Анупам Трипапти: Аль болох олон хүүхдийн амь аврахын тулд аянд идэвхтэй оролцоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-06

Дэлхийг байлдан дагуулсан, БНСУ-ын уран бүтээлчдийн бүтээл "Squid game" цувралд эерэг, сайхан сэтгэлтэй, бусдад итгэмтгий, Солонгос улсад гэрээгээр ажиллаж буй ядуу залуугийн дүр бүтээсэн Энэтхэг гаралтай жүжигчин Анупам Трипапти манай улсын зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслахаар Монголд ирээд байна.

Тэрбээр өчигдөр өөрийн инстаграмм хуудсандаа Монгол Улсын олон улсын нисэх буудалд буусан зургаа оруулсан бол өнөөдөр манай улсад ирсэн шалтгааныхаа талаар мэдээлэл өглөө. 

Анупам Трипапти болон зохион байгуулагчид хэлэхдээ "Намайг ийм сайхан үйлсэд урьж оролцуулсанд баярлалаа. н.Янжиндулам бид хоёр Их сургуулийн нэг анги, их олон жил найзалсан. Ямар нэг байдлаар энэхүү хандивын аянд миний бие оролцсон, энд ирсэн маань нөлөөлж, олны анхаарлыг татаж чадаж байвал миний зорилго. Аль болох олон хүүхдийн амь насыг аврахын тулд хандивын арга хэмжээг тэсэн ядан хүлээж байна" хэмээлээ. 

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах "Бундан" хандивын аяны хүрээнд жүжигчин залуу гольфийн тэмцээнд оролцох бөгөөд тус тэмцээнээс орох бүх орлогыг хандивт өгөх аж. Мөн БНСУ-аас ирсэн И Юн Жон гэх алдартай зураач бүсгүй өөрийн бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж, зургаа дуудлага худалдаанд оруулж, мөн сайн үйлсийн аянд зарцуулахаар болжээ.