Багагүй хугацаанд хөл хорионд байсан бид шинэ, шинэлэг уран бүтээлийг их хүлээжээ. Тэгвэл үзэгчдийн цангааг тайлахаар дуучид, жүжигчид, найруулагчид шинэхэн уран бүтээлээ өргөн барьсаар байгаагийн нэг нь “Хүүк” фильмийн “Төлөөс” уран сайхны кино юм. Тус киноны найруулагч, зохиолчоор ажилласан жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу “Эмоци” продакшны жүжигчин Мөөжигтэй уншигч таныг уулзуулъя.
-Би “Төлөөс” уран сайхны киног үзэж амжаагүй явна. Гэхдээ эхлээд үзэх сэдэлтэй олон хүнийг бэлтгэхийн тулд тантай шинэ уран бүтээлийн тань талаар ярилцахыг хүссэн юм. Жирийн үзэгчийн хувиар намайг яагаад энэ уран бүтээлийг үзээсэй гэж та хэлэх бол?
-Д.Хүрэлхүү ах бид хоёр тааралдаад “Хамтран кино хийе. Надад аавын тухай киноны санаа байна” гэж ярилцсан юм. Хүрлээ ахын хувьд аавын тухай хэд хэдэн цуврал кино хийж байсан туршлагатай хүн шүү дээ. Миний хувьд өмнө нь “Тагнуулч аав” кинонд хамтран ажиллаж байлаа. “Төлөөс” МУСК ч энэхүү цувралын нэг хэлбэр гэж хэлж болно. Тэгээд санаагаа ярилцаж тохиролцон зохиолоо бичсэн. Төрөл жанрын хувьд уянгын драмын кино учраас Хүрлээ ах “Ах нь өөрөө тоглох шаардлагагүй. Надаас илүү тохирох дүр хэрэгтэй” гэсэн. Ингээд ярилцаж байгаад О.Гэрэлсүх ахыг сонгосон доо. Киноны агуулгын хувьд хүн санаатай ч бай, санамсаргүй ч бай алдаа гаргадаг. Цаг хугацааг ухрааж болдоггүй учраас алдаа бүрд заавал нэг төлөөс бий болдог. Гэтэл түүнийг чи юугаараа төлөх вэ гэхээр мэдээж чамд дахиж олдохгүй цаг хугацааны төлөөс байдаг юм. Энэ утгыг дэлгэцээр дамжуулан аав хүний хайр, үр хүүхдийн өнчрөл хагацлын тухай өгүүлэхийг зорьсон.
-Сэдвийн хувьд яагаад тийм сэдэв шүүрч авсан юм бэ. Эрт хийсэн алдаагаа эцэг нь хожуу ч гэсэн үрдээ төлжээ гэж ойлгож байгаа. Энэ сэдвээр юу хэлэхийг хүсэв?
-Үнэнийг хэлэхэд хүүгээ таван настай байхад нь манай гэр бүл салж байсан юм. Би ч гэсэн хүүхдийнхээ өмнө төлж амжаагүй яваа төлөөстэй эцэг хүн. Хүүгийнхээ аавтайгаа өсөх насны жаргалыг нь өгч чадаагүй муу эр хүн, муу эцэг /нулимс цийлэгнэв/. Тийм учраас аав нь хүүдээ цаг хугацааны өртэй яваа юм шүү гэдгийг хэлэхийг зорьсон. Өөрийгөө О.Гэрэлсүх ахаар, хүүгээ гол дүрийн охиноор төлөөлүүлсэн л дээ. Нэг үгээр хэлбэл, дотор байсан өөрийнхөө зүйлийн талаар бичсэн гэсэн үг. Олон аавыг битгий тийм алдаа гаргаасай гэж хүссэн учраас энэ уран бүтээлийг хийсэн хэрэг.
-Гол дүрийн жүжигчдийн сонголт ч сонин байлаа. О.Гэрэлсүх ихэвчлэн хүчирхийлэгч муу эрийн дүрд тоглодог. Гэтэл Ц.Номин бол гэнэн тэнэг бүсгүйн дүрээр танигдсан. Мөн Т. Бархүүгийн сонголт тун содон байлаа?
