ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрх баригч нам 90-ээд оны төлөөлөл М.Ганхүлэгт СДМЗХ-г даатгах уу, эсвэл...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-07-04

Шинэчлэн бүрдсэн парламентын гишүүд тангаргаа өргөхтэй зэрэгцэн улс төрийн намууд хөдөлгөөнд орж, хаа сайгүй халаа сэлгээ, өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байна.

Тухайлбал, эрх баригч МАН-ынхан томилгоо, халаа сэлгээг өнгөрөгч өдрүүдэд хийхдээ олон түмний дундах нэр хүнд, цаашлаад улс төрийн намдаа анхан шатнаас мерит зарчмаар өгсөж ирсэн туршлага зэргийг нь үндэслэн томилгоо хийж буй нь олны талархлыг хүлээж буй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Я.Содбаатар гэхэд л намын анхан шатнаас өгсөж, улмаар УИХ-ын гишүүн, салбарын сайд, Ерөнхийлөгчийн аппарат зэрэгт ажиллачихсан хашир тэр хэрээрээ туршлагатай улстөрч учраас нийгмийн зүгээс ч түүнийг чиглэсэн шүүмжлэл гэхээс илүүтэй дэмжлэг өндөр байв. Намын гал тогоог базаж, улс төрийн том сонгууль бүрийн ард намаа удирдан чиглүүлж, төдийгөөс өдийг хүртэл төр, намын том ажлуудыг нэр төртэй хашсан Д.Амарбаясгалан генсекийг шинэхэн бүрдсэн парламентын спикерээр томилоход ч элдвийн маргаан, шүүмжлэл гэхээс илүү хүлээн зөвшөөрсөн хандлага олонх байсан нь эрх баригч нам томилгоондоо маш их ач холбогдол өгч, туршлагаас гадна хүлээн зөвшөөрөгдөх байдлыг чухалчилж буй хэлбэрийг илтгэх биз ээ.

Тэгвэл намын дэргэдэх хоёр гол байгууллагын нэг болох СДМЗХ /НАМЗХ/-г олон жил удирдсан Н.Учрал Засгийн газрын гал тогоог базах сураг ажиг дуулдахтай зэрэгцэн намын сонгуульт албан тушаалаа хүлээлгэн өгөх болсон сураг дуулдав. Улмаар дараагийн тэргүүн хэн байх вэ гэдэг нь улс төрийн хийгээд намын түвшинд анхаарал татаж байна.

Аль ч цаг үед намын дэргэдэх залуучуудын байгууллага гол үүрэгтэй явж ирсэн бөгөөд шинэ цагийн залуусыг намдаа татах, шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргах, улс төрийн сонгуульд залуусыг идэвхжүүлэх, дараагийн шилээвэр улстөрчдийг бэлтгэн гаргах шат гишгүүр болдог учраас намууд ч залуучуудын байгууллагаа ихээхэн анхаарч, тордож, зүлгэж байдаг жамтай. Тэр утгаараа Н.Учралын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц, нэг үгээр хэлбэл залуусын дунд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, намын анхан шатнаас зүтгэсэн нэгэн энэ албыг авч гэмээнэ хүлээн зөвшөөрөгдөх байдал ч өндөр байх учиртай юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг албан тушаалд МАН-ын дотоод аппаратад буюу Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаа Б.Пүрэвдагва, УИХ-ын шинэхэн гишүүн, ХХААХҮ-ийн Дэд сайд, НАМОХ-ны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт албан тушаалуудыг эрхэлж, олонд танигдсан М.Ганхүлэг нарын дунд өрсөлдөөн өрнөх бололтой.

Хоёулаа л намдаа хүлээн зөвшөөрөгдсөн залуус. Гэхдээ жингийн тухай дээр тавьж гэмээнэ М.Ганхүлэгийн нас залуу ч гэлээ мерит зарчмаар явсан, албан тушаалын шатаар крандуулах гэхээс илүүтэй ард түмнээс итгэл хүлээн авч, улстөрчөөр сонгогдсон учраас эрхэлсэн алба ажил, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал нь илүү жин дарж буй.

Нөгөөтээгүүр, лекц, илтгэл тавих зэргээр өнгөрсөн хугацаанд залууст илүү ойрхон байсан учраас олон нийтэд танигдах байдлаараа давамгай байгаа аж. Харин Б.Пүрэвдагвын тухайд зөвхөн нам дотроо буюу шууд томилолтоор ажиллаж ирсэн учраас хэвлэл мэдээллээс гадна олон нийтэд ч хараахан танигдаж амжаагүй нэгэн юм билээ. Гэлээ гэхдээ эцсийн сонголтыг бид биш нам нь өөрсдөө хийнэ. МАН-ын удирдлагууд хэнд итгэл үзүүлэх вэ гэдэг нь тун удахгүй тодорхой болох нь ээ.

Ерөөс энэ удаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ залууст тэр дундаа үе хоорондын холбоосыг маш сайн хийж буй бөгөөд 70, 80, 90 оны хэлхээ холбоог нам дотроо нягт баримталснаар үеийн ялгаа багасч, нэгнээ дэмжих, хүлээн зөвшөөрөх байдлаар ажиллах боломж бүрдэж буй юм. Намын дарга өөрөө 80 оны төлөөлөл. Генсекээ 70 оны төлөөллөөр тавьсан.

СДМЭХ-г 80 оны төлөөлөл удирдаж буй. Тэгэхээр энэ удаа залуусын байгууллагаа 90 оны төлөөлөлд даатгах болов уу гэсэн яриа ч саарал ордонд дуулдаж байна. Хэн нь сонгогдсон байлаа ч ирэх дөрвөн жилд залуусын төлөө ажиллаж, намынх нь санал болгосон мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч, хамгийн чухал нь залуусын орон хэмээдэг ч залуустаа хамгийн ээлгүй улс орноо өөрчлөх чиглэлд эрх баригч намынхаа ах, эгч нарыг шахаж, шавдуулж ажиллуулах зэргээр ажиллах нь залуусын байгууллагыг удирдах дараагийн тэргүүний хийх ажил байх ёстойг анхаарах биз ээ.