Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох урилга авчээ

O.Admin
2024-05-29

Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлсэн билээ. Тэрбээр 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа очсон юм.

Түүний хувьд хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдлийн төлөө эх нутгаасаа гарч Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзахаар хөдөлсөн байдаг. Ингээд тэр мөрөөдлөө биелүүлж чадсан юм. Тэгвэл Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөг тоглохоор уригджээ.

Энэ тухай Б.Очирваань “WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.

-Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

-Тийм ээ, би маш их хүсэж байна.

- Пүрэв гаригт Олд Траффордод болох шоу тоглолтод урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо” гэж бичсэн тухай цахим хуудсандаа нийтэлжээ.“Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэн нь Манчестер хотод байрладаг. 1910 онд нээгдсэн, 76 мянга гаруй үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн юм.