Манай ангийнхан

Б.ОЮУНГЭРЭЛ
2019-09-16

1989 оны намар цаг. Арван жилийн сургуулиа төгсөөд дээд сургуулийн хуваарь авчихсан, хөдөөний бор охин УБДС /одоогийн УБИС/-ийн үүдэнд бүртгүүлэхээр ирж байсан цаг саяхан мэт боловч 30 жилийг үджээ. Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл-Уран зохиолын ангид 32 өөр төрхтэй, 32 өөр араншинтай, 32 газраас ирсэн, 32 оюутан. 

Хоёр салаа гэзэгтэй говийн бор охид, нүд сормуусаа будсан хотын ганган охидтой нийлэн нэг ангийнхан гэдэг хаягтайгаар Төв аймгийн Батсүмбэр сум руу намрын ногоо хураалтад шууд явж билээ. Ямар ч бэлтгэлгүй 18 настнууд ахынхаа бакал, эгчийнхээ малгай, ээжийнхээ дээл, аавынхаа хүрмийг нутгаасаа авчирсан жаахан ааруул ээзгий, боов боорцгоо модон авдартаа хийж, хөнжил пүүгээгээ шуудайлан намрын ажилд гарцгааж билээ. Гэрээ санаж уйлах нь уйлж, догь нэгэн нь тэднээ аргадаж, бөөцийлж, аяга хоолоо ч хувааж, бас хайрлаж дурлаж, уйлж дуулсаар таван хавар, таван намрыг үдсэнсэн. Хичээлээс хоцорч багшид загнуулах, хичээл дээр нойрмоглож лекц бичих, улсын шалгалт болоход ухаан жолоогүй, нойр хоолоо хасан хичээл давтахаас эхлээд завсар зайгаар нь нэгнийхээ төрсөн өдөр, баяр ёслол тэмдэглэх, оюутны байранд цугларч бүжгэнд орох, ганц нэг “ганзай” задлах гээд мөн ч их хөгжил хөөртэй, баяртай гунигтай байж дээ.

Зах зээлийн шуурга яг бидний үеийг дайрсан юмдаг. Картын бараанд оочерлож, ар гэрээс, хөдөөнөөс ирсэн жаахан мах, борцоо хуваагаад л хоол болгоод идчихнэ. Жаахан хатсан ааруул ээзгийний үйрмэг хэлтэрхий ч амттай сайхан санагддаг байсан үе. Оюутны байрны нийтийн гал тогооноос хийж байсан хоолоо хулгайд алдах энүүхэнд. Үнэрээр нь хөөгөөд л эрэгтэй оюутнуудын тасгаас олчихно. Монгол хэлний ангийнхан болохоор охид голдуу болоод ч тэр үү, тамирын ангийн хөвгүүдэд тэрүүхэндээ дэглүүлнэ. Бид харин сайн багш нарын ачаар сайн боловсрол эзэмшсэн. Газар газраас ирсэн, хот газрыг ч үзээгүй хүүхдээрээ шахам бид ингэж л амьдралд хөл тавьж, ахиж хэзээ ч нэгнээ мартахааргүйгээр ижилсэж билээ. Бид их, дээд сургуулиудын сүүлийн таван жилийн нэг ангийнхан. Таван намрын ургац хураалтад оролцсон азтай оюутнууд. Сургуулиа төгссөн 30 жилийн ойгоороо, энэ зун бид цугларлаа. 

