“Учиртай гурван толгой” дуурийн Юндэний дүрд дуучин Э.Анхбаяр дуулна

O.Admin
2024-07-04

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны дуурь болох Б.Дамдинсурэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой" дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-нд 21:00 цагаас жанжин Д.Сүхбаатарын талбайд тоглох гэж байна.

Энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулж байгаа юм. Дуурийн гол дүрүүдийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарласан. "Учиртай гурван толгой" дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир нар ажиллаж байна.

Харин Юндэний дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДЦТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарсан гэж Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.