"Avengers - Endgame"-ын орлого манай улсын нүүрсний экспорттой тэнцлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-02

“Марвел” студийн шинэ уран бүтээл “Авенжерс Эцсийн тоглоом” кино нээлтээ хийж, дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулж эхэлжээ. Кино нээлтээ хийсэн даруйдаа хэд хэдэн рекорд тогтоож, кино шүүмжлэгчдээс ч ихээхэн өндөр үнэлэлт аваад байгаа юм. Тиймээс энэ удаа тус киноны амжилт хийгээд эргэн тойронд өрнөсөн сонин содон үйл явдлыг уншигчиддаа сонирхуулж байна. 

Долоо хоногт тэрбум гаруй ам.доллар олов

Манай улс хамгийн ихдээ 2.4 тэрбум ам.долларыг нүүрсний экспортоос олж байв. Энэ нь Австралид үер болж, Монголын нүүрс од болж байсан 2011, 2012 он. Харин түүнээс хойш жилдээ ойролцоогоор 1-1.5 тэрбум ам.доллар олох болсон байдаг. Тэгвэл манай улс байгалийн баялаг “хар алт”-аа бүтэн жилийн турш гадагш нь зөөгөөд олж буй дээрх 1.5 тэрбум ам.долларыг  “Марвел” студи “Авенжерс: Эцсийн дайн” киноныхоо нээлтийг хийгээд долоо хоногт л олчихов. Ингэснээр нээлтийн орлогоороо 2017 оны “Галзуу хурд-8” киноны амжилтыг эвдсэнээс гадна нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо тэрбум гаруй ам.доллар олсон анхны кино болж чадлаа. Марвел өнгөрсөн 10 жилд бүтээсэн 22 киногоороо дэлхий даяар 20 тэрбум ам.долларын ашиг буюу манай улсын нийт гадаад өрийг хэд нугалах хэмжээний орлого олсон байна. “Авенжерс: Эцсийн дайн” бокс оффисыг тэргүүлж буйгаас гадна одоогоор 1.4 тэрбум ам.доллар олоод байгаа аж. Гэвч, ажиглагчид ирэх ням гараг гэхэд орлого нь хоёр тэрбум ам.доллар давна хэмээн тооцож байна. 

 

Киног үзсэн бүсгүй эмнэлэгт хүргэгджээ

Марвелын цувралд дэлхий даяар автаж, сая сая хүн киног үзэж байна. Гэвч, зарим нэг таагүй явдал өрнөх болжээ. Тухайлбал, “Авенжерс: Эцсийн дайн” кино нээлтээ хийсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд 21 настай оюутан бүсгүй киноны үйл явдлын илэрхийлэлд хэт автсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн явдал Хятадад гарчээ. Бүсгүй киноны дундуур уйлж эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрсөн ч уйлах нь зогсохгүй байсаар эцэст нь булчин саажиж, амьсгалын замын сааталд орж түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэхдээ кино үзээд уйлсан үзэгч ганц тэр биш. Сая, сая шүтэн бишрэгч нь түүнтэй ижил байдалд орсноо нийгмийн сүлжээнд бичсээр байна. Энэ нь ч кино сайн уран бүтээл болсныг батлах нэгэн баталгаа болж байгаа юм. 

 

Найдваргүй зээлдэгчдийг сануулав

БНХАУ хит болж буй уг киног тун овжин ашиглаж эхэлжээ. Кино БНХАУ-д нээлтээ хийсэн эхний өдөр манай улсын нийт хүн амтай тэнцэх хэмжээний хүн, “Авенжерс: Эцсийн дайн” киног үзсэн байна. Тэгвэл Хятадын Жэжян мужийн иргэний шүүхээс өр зээлээ барагдуулаагүй удсан иргэдийн зургийг театруудын дэлгэцээр гаргах болжээ. Өмнө нь реклам сурталчилгаа эсвэл тун удахгүй нээлтээ хийх киноны талаарх мэдээлэл дэлгэцээр гардаг байсан  ч, эдүгээ өртэй иргэдэд ийн сануулга өгөх болсон байна. Энэ нь өртэй гэдгийг нь сануулж, ичээх, улмаар эргэн төлөлтийг нэмэгдүүлэх нэг төрлийн арга хэмжээ болж байгаа гэнэ. 

 

“Авенжерс”-ийг спойлердсон залуу зодуулжээ

Спойлер бол цуврал кинонд шимтэгчдийн хамгийн их үзэн яддаг зүйл. Өөрөө киног түрүүлж үзчихээд үзээгүй байгаа нэгэндээ үйл явдлыг нь ярьж, амт шимтгүй болгох үзэгдлийг “Спойлер” хэмээн нэрлэдэг. Тэгвэл Хонконгод “Авенжерс: Эцсийн дайн” киног спойлердсон залуу бусдад зодуулжээ. Залуу кино театрын гадна зогсож, ямар үйл явдал болохыг нь хашгирч байсан бөгөөд үүнд нь уурссан “Авенжерс”-ын шүтэн бишрэгчид түүн рүү дайрч, зодсон байна. 

 

Киноны тасалбарыг 500 ам.доллараар “шаглажээ”

Дэлхий даяар яг одоо  хамгийн олон хүмүүсийг байлдан дагуулж буй уг киноны  тасалбар зарагдаж эхэлсэн эхний нэг цаг дотроо л “Infinity War” киноны борлуулалтыг гурав дахин нугалж чадсан. Түүхэнд бичигдэхүйц борлуулалт хийгдсэн энэ үед интенэтээр дамын наймаачид ч мөн чамлахааргүй ашиг олсон байна. Тодруулбал, тасалбар худалдаанд гарсан эхний өдөр АМС-ын вэбсайт хэт ачаалж, хүлээлт үүсгэх үед “еbay” дээр хүмүүс аль хэдийнэ нээлтээ хийх, оройн тасалбарыг нь 50 ам.доллароос эхлүүлж, 500 хүртэлх ам.доллар хүргэн шаглан худалдаалжээ.