БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Б.Дөлгөөн охинтой ярилцлаа. Түүний хувьд Солонгос улсад сурахынхаа хажуугаар 10 гаруй кинонд туслах дүр бүтээжээ.
-Солонгос улсад хэчнээн жил амьдарч байна. Яагаад энэ улсад сурах болсон бэ?
-Намайг Баяраагийн Дөлгөөн гэдэг. Солонгос улсад таван жил сурахдаа эхний жил нь хэлний бэлтгэлд сураад, дараагийн дөрвөн жилд Олон улсын худалдааны мэргэжлээр сурч, 2018 оны долдугаар сард Их сургуулиа төгссөн. Монголд байхдаа нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” сургуулийг 2012 онд төгссөн. Багаасаа гадаадад сурч боловсрох хүсэлдээ хөтлөгдөж, 10 жилийн сургуулиа төгсөөд Солонгос улсыг зорьсон юм. Гадаадад сурах хүслийг минь ээж, аав хоёр дэмжсэнд маш их баяртай байдаг. Өөрөө энэ замыг сонгосон учраас Солонгост очоод ямар ч зүйлд шантарч байгаагүй. Анх миний хувьд орон орноор явж, аялдаг болохоор онгоцны үйлчлэгч мэргэжилтэй болохыг мөрөөддөг байлаа. Гэсэн ч тодорхой шалтгааны улмаас Олон улсын худалдааны мэргэжлийг сонгосон. 10 жилийн сургуульд байхдаа математикийн хичээлдээ тийм ч их дуртай биш байсан. Сонирхолдоо хөтлөгдөөд энэ мэргэжлээ сонгосон ч харамсдаггүй.
-Солонгос улсад сурч байхдаа кинонд туслах дүр бүтээсэн байсан. Хэчнээн кинонд ажилласан бэ?
-Азийн кино урлаг дэлхийн кино урлагийн салбарт тэргүүлж байгаа гэж боддог. Тэр ч утгаараа миний сонирхолыг татсан. Нөгөө талаас зурагтаар гарах сонирхолтой гэх үү дээ. Бага байхдаа “Үжин” гэдэг агентлагт сурч, “SCH” телевизийн хүүхдийн шууд нэвтрүүлгийг хөтөлдөг байлаа. Хөтлөгч болъё гэж бодсон ч аав, ээж хоёр маань ажлын байрны хүрэлцээ хомс гэж зөвлөж байсан юм. Би ер нь өөрөө өөрийгөө нээх, аливаа зүйлд сорьж үзэх сонирхолтой учраас туслах дүр байсан ч надад гоё санагдсан. Энэ хугацаанд нийтдээ 10 орчим киноны туслах дүрд тоглолоо. Бараг оролцсон гэх үү дээ. Гэхдээ кино гэж явах зуур Их сургуулиа төгсөж, диплом бичих хэрэгтэй болсон учраас завгүй болсон юм. Гэтэл миний менежерээр ажиллая гээд нэг хүн үргэлж над руу утасддаг болсон. Намайг утсаа авахгүй болохоор “Яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ” гэж асуухад нь үнэнээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, хичээлтэй учраас татгалзсан хариу өгч байлаа. Гэхдээ “завтай болохоороо би тантай эргээд холбогдоно” гэдгээ хэлсэн л дээ. 10 гаруй кинонд тоглосон үг хэлэхгүйгээр нүүр царайгаа харуулах байдлаар оролцсон. Үг хэлэх хэсэг байсан ч би чадахгүй нь гээд татгалзсан. Яагаад гэхээр миний хувьд ямар ч кино урлагийн сургууль, сургалтад сурч үзээгүй, яаж жүжиглэхийг мэдэхгүй шүү дээ. Менежерээр ажиллах хүсэлт тавьсан хүн 1-2 жилийн гэрээтэй ажиллах уу гэсэн юм. Харин хөлсөнд нь чи надад 300 мянган вон өг гэсэн.
-300 мянган воныг юунд зарцуулах уу. Зөвхөн чиний менежерээр ажиллах хөлс юм уу. Чамайг жүжигчний сургалтад хамруулах хөлс багтсан уу?
