Ц.Цагаанхүү:  “Цагаан лавай” чуулга шинэ өнгө төрх, шинэлэг үзүүлбэрээрээ ялгарна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-02

“Цагаан лавай”  продакшны захирал,  “Цагаан лавай” чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг  Ц.Цагаанхүүтэй ярилцлаа.

-Шинэ чуулгаа байгуулсан та бүхэнд баяр хүргэе.  Аялал жуулчлалын улиралд зориулсан тоглолтын нээлтээ хийгээд удаагүй байна. Ажил ихтэй байна уу?

-“Цагаан лавай” чуулга маань анхныхаа тоглолтын нээлтийг зургадугаар сарын 20-с эхэлсэн. Одоо өдөр бүр тоглож байна. Шинэ чуулга болохоор олонд таниулах, сурталчлахаас эхлээд зөндөө ажлууд байна.  Өнгөрсөн  долоо хоногоос албан ёсоор нийтэд зарлаж, үзэгчид рүүгээ чиглэсэн олон маркетингийн хөтөлбөр, идэвхижүүлэлтийг хийж эхэллээ. Бид жуулчдад үзүүлэхээс гадна баяр наадмын урамшуулал болгон монголчууддаа зориулан гэр бүлийн багц, найзуудын багцын тасалбар гаргаж байна. Та бүхэн шинэ чуулгынхаа шинэ тоглолтыг ирж үзээрэй. Үргэлж  бидний үүд хаалга нээлттэй байх болно.

-Тоглолтын хөтөлбөрийн бусад чуулгынхаас ялгарах онцлог нь юу вэ?

-Манай тоглолт үндэсний урлагийн бүхий л үзүүлбэр морин хуур, уртын дуу, ардын бүжиг, уран нугаралт, цам, бөө,  бий биелгээ бүжиг, үндэсний хөгжмийн цөөхүүл гээд бүгд багтсан бөгөөд үндэсний болон орчин үеийн хувцас загварын шоутай гэдгээрээ онцлогтой.

-Мэдээж чуулгынхаа нээлтийг хийхдээ жуулчны байгууллагын төлөөллүүдийг урьсан байх. Яаж хүлээж авч байна.  Тэдний санал шүүмжлэлийг тусгаж байна уу?

-Тиймээ, жуулчны байгууллагуудын төлөөллийг урьсан. Ер нь Монголын ардын урлагийн чуулгууд жуулчны байгууллагуудын авчирсан жуулчдаар л ихэнх  нь орлогоо бүрдүүлдэг гэхэд хэлсдэхгүй.  Тэд нэг жуулчныг Монголд авчрах гэж маш их хөдөлмөрлөдөг нь ойлгомжтой. Бид тэдний авчирсан жуулчдад шилдэг тоглолт, сайн үйлчилгээг үзүүлэхийг үргэлж хичээсээр байх болно. Бид жуулчныхаа байгууллагын санал шүүмжлэлийг сонсож,  байнга сайжруулж байгаа. Шинэ чуулга гэхэд шинэ өнгө төрхтэй, шинэлэг үзүүлбэрүүд байгааг ч сайшааж байна.

Зуны аялал жуулчлалын улиралд Монголд ирж буй жуулчны 10 хуввд нь л  үндэсний урлагийн тоглолтыг  Үндэсний урлагийн их театр, Түмэн-эх чуулга үзүүлж байгаа. Цаана нь ирж буй жуулчдын  90 хувь нь тоглолт үзэхгүй явж байгаа судалгаа гарсан. Зуны улиралд бол үндэсний урлагийн тоглолт, үзүүлбэр, шоу хийж жуулчдад тоглолт  үзүүлэх зах зээл хангалттай байгаа.  Бид  10 хувь руу биш, үзэхгүй явж байгаа 90 хувьруу чиглэсэн бодлого барьж ажиллаж байна. Манай “Цагаан лавай” чуулга өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Мөн дотоодын үзэгчид рүүгээ чиглэсэн шинэлэг уран бүтээлүүд туурвиж байнгын үйл ажиллагаатай чуулга байхыг төлөө ажиллана.

-Танайх байрны асуудал яаж шийдэж байна. Өөрийн гэсэн байргүй болохоор үйл ажиллагаа тогтмол явуулахад хэцүү байна уу.  Төмөр замын соёлын ордонг түрээсэлдэг үү?

-Тиймээ,  түрээсэлж байгаа. Яг судлаад үзэхээр Монголд урлагийн тоглолт үйл ажиллагаа явуулчих заал танхим зөндөө байна. Урлаг, уран бүтээлээр үйлчлэх нь ховор. Голдуу хурал зөвлөгөөн, байгууллагуудын ойн арга хэмжээнүүдэд түрээслээд л байж байдаг.  Бид эхний ээлжинд үндэсний урлагийн уран бүтээлийн сан хөмрөгтэй болж,гадна дотны үзэгчдийн сонирхолыг татахуйц  уран бүтээл туурвиж  чадвал өөрсдийн байр савтай болох, хувийн хэвшлийн том театрыг ч бий болгож болно шүү дээ, гол нь урлагийн байгууллага чанартай уран бүтээл, чадвартай уран бүтээлчид бас байх нь чухал. Эхэлнэ гэдэг л хамгийн чухал. Шинэхэн байгуулагдаад удаагүй байхад манай чуулгыг манай байранд ирж тоглооч, мөн  шинэ урлагийн танхим заал барьж өгөх санал хүртэл ирсэн байгаа. Цаашид бодсон санасан олон зүйлээ хийж эхэлнэ. Ярихад арай эрт байна.