-Кинонд тоглох жүжигчдээ бид ярилцаж байгаад сонгосон л доо. Баян хөрөнгөтэй хүн гэхээр өөр зиндаанд харагддаг нь нийтлэг ойлголт шүү дээ. Түүнээс илүү өөр ойлголт буюу юм үзэж нүд тайлсан, хөдөлмөрлөж бүтээсэн хүн илүү энгийн байх болов уу гэж бодсон. Юу өмсөх вэ гэхээс илүү юу хийж бүтээвэл үнэ цэнэтэй вэ гэдгийг мэддэг. Өөрөө, өөрийнхөө хийж байгаа зүйл, сэтгэж буй тархи нь капитал болчихсон хүмүүс байдаг даа. Киноны дүр яг л тийм учраас аль болох энгийн амьдралд ойрхон байх хэрэгтэй гэж бодож дүрээ ярилцсан юм. Ер нь уран бүтээл хийж байгаа найруулагч, жүжигчид дүрдээ дурладаг л даа. Т.Бархүү, О.Гэрэлсүх, Ц.Номин гээд бүгд л өөрөө өөрийнхөө дүрд дурлаж тоглосон нь илт байсан шүү. Дүрийн сонголт их гоё болсон. О.Гэрэлсүх ахыг сошиал орчинд харьцуулаад тавьчихсан байна билээ. “Ларьдмаа” кинонд хүчирхийлэгчийн дүрээр гарч ирсэн бол “Төлөөс” кинонд хамгийн сайн аав байлаа гэх мэтээр олон өнцгөөр бичсэн байсан. О.Гэрэлсүх ах ч үнэхээр сайхан тоглолоо.
-Ер нь та ямар сэдвүүдэд илүүтэй анхаарал хандуулахыг хүсдэг вэ. Нийгэм тэртээ, тэргүй бухимдалтай байхад дандаа хүчирхийлэл, хар бараан зүйлийг уран бүтээлчид олж харж байна гэх өнцгөөр ханддаг л даа.
-Тухайн үед ямар төрлийн кино хиймээр байгаа тэр мэдрэмжээ сонсоно. Удахгүй бид их гоё адал явдалтай кино хийхээр зорьсон. Киноны дүрээр нийгмийн аль нэг чиглэлийг төлөөлөл болгох, эсвэл зарим хүмүүс, нийгмийн тодорхой бүлэгт зориулсан гэх мэтчилэн ялгаатай байдаг л даа. Мэдээж кино уран бүтээл ямар нэгэн зүйлийн санааг олон нийтэд заавал өгнө шүү дээ. Түүнээс биш нийгмийн яг энэ асуудлыг дурдая гэсэн юм одоогоор алга. Гэхдээ зохиол юм чинь хүн үзээд тодорхой хэмжээгээр үнэлэмж авдаг байх ёстой. Бид амьдралыг өчнөөн өнгийн асуудалтай гэдгийг мэддэг ч тоолж барахгүй. Уран бүтээлч хүний хувьд киноны агуулга, зураг авалт гэх мэтчилэн олон зүйлүүдийг анхаарна. Гэхдээ тэр дотроо нийгмийн аливаа асуудлыг хөндөхийг нь хөндөөд, шигтгээд явна.
“Хараал идсэн Сталин” хэмээх зохиолоо кино болгохыг мөрөөддөг
-Найруулагчийн хувиар ажиллах, жүжигчин байхаас илүү их хөдөлмөр шаардаж байна уу. Ялгаатай байх нь мэдээж шүү дээ?
-Миний хувьд цөөнгүй зохиол бичсэн шүү. Кино бүтээл болоод гарчихсан нь ч байна. Бичээд орхисон зохиол ч байгаа. Найруулж байсан кино ч бий. Энэ нь өөрийгөө нэг чиглэлд оруулъя гэхээс илүү уран бүтээлч залуу хүнийхээ хувьд гаргаж буй дэвшил юм. Зохиол бичих хүсэл их байдаг. Зохиолоос зохиолын хооронд сайжруулах зүйл ч бас их бий. Өмнө нь бичсэн зохиолын санаа нь гоё атлаа, санаа нь алдаатай гэх мэтчилэн бэрхшээл ч гардаг. Төгс болгох гээд хичээгээд байгаа ч яг үнэндээ ямар зохиолыг төгс зохиол гэх юм /инээв/. Нэг хүнээс гарч буй санаа бүх хүнд таалагдахгүй шүү дээ. Үлгэр хүртэл бүх хүүхдэд таалагддаггүйтэй адилхан. Ердөө л уран бүтээлч хүний хувьд бичих хүсэлтэй. Найруулагчийн хувьд өөрийгөө ахиулахыг зорино. Жүжигчний мэргэжлээ ч орхино гэж байхгүй. Гэхдээ бүгдийг хослуулах цаг зав хэр байх билээ. Зүгээр л хүсэл, хоббигоороо явж байна гэх үү дээ. Хүмүүс миний зохиолыг, найруулгыг үзээд таалагдвал түүнээсээ кайф авдаг юм.
