Хүмүүнлэгийн ажилтан бүсгүй Дэлхийн мисс боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-09

“БНХАУ-ын Санья хотод өчигдөр “Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилтай болж өндөрлөсөн бөгөөд энэ удаа Мексикийн гоо бүсгүй 26 настай Ванесса Понсе шилдгээр шалгарч тэргүүн титмийн эзэн боллоо. 
“Дэлхийн мисс-2018” тэмцээнд 118 орны гоо бүсгүйчүүд дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн юм.

Харин финалын шалгаруулалтад зөвхөн 30 нь шалгаран үлдсэн бөгөөд харамсалтай нь Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй. Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Э.Энхриймаа энэ удаа явцын шалгаруулалтад амжилттай оролцсон юм. Тэрбээр зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчийн нэг байв.Сүүлийн жилүүдэд Монгол Улсын миссүүд “Miss World”-д амжилттай оролцож, титмийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болсон.  

2016 онд мисс А.Баярцэцэг эцсийн шатны шалгаруулалтад илбэтэй уран бичлэгийн үзүүлбэрийг үзүүлж, шилдэг 11 оролцогчийн нэг болсон. Мөн 2017 оны “Miss World”-д Ц.Энхжин топ 15-д багтаад байгаа нь хамгийн өндөр амжилт болж байна. Энэ жилийн оролцогч Э.Энхриймаа шилдэг 30-д багтаж чадаагүй ч тэрбээр эх орноо дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс амжилттай танилцуулж чадлаа. “Miss World 2018”  тэмцээний шилдэг тавд Беларус, Ямайк, Мексик, Уганда болон Тайландын миссүүд шалгарсан.

Ингэснээр Угандагийн мисс Абенакёо улсынхаа түүхэн амжилтыг үзүүлсэн юм. Учир нь өмнө нь тус улсын гоо бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд шилдэг 30-д ч багтаж байсангүй. Дэлхийн миссээр шалгарсан Ванесса олон улсын бизнесийн зэрэг хамгаалсан. Мөн дүрвэгсдийг дэмжих байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллахын зэрэгцээ охидод зориулсан нөхөн сэргээх эмчилгээний төвийг удирдан ажиллуулдаг байна. Тэр бол Мексикээс тэргүүн титэм хүртсэн цорын ганц гоо бүсгүй юм. Ванесса 2018 оны тавдугаар сард болсон Мексикийн мисс шалгаруулах тэмцээнд үндэсний 32 гоо бүсгүйтэй өрсөлдөн шилдгээр шалгарч, өнгөрсөн жилийн мисс Андреа Мезагаас титмийг нь шилжүүлж авсан бол энэ удаа 2017 оны дэлхийн мисс Мануши Чхиллараас мөн гардаж авсан. Ингэснээр тэрбээр нэг жилийн дотор улс, дэлхийн чанартай хоёр ч титмийг хүртэж, эх орноо сурталчилж чадлаа. 

Дэлхийн мисс Ванесса Понсе гэж хэн бэ

Ванесса Понсе де Леон 1992 оны гуравдугаар сарын 7-нд Мексикийн Гуанажуато хотод төрж, тэнд бага насаа өнгөрүүлжээ. Харин хожим Мехико хотод амьдрах бол­сон байна. Тэр хувийн амьд­ралаа нууц байх ёстой хэмээн үздэг нэгэн. Тиймдээ ч ямар ч хэвлэлд түүний гэр бүл, эцэг эхийнх нь талаар мэдээ­лэл нийтлэгдээгүй байгаа юм. 

Ванесса Понсе Гаунажуатогийн их сургуульд олон улсын бизнесийн зэрэг хамгаалсан бөгөөд түүний дипломны ажил хүний эрхийн чиглэлээр байжээ. Үндэсний залуусын хүрээлэн хийгээд охидод зориулсан сэргээн засах төвийг удирдан ажиллуулдаг гэж ярихад нь л түүний зорилго “Зорилго бүхий гоо бүсгүй” болох юм байна гэдэг тэмцээнийг үзэж буй хүмүүст тодорхой байсан нь мэдээж биз.