-Танай чуулгын гол өрсөлдөгч болох жуулчдад  үндэсний урлагийн тоглолт, үйл ажиллагаа явуулдаг Үндэсний Урлагийн их театр, “Түмэн-Эх” чуулгаас юугаараа ялгарч,  өрсөлдөнө гэж бодож байна?

-Манай чуулгын өрсөлдөгч бол тэд биш. Бид хоорондоо,   Монгол дотроо  биш  дэлхийтэй өрсөлдөх ёстой шүү дээ. Бидний өрсөлдөгч бол бид өөрсдөө. Бид нэгэнт чуулга  гэсэн статустай их том завинд суусан учир улам эрч хүчтэйгээр өөрсдийгөө залуурдаж, амжилтад хүрэх нь чухал. Өрсөлдөгч гэснээс би анх дөнгөж сургуулиа төгсөөд  театрт ажилд орсон. Одоогийн Үндэсний урлагийн их театрын маркетингийн албанд ажиллаж байхдаа би өрсөлдөгчийн судалгаа хийнэ гээд л явж өгөв өө. Тэгээд  “Түмэн-Эх” чуулга, тэр үед байсан “Сарны чулуу” чуулгын үйл ажиллагаа, уран бүтээл, тоглолтуудтай танилцаж байсан. Судалгааны ажил хийж байгаагаа ойлгуулаад уран бүтээлч, удирдлагууд менежерүүдтэй нь  ярилцаж байсан. Тэд  энэ их уран бүтээлээ өөрсдийн хүч хөдөлмөрөөр босгож,  олон  уран бүтээлчдийг ажилтай орлоготой байлгах гэж өдөр шөнөгүй их ажилтай байдгийг хэлэж байсан.  

Тэр үед энэ чуулгуудаар бахархаад гарч байсан.  Одоо ч хувийн хэвшлийн ганц чуулга гэж хэлж болох “Түмэн-Эх” чуулгаар бахархаж, дэмждэг. Жил бүр ардын урлагийн маш олон уран бүтээлчид төгсөж, бэлтгэгдэн гарч байна. Тэдэнд ажлын байр байхгүйгээс ихэнх нь урд хөрш рүү явж ажилладаг.   Мэдээж Үндэсний урлагийн их театр бол төрөөс  санжүүжиж,  үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчийн театр  тул гадаад дотоодод үндэснийхээ урлагийн нэр хүндийг өндөрт өргөх,  ард түмэндээ урлагаар үйлчлэх, хамгийн сайн бүтээл хийх төрийн өмнө хүлээсэн  үүрэгтэй шүү дээ.  Бүгд л  өөр өөрийн онцлогтой. Тэгэхдээ 20 гаруй жилийн түүхтэй “Түмэн-Эх” чуулга, 60 жилийн түүхтэй ҮУИТ  өөрсдийгөө харьцуулах болоогүй,  дутуу дулимаг зүйл  зөндөө байгаа.  Бид дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байна.  Бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхдээ маш богино хугацаанд бүгдийг сайжруулж, байнга шинийг эрэлхийлсэн, санаачилсан олон зүйлээрээ ялгарсан чуулга байхын төлөө зүтгэнэ. 

-Танай “Цагаан лавай” чуулга  урлагийн байгууллагууд ажиллаж байсан туршлагатай уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн санагдлаа?

-Ихэнх нь театр чуулгад ажиллаж байсан, ажлаасаа гарсан хүмүүс нэгдсэн байгаа. Мэдээж ажилгүй болсон хүмүүс өөрсдийнхөө ажлын байрыг бий болгож амьдрах хэрэгтэй шүү дээ.  Хуучин “Сарны чулуу”  гэж их том чуулга байсан. Тэнд ажиллаж байсан  уран бүтээлчид ч  бий.  Хаана ажиллах нь хувь хүний өөрийнх нь сонголт. Хүн  хэзээч байгууллагыг орхидоггүй. Удирдлагыг л орхидог гэдэг мундаг үг байдаг. Тиймээс “Цагаан лавай” чуулгыг зорьж, итгэж ирсэн хамт олон уран бүтээлчдийгээ алдахгүй байхыг хичээх болно. Тэгэхдээ Монголд  ардын урлагийнхны цалин үнэлгээ маш бага тул ихэнх уран бүтээлчид урагшаа өндөр цалинтай ажилд явж байна. Энд уран бүтээлчид олж, тогтоож ажиллуулна гэдэг хүнд. Ардын урлагийн төлөө чин сэтгэлтэй хүмүүс нэгдсэн учраас   их зоригтойгоор 40 гаруй уран бүтээлчтэйгээр хувийн хэвшлийн том чуулга байгууллаа. Тэднийгээ цалинтай, орлоготой байлгахын сацуу ард түмэндээ олон сайхан уран бүтээл хүргэх их том ажил бидний нуруун дээр байгаа. 