Эвсэлгүй гурав нь бүжиглэж, дураараа хөөмийлсөн урлагийн үзлэг

Манай ангид Дорноговийн Дэлгэрэх сумаас О.Дуламсүрэн, Даланжаргалан сумаас Н.Энхбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгадаас Ц.Будцэрэн, Ханбогд сумаас Б.Пүрэвсүрэн, Баянхонгорын Баацагааны П.Дуламжав  гэж урт салаа гэзэгтэй, хөөрхөн бор охид ирлээ. Авьяастай, бас сахилгагүй. Сургуулийн урлагийн үзлэг, ангийн урлаг соёлын арга хэмжээ, найр наадамд тэд л магнайлна. Оюутны байранд Дууяа, Энхээ, Пүүжээ, Будаа дөрөв нэг тасгийнх. УБИС-ийн оюутны нэгдүгээр байрны 303 тоот чимээ аниргүй байна гэж үгүй. 200-гийн цагаан орнууд дээрээ гараад л таазанд тултал үсрээд инээлдээд л байж байх. Нэг удаа чимээ аниргүй байхаар нь яваад ортол шууд барьж аваад гижигдээд унагаадаг байгаа. Миний гижигтэйг ч хэлэх үү, больё оо, байя аа гэж хэчнээн гуйгаад ч нэмэргүй.

Тэрнээс хойш тэдний өрөө рүү болгоомжтой, гэтэж ордог болчихсон. О.Дуламсүрэнг бид Дууяа, П.Дуламжавыгаа Дуужаа гэж авгайлж ялгадаг байсан. Дууяа уртын дууг хачин сайхан дуулна. “Алтан говийн унага”-аа дуулчих гэж мөн ч их шаналгадаг байж билээ. Бүгд л өөр өөрийн гэсэн дуутай. Төрсөн өдөр, нийллэгийн үеэр өөр өөрийнхөө сүлд дуунуудаа дуулна. Нэгдүгээр курсийн оюутнуудын дунд урлагийн үзлэг боллоо. Манай ангийнхан ч нэг найруулагч хөлслөөд авчирчихсан, концерт бэлдлээ дээ. Дууяа уртын дуугаа, Уянгаа эгч Ламбугай болж, Болороо Жууяар болон харилцаа дуу дуулж, ардын хөгжмийн хэсэг Алтайн магтаалыг уянгалуулж, ард нь Ж.Гээлээ /Ж.Оюунгэрэл/ хөөмийлөв. Бас хажуугаар нь Отгоо, Дуужаа бид гурав биелгээ хийсэн гэж байгаа. Манай анги түрүүлсэн л дээ. Хамгийн эвсэлгүй гурав нь бүжиглэж, дураараа хөөмийлсөн тухайгаа төгсөхдөө, төгссөний дараа, одоо ч бид ярьж элгээ хөштөл инээлддэг.

Нэг тийм гэгээхэн, цагаахан байж. Нэг нэгэндээ хар буруу санана гэж үгүй. Уянгамаа, Бумаа, Тунгалаг, Оюунцэцэг, Ж.Оюунгэрэл, Дарьсүрэн, Д.Энхбаяр гээд хэдэн сайхан эгчтэй. Тухайн үед Багшийн сургууль төгссөн, ажиллаж байгаад оюутан болсон ах, эгч нар дээд сургуулийн оюутан болж суралцдаг байсан үе. Хоёр, гуравдугаар курст ордог жил говийн охид, хөдөөнөөс ирсэн охидынхоо үсийг тайрч, хотын болгох ажлыг эгч нар зохион байгуулж, уйлаан майлаан, инээдэм наргиан болж байж.  Амьдралдаа анх удаа үсэндээ хайч хүргэлээ гэж уйлсан нэгэн байхад, чёлка тайраад л хотынх болчихно гэж бултсан нэгэн ч байх. Говийн бор охид маань төгсөөд шууд л багшилцгаасан. Одоо ч багшийнхаа ажлыг хийсээр явна. Энхээ маань төрсөн нутагтаа Дорноговийн Даланжаргаланд, Дууяа маань Замын-Үүдэд, Дуужаа Баацагаандаа, Пүүжээ хотод багшилж байна. Эд маань хачин сайхан бичнэ. Монгол бичгийг бол дурайлгана. Нэг тийм яруухан бичдэг охид.  Тэд маань яг л бичиг шигээ намбалаг, өнгөлөг ээжүүд, эхнэрүүд болсоон.