-Долоо хоногт хоёр удаа жүжиглэлтийн сургалтад суух төлбөр багтсан юм билээ. Харин бусад өдөр нь реклам, киноны жижиг дүрд тоглож чадвал тэрнээс илүү мөнгө цуглуулах боломжтой гэсэн. Түүнд төлсөн 300 мянган воноо бараг нэг сая вон ч болгох боломж байсан. Гэхдээ яах аргагүй дөрвөн жил сурчихсан учраас сургуулиа төгсөхийг нэн тэргүүнд тавиад дипломын ажилдаа эрчимтэй орсон. Одоо тэр хүн эсвэл өөр хүн миний менежерийг хийгээд хамтран ажиллах уу гэвэл надад татгалзах зүйл байхгүй.
-Солонгос жүжигчидтэй хэр сайн танилцсан бэ. Чамайг яаж хүлээж авсан бэ?
-Монголчуудын сайн мэддэг ахимаг насны жүжигчин эгчид өөрийгөө монгол хүн гэж хэлэхэд маш сайхан хүлээж авсан. Даанч зураг авч чадаагүй. Киноны зураг авалт хийх хугацаанд ямар ч жүжигчинтэй зураг татуулж болохгүй гэсэн хуультай юм билээ. Бүр зураг, бичлэг хийж болохгүй, утсыг нь хураагаад авчихдаг. Гэхдээ өөр жүжигчинтэй дараа нь зураг авахуулж байсан.
-Нэг удаад туслах дүрд ажиллахад хэдэн воны цалин авдаг вэ?
-Кино бүр харилцан адилгүй. Ойролцоогоор 80-100 мянган воны цалин авдаг. Урт үстэй байсан учраас модель хийж байсан юм. Тэр нь нэг цагийн 30 мянган воноор цалинждаг. Тэгэхээр өдөрт 80 орчим мянган воны цалинтай ажилладаг байсан.
-Чи тэгэхээр төгссөн мэргэжлээрээ ажиллах уу, кино урлагт өөрийгөө сойж хөгжүүлье гэж бодож байна уу?
-Кино бол миний хобби. Харин мэргэжлээрээ ажиллахын хувьд ажиллана. Зөвхөн ажлаа хийгээд явахаар уйтгартай шүү дээ. Амьдралаа сонирхолтой болгохын тулд хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь гоё шүү дээ. Хажуугаар нь хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй гэж бодож байна. Монгол залуус сайн хөдөлмөрлөвөл бусад орон шиг хөгжилтэй болох цаг удахгүй байх.
-Солонгос залуусын нийгэмдээ хандах хандлага өөр байдаг учраас хөгжил нь тэр чинээгээрээ сайн байдаг гэж тэнд ажиллаж, амьдарч байсан олон хүнээс сонсож байсан юм байна?
-Тийм шүү. Нэг жишээ дурдая л даа. Солонгосын 24 цагийн сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхээр үүдээр нь ороход л “Сайн байна уу тавтай морил” гэж уриалгахан хэлдэг. Ямар ч хувцастай хүн байсан эелдэг харьцдаг. Жижиг захаар үйлчлүүлсэн ч найрсаг ханддаг. Гэтэл манай улсад хаана ч явсан ууртай уцаартай, үйлчлүүлэгчдээ таагүй хандана. Бүгд биш л дээ. Ихэнх нь тийм байдаг юм шиг санагддаг. Нэг л их стресс бухимдалд автсан хүмүүс. Соошл орчинд гарч байгаа муу муухай мэдээллийг олж уншчихаад өөрсдийгөө стресстүүлээд байдаг юм билээ/инээв/. Ер нь хүн мөнгө олох гэж, амьдралаа залгуулах гэж ажил хийдэг биз дээ. Тэрнээс биш ажил хийж байна гээд стресстэх ямар ч шаардлага байхгүй. Ямар ч үйлчилгээний газар үйлчлүүлэгчид хүлээлт үүсдэг. Тэгэхэд солонгос хүмүүс хэзээ ч үйлчлүүлэгчээсээ төвөгшөөдөггүй. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь маш тэвчээртэй ханддаг бол Монгол Улсад харин эсрэгээрээ юм шиг санагддаг. Манай залуус өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж байгаа юм чинь сайхан эелдэг байгаасай гэж хэлмээр санагддаг юм. Сурч байхдаа хоёр жилд нэг удаа эх орондоо ирдэг байсан. Орчин нөхцөл шал өөр. Бас солонгосчууд аливаа ажлын ард гарахын тулд тууштай хөдөлмөрлөдөг. Бүх зүйлдээ сэтгэлээсээ ханддаг нь таалагддаг. Жишээлбэл, киноны зураг авалтаар хүйтнийг тэвчиж байгаад зураг авалтаа дуусгана. Бас солонгосчууд гадаад төрхөндөө маш их анхаардаг учраас хүйтэнд нимгэн хувцастай гүрийж байгаад зураг авалт дуусангуут дулаан хувцсаа өмдөг байх жишээтэй. Ажил бол ажил. Цаг л бол цаг гэдгийг сайн баримталдаг ард түмэн байна билээ. Тэднээс сурах зүйл их байсан. Хөгшин хүмүүс нь хэнд ч чин сэтгэлээсээ туслахаасаа төвөгшөөдөггүй.