-Уран бүтээлчийн хувьд тоглохсон гэж боддог дүр, найруулагчийн хувьд найруулахсан гэж бодож яваа том бүтээл байдаг уу?
-Удахгүй хийх адал явдалт кинонд маш их ач холбогдол өгч байгаа. Өөрийгөө сорих том алхам болно. Киноны зохиол дууссан, арваннэгдүгээр сар гараад мотор дуугарна даа. Бас түүхэн кино хийх хүсэл бий. Энэ төрлийн кино, сэдэв агуулга том хүрээтэй. Хэдэн жилийн өмнө бичсэн “Хараал идсэн Сталин” хэмээх зохиолоо кино болгохыг мөрөөддөг. Энэ киноны агуулга нь Халимагийг Буриадуудтай хооронд нь тулалдуулсан, дэлхийн хоёрдугаар дайны үеийн золиос болсон ард түмний гашуун түүхийн тухай юм. Нэг л өглөө босоход Халимагийн ард түмнийг ачааны галт тэрэгт хийгээд Сибир рүү цөлсөн хүн бол Сталин. Тэр үеийн тухай түүхэн киноны том төсөл гэж боддог. Халимаг улсын түүхийг ч их судалсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн буриадууд, халимагуудын тухай түүхэн баримтуудад тулгуурласан зохиол учраас энэ бол миний чин хүсэл. Халимагийн ард түмний дунд ардын дуу шиг дуулагддаг “Сталин чиний махыг нохой тасдаж идээрэй” гэдэг дуу хүртэл бий. Сталин гэдэг хүн энэ ард түмний сэтгэлийг тэгтэл нь шимшрүүлж, ясыг нь сийртэл, улаан махаа сэмэртэл зовоосон гэж түүхэнд гардаг шүү дээ. Энэ хэцүү үед юу туулж гарсан бол. Аймаар байгаа биз. Энэ түүхийг “Хамаг Монгол” төсөл хийгдэж байхад МУГЖ дуучин С.Жавхлангаар яриулж байлаа. Түүнээс хойш судлаж, бичсэн юм. Одоогоос хоёр сарын өмнө сөхөж харахад мэр сэр алдаа байсан ч кино хийгдэх боломжтой болох хүртэл зохиолоо сайжруулна даа. Хийх юмсан гэж хүсдэг ганцхан кино минь юм даа.
Хошин урлагт хэрхэн өөрчлөлт хийх вэ гэдгийг продакшнууд ярилцаж байгаа
-Таны хувьд анх хошин урлагаар гарч ирсэн. Одоо ч “Эмоци” продакшндаа ажиллаж байгаа. Сүүлийн үед олон нийт хошин урлагийг их шүүмжилдэг болжээ. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?
-Уран бүтээлч, продакшнуудаас их хамаардаг байх. Ер нь хошин урлаг шүүмжлэлд өртөхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Яагаад гэвэл хошин урлаг өөрөө нийгмийн аливаа сайн муу, сайхан муухай зүйлийг зоригтойгоор хэлэхээс гадна, элэглэж, хошин хэлбэрээр илэрхийлдэг шүү дээ. Тэр нь зарим хүнд доромжлол харагддаг бол, заримд нь егөөдлөөр, “нээрээ тийм ч юм уу” гэх маягаар харагддаг байх. Ерөөсөө л амьдралыг хөнгөнөөр хүлээж авдаг хүмүүст хөгжилтэй харагддаг бол хүндрүүлж хүлээж авдаг хүнд шүүмжлэлтэй харагддаг хэрэг. Монголын хошин урлаг энэ чиглэлээр, хэмнэлээрээ яваад 30 орчим жил болжээ. Тиймээс хошин урлагийн төрөлд бага зэрэг өөрчлөлт хийгдэх ёстой. Гэхдээ тэр өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдгийг олон продакшнууд хоорондоо ярилцаж байгаа. Одоохондоо уламжлалт хэлбэрээр яваад байна. Бидэнд өөр гаргалгаа байхгүй болчихоод байна, үнэндээ. 30 жил энэ хэмнэлд дасчихсан үзэгчдийн үзэх, харах өнцгийг шууд өөрчилчих гэхээр хүлээн авах сэтгэлзүй хэр байх бол доо. Тэгэхээр бага багаар уусгах маягаар өөр түвшинд очих шаардлага гарна гэж боддог юм. Үзэгчид цахим орчноор аялж, дуртай зүйлээ сонголттойгоор үздэг болсон учраас харьцуулах зүйл их болчихсон. Тэгэхээр биднийг шүүж эхэлж байгаа юм. Асар олон зүйлийг харьцуулж үзээд шүүх шүүлтүүртэй болчихсон.
