О.Гэрэлсүх: Хүнд ариусал, ухаарлыг өгөх юмсан гэж хичээж явдаг

O.Admin
2025-02-27

Тэртээх 1987 онд дэлгэцнээ гарч байсан “Амьдралын нахиа” уран сайхны кинонд 14 настайдаа анх тоглож урлагийн гараагаа эхэлж, үүнээс хойш ухамсарт амьдралаа тайз, дэлгэцийн олон арван бүтээлд гол хийгээд туслах дүр бүтээж яваа жүжигчин О.Гэрэлсүх өнөөдөр МУГЖ гэх эрхэм хүндтэй цолны эзэн болов. Түүнийг шинэ цагийн залуус “Ларьдма” киноны хүчирхийлэгч эр нөхрийн дүрээр илүүтэй мэдэх билээ.

Тэгвэл О.Гэрэлсүх жүжигчин өнөөдөр гавьяатын тэмдгээ энгэртээ зүүсний дараа баярын сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр, “”Амьдралын нахиа”-гаас эхэлснээс хойш 40 гаруй жил урлагийн салбарт зүтгэжээ. Театрт анх Ч.Найдандорж найруулагчийн Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромеогийн дүрд тоглосоор урлагийн гараагаа эхэлж байлаа.

Туурга тусгаар Монгол Улсынхаа төр засаг, түмэн олонд үнэлэгдэж, МУГЖ цол авсандаа туйлын их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, өмөг түшиг болдог хань ижил, үр хүүхэд, хамт олон, нутгийн ахан дүүс, бүх монголчууд та бүхэндээ баяртай байна.

Хүнд хэрэгтэй дүр, ариусал, ухаарлыг хүргэх юмсан гэж хичээж явдаг. Энэ том цол их зүйлийг хийж бүтээгээрэй гэсэн урам байх гэж хүлээж авлаа. Ихийг хийж бүтээх болно оо. Өглөө гарахдаа аавынхаа зурганд мөргөөд гарсан. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ талархаж байна. Миний аав тува-урианхай их мундаг хүн байдаг юм” хэмээв.