-Ажиллаж, амьдрах орчин нөхцөл нь сайн, санаа зовох зүйл бага байдаг болохоор тийм өөдрөг байдаг юм болов уу?
-Тийм байж магадгүй. Хүний хөдөлмөрийг их үнэлдэг.
-Монголдоо ажил хийж байв уу?
-17 настай байхдаа гэрийнхээ ойролцоо үйлчилгээний байгууллагад туслах ажилтан хийдэг байлаа. Аав маань намайг ерөөсөө тийм ажил хийлгэхгүй гэдэг байсан л даа. Тэгээд ааваасаа ганцхан удаа хийгээд үзье гэж сар гаруй хугацаанд гуйсаар байгаад зөвшөөрүүлж байлаа. Анхны цалин болох 100 гаруй мянган төгрөгөө аваад их л баярлаж байсан юм. Тусдаа хадгаламжийн данстай байсан учраас шууд хадгалж байлаа. Одоо ч хадгалсаар байгаа. Ер нь л би аавдаа бүх мөнгөө даатгачихдаг.
-Их хэрсүү юм. Айлын хэддэх хүүхэд вэ?
-Би айлын том охин. Доороо гурван дүүтэй. Аав, ээж хоёр хувиараа ажил хийхийн хажуугаар биднийг юугаар ч дутаахгүй сайхан өгсөж байгаа. Одоо миний доод талын дүү Австрали улсад сурдаг. Бусад нь Монголдоо амьдардаг.
-Монгол ахуйгаа хэр мэдэх үү?
-Зургаан нас хүртлээ эмээ, өвөөтэйгөө өссөн. Тэрнээс хойш хотод ирээд, ерөөсөө хөдөө яваагүй болохоор төдийлөн сайн мэдэхгүй. Гэхдээ хөдөө явж, монгол ахуйг үзнэ гэж бодож байгаа.
-Цаашдын зорилго, зорилтоо хэрхэн тодорхойлсон бэ?
-Одоохондоо ганц бие байгаа учраас өөртөө зарцуулах цагаа нэмж, мөнгөө цуглуулна. Хоёр жил ажил хийж зүтгээд Монголдоо байртай болоод мэргэжлээрээ ажиллах бодолтой байна.
-Чиний үеийн залууст бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлах болжээ. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Надад таалагддаггүй. Биеэ даагаад, хэнд ч төвөг болохгүй, өөрөө чадлаараа амьдрах хэрэгтэй. Би анх хэлний бэлтгэлд явж байхдаа ээж, ааваараа төлбөрөө төлүүлдэг байсан. Тэгээд сургуульд орохдоо эхний семистрийн 50 хувиа хөнгөлүүлээд, дараа дараагийн сургалтын төлбөрөө өөрөө ажил хийж олж байсан. Байрны мөнгө, хэрэглээний мөнгөө өөрөө олдог. Солонгос хүүхдүүд ч надтай адилхан өөрсдөө ажлаа хийгээд хэрэглээгээ хангадаг юм билээ. Солонгос улсад сурдаг монгол оюутнууд маш мундаг, дайчин. Хичээлийнхээ хажуугаар ажлаа хийнэ, хичээлдээ ч сайн.