Тэр хүмүүнлэгийн ажилтны хувиар дэлхий ертөнцийг одоогийнхоос өөрчлөхийг хүсдэг бөгөөд үүнийхээ төлөө ч өөрийн чадах бүхнээ дай­чилдаг аж. Бүсгүй “Ненеми” гэх сургуульд ажилладаг. Тэр сургууль уугуул овог аймгуудаас гаралтай хүүх­дүүдэд боловсрол олго­дог байна. Ванесса “Би өөрийн зорилгоо үргэлж эрэл­хийлж байдаг эмэгтэй. Би хайр бас урлагт итгэж, бусдыг халамжилдаг. Би зог­солт­гүй хөдөлмөрлөгч, бас­хүү мөрөөдөгч. Мөн уулз­сан хүн бүртэйгээ инээм­сэг­лэж харьцахыг хичээдэг. Хэдэн жилийн турш загвар өмссөн хэдий ч, хоёр жилийн өмнө нь л өөрийн мэргэжлээ ол­сон. Энэ бол тэс өөр ажил. Хөгж­лийн бэрх­шээл­тэй хү­мүүс, нөхөн сэр­гээх эм­чил­гээнд явж буй охид­той би ажилладаг. Би зүгээр л тэд­нийг хайрладаг.  Ер нь хүн бүр амьдралынхаа тур­шид ядаж ганц удаа ч болов сайн дурын ажил хийж үзээ­сэй гэж хүсдэг. Үнэхээр гайхал­тай байх болно” хэмээн ярьж байв. 

Тэрбээр испани, англи хэлтэй. Чөлөөт цагаараа гар бөмбөг тоглох дуртай. Мөн зураг зурж, түүгээрээ өөрийн дотоод сэтгэл, хүсэл тэмүүллээ илэрхийлдэг байна. 

Зогсолтгүй зорилгынхоо төлөө тэмцдэг энэ  бүсгүй харьцангуй хожим загварын салбарт  өөрийн карьераа эхлүүлсэн гэдэг. Хэвлэлд дурдсанаар түүний карьер дөнгөж л 2014 онд эхэлсэн гэнэ. Тэрбээр 2014 онд зохион байгуулагдсан “Mexico’s next top model” шоунд оролцон шилдгээр шалгарч байжээ. Үүнээс гадна тэр маш чадварлаг усанд сэлэгч. “Дэлхийн мисс-2018” наадмын шилдгийг шалгаруулах асуулт хариултын төрөлд түүнд “Та хэрвээ би дэлхийн мисс болбол өөрийн байр сууриа ашиглаж, хүмүүст туслах болно гэж ярьж байсан. Дэлхийн мисс болсны нөлөөг бусдад туслахдаа яаж ашиглах юм бэ” гэх асуулт таарсан юм. Харин тэрбээр “Жишээ нь, сүүлийн гурван жилийн турш сайн дурын ажил хийхдээ би өөрийнхөө байр сууриа ашиглаж ирсэн. Бид бүгдээрээ л энэ дэлхийн хамгийн сайн жишээ байж чадна. Бид бүгдээрээ эелдэг байж, бусдыг хайрлаж, халамжилж чадна. Хариу нэхэлгүйгээр. Бусдад туслах тийм ч хэцүү биш. Бид дэлхий ертөнцийг өөрчилж чадна. Ингэхийн тулд зүгээр л хаа нэг тийшээ очоорой. Таны чадах зүйл өөр хэн нэгэнд үргэлж хэрэгтэй байдаг. Ванессагийнх нь хувийн уриа бол “Бид бүгдээрээ нэг нэгэндээ хэрэгтэй”. Дэлхийн миссийн титэм яг л хүн төрөлхтөний төлөөх  бүхий л сайн сайхан зүйлийг хүсэх тарни адил гялалзаж байдаг” хэмээн хариулсан байв. 

Шинэхэн дэлхийн мисс нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч бөгөөд инстаграмм хуудастаа 59.4 мянга гаруй дагагчтай бол твиттер сүлжээнд түүнийг 5.3 мянган хүн дагадаг байна.