-Шинэ чуулгынхаа бүтэц бүрэлдэхүүн , удирдлагын багыг дэлгэрэнгүй танилцуулаач?

-Бид ганцхан чуулга байгуулаагүй. Монгол урлагийн “Цагаан лавай” төв продакшин  гэж байгаа. Түүний доор “Цагаан лавай” чуулга, “Цагаан лавай” агентлаг, “Цагаан лавай”  урлагийн студи бий болгох гэж  байгаа.  “Цагаан лавай” чуулгыг найруулагч, зураач Д.Ганболд удирдаж байна. “Цагаан лавай” агентлаг нь урлагийн үндэсний хувцасны үйлдвэрлэл, загварын сургалт, дамжаа гээд олон үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнийг манай авъяаслаг хувцасны зураач, дизайнер загвар өмсөгч Б.Амаржаргал удирдаж авч явна. “Цагаан лавай” урлагийн студийг манай хэвлэлийн дизайнер Б.Ганзориг удирдаж авч явна.  Миний бие “Цагаан лавай” продакшнаа удирдаж, энэ гурван салбарынхаа менежментын бодлого бүхий л зүйлийг чиглүүлж ажиллана. Удирдах зөвлөлдөө үндэсний урлагийн төлөө сэтгэлтэй чадвартай уран бүтээлч мөн бизнесменүүдийг элсүүлж байна. Эхнээс нь саналаа хүргүүлсэн биднийг дэмжихээр элсэж байгаа хүмүүс байна. Манай байгууллагыг зорьж ирсэн хүн бүрт бид нээлтэй байх болно.

-Та их театрын маркетингийн албанд олон жил ажилласан байх. Бүр гарчихсан уу.  Хувийн хэвшилд  маш олон асуудал тулгардаг. Түүнийг давж гарах бэлтгэл  та бүхэнд хэр байна вэ?

-Би их театраасаа хуулиар олгогдсон хүүхэд асрах гурван жилийн чөлөөтэй байгаа.  Хэрвээ хүүхэд асрах чөлөөгүй байсан бол энэ ажлыг эхлүүлэхдээ угаасаа гарах байсан. Харин энэ жил  шинэ хүнээ өлгийдөж авсан баяртай үйл явдалтай минь давхцсан. Тэгэхдээ эмэгтэйчүүд бидэнд энэ амрах хугацаа бол хамгийн их зүйлийг амжуулж болох хугацаа. Хүүхдүүд маань эрүүл саруул өсөж торниж  байвал залуу насан дээрээ улс орондоо, хүмүүс хэрэгтэй зүйлийг хийж бүтээчих юмсан  гэж боддог.  Одоо яг бидний үеийн залуучуудын хийж бүтээдэг  нас шүү дээ.  Би хувийн хэвшил байгуулах, түүнийг босгохын жаргал зовлонг биеэрээ мэднэ.  Гэр бүлээрээ жижиг үйлдвэрлэл, бизнес эрхэлдэг. Хүнд хэцүү зүйлүүд зөндөө л тулгардаг. 10 ажилтантай үйлдвэр байлаа гэхэд гэр бүлтэй нь нийлээд 50 хүний ажил, амьдрал нуруун дээр ирдэг. Бизнес хийж байхад бүх ажилчдынхаа цалинг тавьчихаад,  сэтгэл санаа амраад л гэртээ очиход идэх хоолгүй хонох үеүүд ч байсан. Бүх зүйл эхлэхэд амар байдаггүй. Тэгэхдээ хийж эхлэхдээ л тууштай зүтгэж чадвал гэрэл гэгээ гардаг л юм.   Хүн их хариуцлагыг үүрээд ирэхээр зогсох эрхгүй урагшаа хараад зүтгэдэг.  

-Танай “Цагаан лавай” чуулгын цаашдын уран бүтээл юу  байх вэ?

-Би түрүүнд хэлсэн. Монголдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үндэсний урлагийн тоглолтоо байлгах бас дотоодын үзэгчидрүү чиглэсэн уран бүтээл хийнэ. Зах зээлийн судалгаанд  үндэслэн эхний уран бүтээл бол  залууст  зориулсан мюзкл жүжиг байх болно.  “Цагаан лавай” чуулгыг удирдаж байгаа хүн нь уран бүтээлч,  үндэсний урлагийн туршлагатай найруулагч тул уран бүтээл дээр санаа зовохгүй байна. Харин миний маркетинг, менежментын баг маань санхүүжилтыг нь босгож өгөх нь хамгийн чухал юм даа.