АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт 09:00 цагт Сентоза аралд эхэлсэн. Хоёр талын ганцаарчилсан уулзалтын үеэр Д.Трамп Ким Жон Унтай найрсаг харилцаатай болно гэдэгтээ итгэж буйгаа илэрхийлсэн бол Ким энэ уулзалтаар тэдний өмнөх хурцадмал харилцаа дуусгавар болж буйг онцолсон байна.
Одоогоор ганцаарчилсан уулзалт өндөрлөж, өргөтгөсөн хуралдаан эхлээд байгаа аж. Хуралдаанд АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Штабын дарга Жон Келли, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар оролцох бол БНАСАУ-ын талаас Ким Жон Уны улс төрийн асуудал хариуцсан зөвлөх Ким Ён Чол, Ким Ёо Жон, Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй нарын албаныхан оролцож байна.
Уулзалтын дараа Ким, Д.Трамп нар 16:00 цагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэх аж.