...Ерөөсөө л амьдралыг хөнгөнөөр хүлээж авдаг хүмүүст хөгжилтэй харагддаг бол хүндрүүлж хүлээж авдаг хүнд шүүмжлэлтэй харагддаг хэрэг. Монголын хошин урлаг энэ чиглэлээр, хэмнэлээрээ яваад 30 орчим жил болжээ. Тиймээс хошин урлагийн төрөлд бага зэрэг өөрчлөлт хийгдэх ёстой...
Угаасаа л нийгэм, цаг үе нь ийм учраас яах ч арга байхгүй. МУГЖ С.Өлзийхүү эгчид “Манай монголчууд хошин мэдрэмж өндөртэй хүмүүс шүү” гэж хэлтэл “Аргагүй шүү дээ миний дүү. Хошин шогийн мэдрэмжтэй болтол нь 30 жил хүмүүжүүллээ” гэж хэлж билээ. Нээрээ л байж болохоор зүйл байгаа биз. 10 насандаа хошин шог үздэг байсан хүүхэд өнөөдөр 30 настай болчихоод байхад хошин мэдрэмжийн суурь тэр хүнд үлдсэн байгаа. Яриа хөөрөөнөөс нь сонсоход л хошигнох нь энгийн үзэгдэл мэт болчихсон байх нь аргагүй шүү дээ. Урлаг гэдэг бол нийгмийн аливаа зүйлийг тодорхой чиглэлээр олон нийтэд хэлж байх ёстой. Гэгээлэг зүйлийг ч дагуулах ёстой. Урлагаас, киноноос, хошин шогоос хүмүүс хоорондоо үүсээд буй мэддэггүй, анзаардаггүй хэрнээ алдаад байдаг харилцааг л харуулж өгдөг. Ойлгуулахыг ч хичээдэг. Дэлхийд амьдарч байгаа долоон тэрбум хүнээс нэгбүрчлэн “чи ямар үзэл бодолтой вэ” гэж хэн ч асууж үзээгүй. Гэхдээ бид өөрийнхөө амьдарч буй ертөнц дотроо, эргэн тойрон хүрээлэн буй орчноос өөрийн мэддэг зан араншингаас татан авч бүтээл болгож байна. Тэр нь нийгмийн зарим нэг хүний төлөөлөл байдаг. Заримынх нь огт мэдэхгүй зүйл ч байгаа. “Хэзээ ийм зүйл байдаг юм” гэж үгүйсгэдэг. Гэхдээ байж болдог л байхгүй юу. Үзээгүй юм аа үзээгүй л юм чинь арга байхгүй, тийм биз дээ.
-Тэгвэл дэлгэцийн урлагийн өнөөгийн хөгжлийн талаар юу хэлэх вэ?
-Манай дэлгэцийн урлаг сайн хөгжиж байна. Телевизүүд дэлхийн алдартай шоуг албан ёсны эрхтэйгээр мэргэжлийн түвшинд контент болгож эхэллээ. Хүмүүс ч сайхан хүлээж авч байна. Гэхдээ, үнэхээр гоё хөгжөөсэй гэж бодож байтал зах зээлийн хумигдал, хүн амын тоо, эдийн загсийн байдал нь нөлөөлдөг. Гурван сая иргэнтэй улсад кино хийгээд ашиг олж амьдрах хэцүү. Уран бүтээлчид холливудын үнэтэй, том тоног төхөөрөмж авчраад, хамгийн бага өртгөөр гэж тооцоход 20 тэрбум төгрөгөөр кино хийвэл бид өрөнд орно. Бодит амьдрал дээр кино хийх хүсэлтэй л болохоос биш хийсэн киногоороо амьдрах ямар ч аргагүй болно. Манай зах зээл ийм байгаа юм. Тэгэхээр уран бүтээлчид аль болох гадныхантай холбогдож, дистрибьютер гэдэг шиг зураач, жүжигчин, найруулагч гээд шинийг эрэлхийлж байх хэрэгтэй. Харин техник, тоног төхөөрөмжийн хувьд гадныхны л хэрэглэдэг техникийг хэрэглэдэг. Холливудын кинонд 40 гэрэл хэрэглэдэг бол монголчууд ердөө тавыг нь хэрэглэдэг байх жишээтэй. Солонгос улсын кино фильмд очоод гэрээ хийж байлаа. Тэгэхэд студид нь очиж танилцахад павилонд байсан техник, хэрэгслийг хараад үнэхээр ангайсан. ”Эвий дээ, Монголын киночид ёстой л хүсэл мөрөөдлөөрөө энэ салбараа чирч яваа уран бүтээлчид юм даа” гэж өөрийн эрхгүй бодсон. Тийм болохоор хэнийг нь ч шүүмжлэхийг хүсдэггүй. Хэнийг ч муулахыг хүсдэггүй. Монголын киноны уран бүтээлч болгоныг хайрладаг. Энэ хүмүүс үнэхээр чадахаараа ажилладаг. Одоо болтол алдсан ч алдаанаасаа шантраагүй, дахин дахин хийсээр яваа уран бүтээл ч байна шүү дээ.
