“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль “Тайж” хайрханы өвөрт болно

O.Admin
2024-08-12

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд иргэд, жуулчид, хүүхэд багачуудад зориулсан язгуур урлагийн тоглолт, зан үйлийн үзүүлбэр, үндэсний спортын уралдаант тэмцээн зэрэг олон төрлийн хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулагдана.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн зайд орших Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно.

Бахархах түүхтэй, бахдам үйлтэй нүүдэлчдийн залгамж, өвлөн уламжлагчид хуран чуулах энэ удаагийн соёлын биет бус өвийн наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу, 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын шинж чанартайгаар зохион байгуулж байна.

 “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

  Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулах юм.

Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг” хэлнэ хэмээн “СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ” хуульд тодорхойлсон байдаг.

Баялаг түүхтэй, дундаршгүй өв соёлтой монгол түмний нийт 15 өвийг соёлын өвийн дэлхийн дээвэр гэгддэг ЮНЕСКО бүртгэн баталгаажуулсан байдаг.

Монгол Улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008),
  2. Монгол ардын уртын дуу (2008),
  3. Монгол наадам (2010),
  4. Монгол ардын хөөмэйн урлаг (2010),
  5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (24 улстай хамтран бүртгүүлсэн, 2010),
  6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013),
  7. Шагайн харваа (2014),
  8. Хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) зэрэг 8 өвийг;

ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад:

  1. Монгол тууль (2009),
  2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009),
  3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009),
  4. Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011),
  5. Монгол уран бичлэг (2013),
  6. Ингэнд ботго авхуулах зан үйл (2015),
  7. Уул овоо тахих монгол зан үйл (2017) зэрэг 7, нийт 15 өвийн төрөл зүйлийг бүртгүүлсэн байна.

Хүн төрөлхтний өв соёлын амин ундарга болсон соёлын өвийг хамгаалах, хадгалж, өвлөн уламжлах, түүхийг бүтээн баяжуулахад дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Манай улс өөрсдийн нүүдлийн соёлын дахин давтагдашгүй байдал, онцлогийг харгалзан соёлын биет бус өвийг:

(1) Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд,

(2) Ардын язгуур урлаг,

(3) Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага,

(4) Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл,

(5) Уламжлалт арга ухаан,

(6) Мал маллах арга ухаан,

(7) Уламжлалт гар урлал зэрэг долоон ай савд хуваан авч үздэг.

Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалийг дээрх соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд зохион байгуулж байна.

 Аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж , эрийн 3 наадмаар эхлэх үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 167 аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт, үзүүлбэр, арга хэмжээг үзэж сонирхох болно.

Ингээд Та бүхнийг 2023 оны 08 дугаар сарын 18,19, 20-ны өдрүүдэд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар зочилж, морилон саатахыг урьж байна.