Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан”/Mongol khan/ нэрээр тоглогдох гэж буй. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд “West End” театрын тайзнаа толилуулна. Тэгвэл тус жүжгийг монгол үзэгчиддээ зориулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гурван удаа УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болжээ. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-120 мянган төгрөгийн үнэтэй байна.
“Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 40740 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олсон гэх статистикийг мэдээлсэн ба орлого, үзэгчдийн тоогоороо Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоосон гэж үздэг.