“Шобугар малагай” буюу шанз хөгжим

Манай ангид насаар биднээс эгч хэд хэдэн бүсгүй орж ирсэн. Ганган дэгжин ч гэж хачин. Бид тэднийгээ “бидэнд их юм заасан даа, та нар” гэж цаашлуулна. Бидэнд яг л ээж шиг, эгч шиг, найз шиг байж билээ. Ж.Оюунгэрэл гэж улаанаар уруул хумсаа буддаг, улаан галзуу бүсгүй байлаа. Ганган ч гэж жигтэйхэн, хэл ам нь ч гүйцэгдэхгүй. Бид хоёр амидаа тул бид Ж.Гээлээ гэж дууддаг. Ж.Гээлээг өглөө яаж нүүрээ будаж ирэх бол, юу өмсч ирэх бол гэж харахыг тэсэн ядан хүлээдэг, хичээлийн завсарлагаанаар, хичээл тарсны дараа сонин хачин юм ярьж, биднийг хөгжөөнө.

Хүн шоолох, нэр хоч өгөхдөө ч түүртэнэ гэж үгүй. Нэг тийм хачин сэргэлэн хүүхэн. Одоо Ж маань “Gem mall”-д зохион байгуулагч хийгээд гялалзаж яваа. Х.Уянгамаа гэж Сүхбаатар аймгаас ирсэн махлаг бор хүүхэн. Бид гоё нэртэй “шилийн сайн эр” гэж шоолно. Түшигтэй, нөмөртэй, нуруутай, цаанаа л нэг нүдэнд дулаахан эгч. Манай ангийнхан одоо ч Уянгаа эгчийгээ хайрладаг, хүндэлдэг. Бумаа, Тунгаа хоёр ихэр юм шиг байнга хэлхээтэй явна. Сална гэж үгүй. Тэрүүхэндээ бас танхай амьтад байсан юм уу даа. Зуу татчихна, хааяа тамхи сорчихно. Бумаа багшийн мэргэжлээрээ ажиллаж, Тунгаа хувийн карьераа хөөсөн. Харин Дариа гэж дуу нь бараг сонсогдохгүй, намуухан ярьж, зөөлхөн зөөлхөн гишгэж явдаг нэг эгч байсан. Тэр л хэвээрээ зөөлөн явж, намуухан амьдарсаар өдгөө Хүүхдийн төв номын санд төгссөнөөсөө хойш л ажиллаж явна. Хотын гангачуудын тоонд Г.Туяа, Н.Мөнхжаргал гэж хоёр охин яалт ч үгүй орно. Хамгийн хөөрхөн, бас хамгийн сурлагатай хоёр нь.

Хоёулаа даруухан, хоёулаа хөвгүүдийн хайрыг булаасан охид. Монгол хэлний анги охид олонтой, хөвгүүд цөөхөн. Манай анги тулгын гурван чулуу шиг гуравхан хүүтэй. Хоёр нь хотынх, нэг нь Хөвсгөлийнх. Хотын хоёрын маань нэг нь эргэлдсэн алаг нүдтэй, цэмцгэр туранхай бор залуу, нөгөө нь сэргэлэн мөртлөө зальтай шавхийсэн шар залуу. Охидтойгоо нийлээд сахилгагүйтнэ. Сурагчийн ширээнээс дөнгөж ирсэн болоод ч тэр үү, хүүхэд зангаа гээгээгүй Дэлгэрээтэйгээ нийлж мөн ч их үймүүлсэн дээ. Нэг удаа гудамжинд урдаа явж байсан эгч нарынхаа араас саванд ус хийж шүршиж байгаад загнуулснаас хойш бид хоёр сахилгагүйтэхээ больчихсон. Айлын эрх ганц хүү Дэлгэрээ маань нэг удаа монгол бичгийн минутын уншлагын шалгалт дээр номоо цээжлээд ирчихсэн “шанз хөгжим” гэдэг үгийг “шобугар малагай” хэмээн галиглан уншиж, бөөн инээдэм болж билээ.

