Бүсгүй хүний гоо сайхан, ариун хайр, нууцхан сэтгэл гээд сэтгэлийн чанадад нуугдах гэгээн бүхнийг уран бүтээлээрээ хүргэж, уянгалаг намуухан хоолойгоороо олон олон фэнүүдийнхээ хайртай дуучин болж, 25 жил урлагийн алтан тайзнаа гялалзаж буй дуучин Б.Баярцэцэг “АСА арена”-гийн тайзнаа хоёр өдөр буюу маргааш, нөгөөдөр /03.07, 08/-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар болсон билээ. Тэгвэл 25 жилийн ойгоороо хийж буй түүний томоохон бие даасан тоглолтод ямар, ямар гэнэтийн бэлэг байгаа, ямар онцлог шингэсэн талаар тоглолтын зохион байгуулагч хийгээд ивээн тэтгэгчдийн хамтаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “TJ international”-ийн продюсер Ж.Түвшинжаргал хэлэхдээ АСА аренатай хамтарсан дуучин Б.Баярцэцэгийн тоглолт цоо шинэ дуугаралт, цоо шинэ орчноос, хамгийн тансаг дуугаралттайгаар үзэгчдэд хүрнэ гэдгийг онцлов.
Дуучин Б.Баярцэцэг “Та бүхэн маань сайхан шинэлсэн үү. АСА арена засвараа хийж байгаа гэдгийг сонссоны дараа энд тоглолтоо хийнэ гэж төлөвлөсөн байсан. Засвар дуусаагүй байхад л бид энд тоглоно шүү гээд тов тогтоочихсон, манай залуус ч шуурхай ажилласнаар өнөөдөр тэр өдөр маань ирлээ. Маш их догдолж байна. Бие даасан тоглолт бүр маань миний хувьд хамгийн том баяр байдаг. 25 жилийн өмнө өдийд анхны дуугаа гаргаж байжээ. Тоглолт маань жил ирэх тусам илүү чамбай болж, сайжирч байдаг.
Энэ жил амьд хөгжим, оркестр буюу live concert гэдгээрээ онцлог. Миний хувьд өнгөрсөн жилүүдэд хамгийн сайн хөгжимчин, продюсер, дууны, гэрлийн техникчдийг цуглуулж, хамгийн сайн хамт олныг бүрдүүлж чадсан гэж боддог. Энэ жил би цоо шинэ пянзаа хэвлүүллээ. Харамсалтай нь хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулж чадсангүй. Тоглолтын маань гол сюрприз тэр байх болно. Намайг олон жил амьдарч, дуулахад надтай хамт байсан, намайг хайрлаж байсан бүсгүйчүүдтэйгээ хоёр өдрийг өнгөрүүлэх гэж байгаадаа маш их баяртай байна. Тоглолтоо би хойшлуулах бодолтой байсан ч бүсгүйчүүдтэйгээ чи хамтдаа байх ёстой гэж урамшуулж, энд өнөөдөр сууж байгаад найздаа маш их баярлалаа.
Улсын хэмжээнд энэ өдрүүдэд маш их тоглолт байгаа. Биднийг сонгосон та бүхэндээ маш их баярлалаа. Хамтдаа дуулж, дурсамжаа сэдрээж, уярч суухыг хүсэж байна. Миний фэйжээр нэг залуу би эхнэртээ гэрлэх санал тавих гэж байгаа юм аа гэж орж ирсэн. Та бүхний нандин дурсамжийг хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна.
Лэд гэрлийг зөвхөн нэг талд зоосон нь хэт халуун байлгахгүй гэж хичээсэн. Аль ч өнцгөөс тайз маш гоё харагдахаар зохион байгуулсан. Хүн бүхэнтэй бид хамтдаа байх болно. Би өөрөө бүх дуунуудаа найман албомнаасаа сорчилж түүж оруулсан. 2011 онд хамгийн анх бие даасан том тоглолтоо хийж байхдаа их сандарч байлаа. Одоо харин би фэнүүдтэйгээ хамт илүү туршлагатай болсон болов уу.
Намайг алдаатай минь цуг хайрладаг үнэнч фэнүүдтэй болсон нь миний хамгийн том бахархал. Би их олон жил энэ тайзан дээр байжээ гэж эргэж хараад бодож сууна. Тун удахгүй орон нутгаар тоглолт хийж, орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах бодолтой байгаа. Өөжгий ахаас дуу хүсээд 15 жил хүлээсний эцэст дуу авч, найман сар тэр дуун дээрээ хамтарч ажилласан. “Би хайрыг мэднэ” цоо шинэ дуугаа энэ тоглолтод дуулна” хэмээв.
Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Синдерелла” гоо сайхны эмнэлэг, гутлын Ceox брэнд, цүнхний Coccinelle брэнд, Pergale шоколад, D lights, Orgil media, Happy store, AСА арена хамтран ажиллаж буй бөгөөд “D lights”-ийнхан дуучны хүсэл мөрөөдлийг биелүүлж дугуй тайз засаж, цаашлаад “Дурласан цас” дууг дуулах үед дэлхийн тайзнаа ашиглагддаг хиймэл цас оруулахаар төлөвлөжээ. Мөн дуучин бүсгүй маань өөрийн хамгийн содон фэнүүдэдээ гутал, цүнх бэлэглэхээс гадна VIP тасалбар авсан бүсгүйчүүдэд “Синдрелла” гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлэх эрхийн бичгээс гадна цоо шинэ бүтээгдэхүүний дээжээс нь бэлэглэхээр болсноо дуулгав.
Дуучин бүсгүйн хоёр өдөр болох бие даасан тоглолтын билет "omni pay"-ээр борлуулагдаж дууссан бол "shoppy.mn"-ээр цөөнгүй хэдэн билет үлджээ. Уншигч та Shoppy.mn сайт руу орж билет захиалснаар таны сонгосон суудлаас тайз хэрхэн харагдахыг тод үзүүлсэн, 100 хувь амьд хөгжимтэй гэдгээрээ онцлог гэдгийг Ерөнхий продюсер Ж.Түвшинжаргал онцоллоо.
Тоглолтоо "Diva" хэмээн нэрлэсэн тухайгаа “Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд маань олон талаараа ачаа үүрч яваа. Тэдний нуруун дээр олон салбар тогтож буй. Маш хүчирхэг, хүчтэй гэдэг утгыг энэ үг илэрхийлдэг. Урлагийн салбар тэр дундаа рок, попын салбарт Б.Баярцэцэг маань энэ нэрний болзлыг хангасан гэж бодож байгаа. Эмэгтэйчүүдийн баярт зориулсан учраас эмэгтэй хүн бүхэн та бүхэн "diva" шүү гэж хэлж байгаа юм” гэв. Тоглолтод дуучин бүсгүйтэй хамт уран бүтээл туурвисан дуучин Наагий, Limit King, Ice top, “Болор” хамтлагийн дуучин С.Оргил, Ятгын хатан хаан Д.Мөнх-Эрдэнэ, Анир поп оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор болжээ.