Уртын дуучид чуулж Уухайн түрлэг өргөлөө

O.Admin
2024-09-23

БНМАУ-ын алдарт гавьяат жүжигчин, зууны манлай, нэрт уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсний 120 жилийн ойг эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын уртын дууны холбоо”, “Ж.Дорждагва сан” хамтран энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд “Дуртмал сайхан” уртын дууны улсын уралдаан, “Шинэ цагийн соёл, урлагийн хөгжилд Ж.Дорждагвийн оруулсан хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал Ж.Дорждагвийн амьдрал, уран бүтээлийн замнал” тусгай үзэсгэлэн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдөр ойн хүрээд жанжин Д.Сүхбаатарын талбайд монгол улсын дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн 600 орчим уртын дууч, ардын билиг авьяастнууд цугларч БНМАУ-ын алдарт гавьяат жүжигчин, зууны манлай, нэрт уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсний 120 жилийн ойд зориулан, түүний дурсгалыг хүндэтгэн “Уухайн түрлэг” өргөлөө.

Тэд их жанжны талбайд дээр монгол ардын уртын дуу “Эртний сайхан”, “Уяхан замбуу тивийн наран”, “Энх мэндийн баяр” дуунуудыг эх түүхээ дээдлэн хүндэтгэдэг, уртын дуундаа уясар саатдаг монголынхоо бүх ард түмэнд зориулан шуранхайлан дууллаа.