Нэгэн үеийн шилдэг дуучид, хамтлагуудын сэтгэлд хоногшсон уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан үзэгчдэд хүргэдэг “The Nigth with us” продакшн энэ жил тав дахь жилтэйгээ золгож байна.
Таван жилийн ойн хүрээнд 1990-ээд оны Монголын R&B рок, попын домгууд гэгддэг “Номинталст”, “Камертон”, “Никитон”, “Хар сарнай”, “Гурван охин” хамтлагууд нэгэн тайзнаа гарч, шилдгийн шилдэг 80 уран бүтээлээ үзэгч фэнүүддээ хүргэх энэ зуны хамгийн том тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолтын найруулагчаар “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир ажиллах бөгөөд тайз засалт, найруулга өмнөх тоглолтуудаас өөр шийдлийг харуулах аж.
Тоглолт ирэх наймдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа тоглогдоно.
Тоглолт 18:00 цагт эхлэх бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга 15:00 цагт нээгдэнэ. Цэнгэлдэх хүрээлэнд их засвар хийгдсэнтэй холбогдуулан суудлын тоо багассан тул тасалбараа дуусахаас нь өмнө амжиж авахыг зохион байгуулагчид онцолж байна. Тасалбарыг Shoppy.mn, ticket.mn, eventX-ээс худалдан авах боломжтой.
“The Nigth with us” тоглолтод хамтлагуудаас гадна Камертон хамтлагийн дуучин Б.Болд өөрийн шилдэг бүтээлүүдээ фэнүүддээ зориулах юм. Түүний хувьд 2005 оноос ганцаарчилсан уран бүтээл хийж эхэлсэн байдаг. Мөн Номинталст хамтлаг энэ удаа хамтлагаараа оролцохгүй ч, Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар хамтлагаа төлөөлөн гал гарсан уран бүтээлүүдээ толилуулах гэнэ.
Өөр нэгэн онцлогийг дурдвал үзэгчид тоглолт болохоос өмнө өөрсдийн сонсох дуртай дуугаа захиалах боломжийг олгох аж. Тодруулбал, Night with us пэйж хуудаст хандаж, сонсохыг хүссэн дуугаа урьдчилан захиалах боломжтойг дуулгая.