“Сонгодог 21” төслийн шинэ бүтээл дөрвөн дууг онцоллоо

O.Admin
2022-01-06

Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуурийн ари, романс болон дууны бүтээлүүдийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үед залгамжлан өвлүүлэх зорилгоор гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын санаачилгаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын хэрэгжүүлж буй “Сонгодог21” төсөл ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байна.

Энэ удаад “Сонгодог 21” төслийн хүрээнд хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, З.Хангал, Н.Жанцанноров нарын “Намрын дурсамж”, “Дуулж л явахаас даа”, “Аяны шувууд”, “Хайрлан дуулмаар байна” дуунуудыг сонгон ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, Г.Энхнаран нар хамтран дуулжээ.
“Сонгодог 21” төслийн шинэ бүтээлд багтсан дээрх дөрвөн дууны хөгжмийн найруулгыг “Нисванис” хамтлагийн гитарчин Б.Цацрал, тайзны найруулгыг дуучин Ө.Цэрэнчунт нар гүйцэтгэж, видео клипийг “Mongolian social channel”студид бүтээсэн байна.
Хэдийгээр ХХ зуунд бүтээгдсэн боловч 21 дүгээр зуунд мэргэжлийн хүрээнд болон нийтийн дунд хадгалан үлдээж, өвлөн залгамжлах учиртай үндэсний сонгодог бүтээлүүд болох ари романс, дууны бүтээлүүдийн нотыг ном болгон хэвлэхийн зэрэгцээ аудио цомог хэлбэрээр тайлбар бүхий танин мэдэхүйн цуврал зургаан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх ажлуудыг дээрх төслийн хүрээнд 2016 оноос хойш хийж гүйцэтгээд буй юм.