байдаг. Иргэд дуунаас тэдгээр зүйлүүдийг шингээж аваасай гэж хүсдэг юм. Надад хэтэрхий их хотжих нь сөрөг нөлөөтэй юм шиг санагддаг. Дэлхийн бусад орноос ялгарах зан заншлаа мартвал юугаараа бид Монгол гэж хэлүүлэх вэ. Энэ надад яагаад ч юм маш эмзэг санагддаг.  Тэгэхээр мартаж болохгүй, ажил  амьдралдаа хэрэгжүүлж явах хэрэгтэй байна. 

-Дуучид дууныхаа үгэнд хөглүүлж, шимтэж,  түүний­гээ бодит мэтээр төсөөлж, дотогшоо орж дуулдаг юм шиг санагддаг. Ялангуяа ардын дуунд? 

-Ардын богино дууг их сонсож байгаагүй хүн сонсоод үзэхэд хэзээний мэддэг юм шиг сэтгэгдэл төрдөг. Танил санагддаг. Тэгэхээр ард түмний нийтийн урлаг учир  ингэж танил санагдаад байгаа юм шүү дээ. Омогшиж явдаг дуу гэж нэрлэхээс илүүтэй олон хүн, тэр тусмаа залуус илүү мэдрээсэй гэж хүсдэг юм. Бид багаасаа байгаль дэлхий, таван хошуу мал,  ахуй амьдралтайгаа ойрхон өссөн болохоор сэтгэл дотроо буулгаж, дүрсэлж дуу хоолой болгож гаргаж чаддаг байх. “Ганган хул” дуу байлаа гэж бодоход, нэгэн бүсгүйд таалагдах гээд  явж буй залуу гардаг. Үеийн залуустаа онигоонд ороод явдаг хэрнээ түүндээ гунддаггүй хүний дуу шүү дээ. Тийм зүйлийг би дотроосоо гаргамаар санагдаад, сэтгэлдээ буулгаж, магадгүй залуу байхдаа хажуу айлын бүсгүй рүү морьтой очдог байсан ч юм  билүү /инээв/.  Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Боржигон болон Баянбараатын хооронд морин дэл дээр өссөн хүн дээ. 

-Морин дэл дээр өссөн гэснээс циркт морин цэргийн жүжигчнээр ажил­лаж байсан  тухай уншиж байсан юм байна?

-Дөнгөж урлагийн сургууль төгсчихөөд 2006  оны үе байсан. Морины уяан дээр зогсож байсан чинь манай ах “Монголд анхны циркийн шоу болох гэж байна. Чи оролцооч”   гэхээр нь сонирхоод оролцож байлаа. Түүнээс хойш хоёр жил  циркэд жүжиглэсэн. Морин дэл дээр тоглох бас л сайхан шүү. Гол нь хүн хүнтэй харьцаагүй, адгуус амьтантай харьцана гэдэг нь хүнд байсан. Энэ хугацаанд Тайвань улс руу хоёр ч удаа эх орноо сурталчилж явлаа. Морин дэл дээр тоглож байхдаа үзэж байгаа хүмүүсийн огшиж буй царайг хараад би үүнээс ч илүү гоё зүйлийг үзүүлж чадна хэмээн боддог байлаа. Яах ч аргагүй бид морьтон монголчууд юм билээ. 

-Ардын дууны урлаг цаашид хэрхэн хөгжөөсэй гэж харж байна вэ?

-Хоёр зүйл бодож явдаг. Нэгдүгээрт, ардын урлаг натураараа байх ёстой. Энэ хэв шинжийг бид  хэзээ ч хаяж, алдаж болохгүй. Заавал дагуулж явах ёстой. Нөгөө талаас орчин цагтай хосолж явах ёстой. Бүр сайхнаар харах юм бол бусад урлагаас түрүүлж явах хэрэгтэй юм болов уу. Поп, рок, эстрад урлаг ардын урлагаас урган гарч дагаж явах ёстой байх. Энэ гэхдээ миний харж байгаа өнцөг шүү. Тэгэхээр бид  тодорхой цаг хугацаанаас өмнө дэлгэрсэн зүйлээ яг л натураар нь авч явах ёстой. Энэ л бидний дархлаа юм даа. Миний хувьд гаргасан ардын богино дуунуудаа хуучин хувилбараар нь хадгалдаг. Мэдээж дараа дараагийн залууст сургалт болж болно.

-Орон нутагт аялан тоглолт хийх үү. Сонсогчид  хүлээж магадгүй?

-Бид арваннэгдүгээр сарын 25-аас зүүн зүгээс буюу  наран ургах талаас аялан тоглолтоо эхэлнэ. Ямартай ч 21 аймгаар хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Гэхдээ өвлийн цагт хэсэг завсарлаад хавраас баруун аймгаар аялан тоглолтоо хийх байх. 

-Дараа дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү?

-Уртын дууны цомгийн ажлаа бэлтгэж байна. 2019-2020 оныг дамнуулж баянбараат , боржигон дууны цомог гаргахаар багштайгаа ярилцаж байна. 

-Баянбараат, боржигон дуу гэдгийг тайлбарлаад өгөөч? 

-Баянбараат  гэдэг нь арай тавиу, уужуу, тал дээр амьсгаа авч буй мэт  байдаг. Таньд төсөөлөгдөж байгаа биз. Харин боржигон гэдэг нь нугалаа, хоолойны шигшлэг гэх мэт нь илүү чамин, ганган байдаг. 

-“Дөмөн” цомгоо гаргасан байна.  Яагаад ингэж нэрлэх болов. Ямар дуунууд багтсан бэ? 

-Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч талийгаач Б.Лхагвасүрэн гуайтай холбоотой. Анхны бие даасан тоглолтын нэрийг Б.Лхагвасүрэн гуай “Дөмөн хонгор аялгуу” гэж хайрласан.  Өөрөө “Дөмөн” уртын дуундаа их дуртай юм билээ.  “Би бараатын нутагт өссөн хүүхэд,  Бараатынхаа дууг эгшиглүүлж яваарай, Дөмөн дуугаа битгий хаяарай, цааш нь түүчээлж яваарай” гэж захисан учир цомгоо “Дөмөн” гэж нэрлэсэн. Дөмөн гэдэг нь морины явдлыг хэлдэг. Цомогт  маань “Арван тавны сар”, “Гоож нанаа”,  “Ум зандан ширээ” гэх мэтчилэн  12  дуутай.  Ихэнхи нь этник стилтэй, хүрээ донж оруулсан дуунууд багтсан.