Өнчин хүүхдийнхээ харцнаас өөрийгөө олж хараарай
-Киноны тухай хууль батлахаар яригдаж байгаа. Уран бүтээлчдийг дэмжих асуудал давхар яригдана лээ. Гэтэл кинонд төрөөс мөнгө зарцууллаа гэж шүүмжлэх хэсэг ч байна?
-Урлаг гэдэг зүйл төрийг буюу улс эх орныг сурталчлах ёстой салбар. Тухайлбал, Хятадын төрд улс орноо дэлхийд сурталчлахад зориулж “Өнөө жил хэчнээн кино хийх вэ” гэдэг асуудал заавал яригддаг. Өөрөөр хэлбэл, төр нь улс орноо дэлхийд сурталчлах уран сайхны киног дэмжиж, санхүүжүүлж байна шүү дээ. Дэлхийд Хятад орныг сурталчилснаар гадны жуулчдыг татах замаар асар их мөнгийг эх орондоо оруулж байна. Түүн шиг “Монголынхоо тухай ийм кино хий, дэлхийд гарах хэмжээнд бид дэмжинэ” гэдэг үг хэрэгтэй байна. Холливуд байя гэхэд, бусад улсын Засгийн газартай Соёлын яамаараа дамжуулан харьцаад өг л дөө. Тухайн улсын дэлгэцээр мэргэжлийн дуу оруулалттай монголчуудын киног гаргамаар байна шүү дээ. Тэр киног үзсэн Монголыг сонирхсон хүмүүс хэдэн зуугаараа ирэх вэ, бод доо. Аялал жуулчлалыг дагаад жижиглэн худалдаанаас эхлүүлээд томоохон үйлчилгээний салбар хүртэл хөгждөг юм шүү дээ. Тэд ирээд бидэнд татвар төлнө. Буцаагаад төр түүнийг нь авна. Хоорондоо уялдаа, холбоотой ажилламаар байна.
Монголд киноны хууль батлах гэж байгаа л бол ийм маягаар батлах хэрэгтэй. Монголд юу нь муухай гээч. Хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулж кино урлагийн төсөл гаднаас орж ирдэг боловч түүнийг нь телевизийн, эсвэл нам, улс төрийн хэдэн хүн булааж аваад нохойн баас шиг кино хийчихдэг. Төслийн хүрээнд кино гарсан гэсэн нэртэй цаас бөглөөд явуулчихна. Хэдэн жилийн өмнө Солонгосын их сургуулиас таван оюутныг киноны таван төрлөөр сургахаар хүн ирсэн юм. Гэтэл тухайн үед дээгүүрээ хөөцөлдөж байгаад 40 гаруй настай хэдэн хүн явсан ч цаашаа харлаад явчихсаныг нь би мэднэ. Таван залуу бэлтгэх гэж байхад 40 гаруй настай хүмүүс зүгээр визтэй болох гээд явчихаж байгаа нь харамсалтай байгаа биз. Ийм өлөн байж болохгүй шүү дээ. Бид аль ч салбартаа дээгүүрээ иддэг ийм муухай тогтолцоогоо болих хэрэгтэй. Кино урлаг хөгжиж байж, тухайн орныг тодоор сурталчлахад хүргэдэг. “Монгол орон гэж ийм сайхан орон байна” гэж гадныханд харуулж, тэдэнд хүлээн зөвшөөрүүлсний дараа арай өөр хандлагатай болно. Кино урлаг хүнд асар их нөлөөлдөг.
