Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбумыг улсын төсвөөс олгосон гэх "excel" файл болон "Гэрт ойрхон сургууль", 2026 оны төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Гэрт ойрхон сургуульд 20 мянган хүүхэд хамрагдана. Өнөөдөр 9800 хүүхэд сурч байна. Энэ гишүүдийн хүүхдүүдийн хувийн сургуульд ардын хүүхэд хамт сурч болохгүй хэрэг үү. Судалгааг нотолгоо гэж харж байгаа нь буруу.
Эзгүйд маань элдвээр харлуулж, золигт гаргах гэж оролджээ. Үндсэндээ намайг монгол төрийн түгжил гэж зарлалаа. Өнөөдөр би та бүхэнд монгол төрийн хавдар, хатиг болсон, түгжилүүдийг албан ёсоор баримттайгаар зарлана аа. Би Монголын ард түмэн тангараг өргөсөн болохоос улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй ээ. Дөрвөн удаа сонгогдохдоо түгжлийн дүрд тоглоогүй, тоглохгүй. “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн 50 тэрбумаар ард түмнийг талцуулсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Монгол төрийг хагалж, бутаргаж байгаа түгжилүүд бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд. А.Ариунзаяагийн зөвлөх н.Батцэцэг гэж бүсгүй бий. Би 2021-2024 онд ажиллаж байхдаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байсан бүсгүй байгаа. Төрийн нарийн бичгийн даргаар хүртэл итгэл үзүүлж байлаа. Гэтэл намайг ажлаа өгсний дараа надтай өс зангидсан.
Манай салбарын хоёрдахь Сийлэгмаа. Хаа явсан газраа Боловсролын яамны бүх мэдээлэл надад байгаа гэж явдаг ийм эмэгтэй. Энэхүү файлыг баримт юм байна гэж олон нийтэд задалж, сэвсэн хүн бол УИХ-ын гишүүн О.Саранчулуун буюу А.Ариунзаяагийн бэр юм. Энэ нөхдүүд яагаад ийм мэдээлэл сэвэв. УИХ-д зөвхөн улсын төсвийн тодотгол өргөн баригдсан. Яаж энэ мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг задаргааг та бүхэн харж байна. Тийм задаргаа байхгүй.
Үхэл амьдралын зааг дээр байсан хүн Ерөнхий сайд болоод Боловсролын сайдаа хажуудаа суулгаж байгаад өөрийнхөө сургуульд 3.5 тэрбум төгрөг тавь гэх юм уу. Ийм арилсан дотортой юм гэж байх уу. Та бүхэн бодоод үз дээ. Энэ "excel" файлыг зориуд тараасан, гүтгэсэн, санхүүжүүлсэн хүмүүсийг олно. Цагдаагийн байгууллага, АТГ-т хандаж байгаагаа мэдэгдье. Улсын төсвийн өргөн барьсан номонд нэг ч төсөл арга хэмжээ байхгүй. Ажлын явцад маш олон файл бэлтгэгддэг. Түүний нэг нь юм билээ. Файл байсан уу гэвэл байсан. Гэхдээ тус сургуульд санал тавьсан ч хүлээж аваагүй юм билээ” хэмээн мэдэгдэл хийлээ.