ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХҮН-ын Т.Доржхандыг Шадар сайдаар, АН-ын О.Алтангэрэлийг Хуульзүйн сайдаар томилох уу

O.Admin
2024-07-01

Цоо шинээр бүрдэж буй 126 гишүүнтэй танхимаас гадна эвсэж байгуулах Засгийн газарт хэн, хэн багтах вэ гэдэг нь улс төрийн хүрээнд сонирхолтой сэдэв болоод буй. Парламентад хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН-ынхан хамтарч Засгийн газар байгуулах нь тодорхой болсон бөгөөд ажлын хэсэг байгуулагдаад буй.

Тэгвэл өчигдөр АН-д долоон сайдын суудал яригдаж байсан бол өнөөдөр энэ тоо буурч, зургаан сайдын суудал өгөхөөр намууд тохирч, ХҮН-д харин хоёр суудал амлаад байгаа аж. Тодруулбал, ХҮН-ын зүгээс Сангийн яам эс бөгөөс Эдийн засгийн хөгжлийн яам болон Шадар сайдыг хавсран гүйцэтгэдэг албыг авч, намын дарга Т.Доржханд уг албан тушаалд томилогдох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн учраас АН-ын сайдын тоог нэгээр бууруулж, ХҮН-д хоёрыг өгөх тохироо хийгдээд байгаа юм.

Мөн өчигдөр авсан мэдээллээр Хуульзүй дотоод хэргийн яамыг МАН авахаар байсан ч ХҮН-д хоёр суудал өгч буй учраас Хуульзүй, дотоод хэргийн яамыг АН-д өгөхөөр тохирч, улсын хэмжээнд хамгийн өндөр санал авч, УИХ-ын гишүүнээр томилогдсон О.Алтангэрэлийг уг албан тушаалд намаас нь ярьж байгаа юм байна.