-Монгол ахуй соёл, эцэг эхийгээ, эхнэр нь нөхрөө яаж хүндэлж, дээдэлдэг байсныг харуулсан кино хиймээр санагддаг юм. Монгол ахуйгаа мэдэхгүй залуус зөндөө байна шүү дээ. Үүнийг мэдэхгүй учраас үр хүүхэддээ ч ахуйгаа таниулахгүй хүмүүжүүлнэ биз дээ?
-Киноны тухай хууль батлах бас нэг учир шалтгаан нь таны хэлсэн энэ санаа юм. Цөөхөн хүн амтай манайх шиг улсад үндэсний аюулгүй байдал гэдэг чухал зүйл. 30 сая хүнтэй байсан бол хамаа алга. Киноны хуультай болсон цагт л энэ асуудлыг дэмжсэн төсөл хэрэгтэй байхгүй юу. Түүнд нээлттэй тендер зарлаад үнэхээр сайн уран бүтээл сонгох хэрэгтэй. Телевиз, цахим орчинд ийм контент нийлүүлж хүүхэд, залууст хүчээр ч болтугай хүргэх ёстой. Мөөжиг сайн дураараа тийм контент хийгээд шатчихвал, өөрөөрөө л тоглосон асуудал болно. Монгол гэрийн дотор амьдрах ухаан бий болж байдаг. “Өсөхөөс чинь авахуулаад гэрийнх нь хойморт суусан хүнийг эцэг гэдэг юм. Хүн бүр түүнийг таалдаг. Чиний хажууд дээр сууж байгаа хүнийг ах гэдэг .Түүний дээр сууж байгаа нь эгч. Өсөхөөсөө эхлээд л ийм хүндлэлийг сурсан. Хэзээ ч гэр бүлийн хүндлэлээ мартаж болохгүй” гэдэг хүмүүжлийн соёл монгол гэр дотор явагдаж байдаг. Монгол гэрт байгаа хүн худлаа ярьдаггүй. Булан тойроод худлаа ярих нөхцөл байдаггүй учраас тэр. Энэ мэтчилэн, энгийн хэрнээ амьдралд байх шаардлагатай асуудлыг ахуйгаараа дамжуулж хүмүүжлийг олон түмэнд түгээдэг байх ёстой. Түүнээс биш зүгээр нэг телевиз энэ асуудлыг хөндөөд уран бүтээл хийлээ гэхэд тэр телевизийн хувийн контент болж үлдэнэ. Нийгэмд үйлчлэх хэмжээний хүмүүжлийг олгож чадахгүй. Тэгэхээр нийгэмд үйлчлэхийн тулд киноны хууль маш сайн батлагдах ёстой гэдгийг дахин, дахин хэлмээр байгаа юм.
...Монгол гэрийн дотор амьдрах ухаан бий болж байдаг. “Өсөхөөс чинь авахуулаад гэрийнх нь хойморт суусан хүнийг эцэг гэдэг юм. Хүн бүр түүнийг таалдаг. Чиний хажууд дээр сууж байгаа хүнийг ах гэдэг .Түүний дээр сууж байгаа нь эгч. Өсөхөөсөө эхлээд л ийм хүндлэлийг сурсан. Хэзээ ч гэр бүлийн хүндлэлээ мартаж болохгүй” гэдэг хүмүүжлийн соёл монгол гэр дотор явагдаж байдаг...
-Ярилцлагын төгсгөлд залуу хүнийхээ хувьд бусад залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна?
-Өнөөдөр залуу бас бүсгүй чи гэр бүлээсээ салж байгаа бол өнчин хүүхдийн харцнаас өөрийгөө олж хараарай. Хүүхдийнхээ нүдийг битгий өлсгөлөн байлгаасай, эхнэрийнхээ нүдийг битгий ядуу байлгаасай гэж хүсье. Энэ хорвоод сэтгэл, харц хоёроо дүүргэхийн тулд хүн хайраар “хооллодог” юм. Жаахан хүү, охин чинь чам руу ямар гоё харсан харцыг чи л өөрөө өнгөрөөчихсөн шүү. Энэ бол чиний цаг хугацааны төлөөс, чи насаараа харамсаж явах шалтгаан. Би ингэж л хэлмээр байна. Ийм л зүйлийг ойлгоосой. Би өөрөө биеэрээ мэдэрсэн учраас шаналж явдаг юм шүү.