Монгол бичгийг анх удаа үзэж, гэдэс гэзэг сүүлээ ялгаж салгах гэж будилж байсан 18-туудын хөгжилтэй түүх олон. Нэг удаа Дамдинжав багш үйл үгийн “жээ, чээ” буюу “жухуй, жүхүй” гэдэг дагавар нөхцөлийн тухай зааж, самбарт үйл үг биччихээд нэг нэгээр нь босгож, аль таарах нөхцөл дагаврыг нь залгуулж хэлүүлж байв. Би хойд ширээний хоёртойгоо буу халчихсан сууж байтал багш гэнэт “За Оюунгэрэл хэл” гэхэд сандарсандаа “Оюунгэрэлжухуй” гэчихсэн. Багш гайхаад айн гэхээр нь “Өө гэрэл гэдэг үг нь эм үг юм чинь жүхүй жүхүй” гээд насны онигоонд орчихож билээ. Минутад 8-10 үг унших гэж бөөн юм болно, монгол бичгийн дэвтэр гэж хадны сүг зураг шиг юмнууд. Гэхдээ бид төгсөхдөө “32 модон хүний үлгэр”, “Тансан ламын үлгэр”, “Хүйтэн уулын бичиг” зэргийг монгол бичгээр уншиж, галиглаад, уран бичлэг бичдэг болоод төгссөн юм даа. 

30 жилийн дараа буюу дурсамж

Сурагчийн формоо тайлаад шууд л оюутны ширээнд тохой залгасан, газар газрын охид хөвгүүд ижий ахай бололцон нөхөрлөсөн таван жил гэдэг юутай богинохон. Эрдэм өвөрлөн харьж, ажил амьдралд хөл тавьсан 30 жил ч юутай ахархан. Гадаад уран зохиолын Далантай, монгол хэлний Өнөрбаян, авиазүйн Санжаа, монгол бичгийн Дамдинжав, найруулга зүйн Отгонсүрэн, дүрмийн Пүрэв-Очир, үг зүйн Цэнд, орос хэлний Цэвэлмаа, ардын уран зохиолын Чүлтэмсүрэн, хүүхдийн уран зохиолын Оюунболд, ангийн багш Ганболд гээд одоо ч хичээл зааж байгаа нь, загнаж байгаа нь, инээж байгаа нь ч нүдэнд харагддаг олон олон багш нараа дурслаа. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, ардын багш алдраа мөнхөлж яваа Н.Энхбаяр, Д.Энхбаяр, П.Дуламжав, Д.Өлзий­даваа, О.Дуламсүрэн, Б.Пүрэвсүрэн, С.Бумаа, С.Ариунжаргал, Б.Тамжид, Х.Оюунцэцэг нараараа бахархахгүй байхын аргагүй. Эд маань төрсөн нутагтаа, сумандаа багшилж байгаа. Олон зуун шавьтай болцгоосон. Харин нэг ангиас сэтгүүлч болсон нь гурав. Д.Отгонбаяр маань “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Д.Мөнхжаргал “Монголын үнэн” сонины Эдийн засаг, эрхзүйн албыг толгойлж байна. Нөгөө нь би.  

Саяхан л дипломоо өвөрлөн, нүдэндээ нулимстай нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залж байсан бид өнгөрсөн зун буюу 30 жилийн дараа бас л нүдэндээ нулимстай уулзацгаасан.  Оюутан нас юутай жаргалтай, ямархан хөгжил хөөртэй байгаа вэ. Бидэнд дурсан ярьж, хөгжин хөөрөх юм бишгүй их байлаа. Багш нарынхаа тухай, хүргэчүүдийнхээ тухай, хүүхдүүдийнхээ тухай, ач зээгийнхээ тухай ярилаа. Бид хоёр хоног хамт байцгаасан. Салж явтлаа бидний яриа дуусаагүй ээ. Уулзалтдаа ирж амжаагүй хэдийгээ дурсан санаж, дуулж, уйлж сайхан байлаа.  Нэг ангийнх гэж яригдах, манай ангийнх гэж сайрхагдах, манай ангийн охин, манай ангийн хүү гэж дурсагдах эрхэм бүхэндээ сайныг ерөөж энэхүү тэмдэглэлээ зориуллаа.