МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр шиг юм болох байх

O.Admin
33 минутын өмнө

Ээж аавын элбэрэл хайр, эх орны гайхамшигт үзэмж, гэгээн хайрын тухай гэгэлгэн аялгуутай олон зуун дуугаараа найман настайгаас 80 настай үзэгчдийн хамгийн их хайрладаг, хүндэлдэг дуучин болж чадсан Лосолын Болдбаатар бол зохиолын дууны “алтан үе” хэмээн нэрлэгддэг С.Жавхлан, Т.Баясгалан, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ нарын нэгэн адил уран бүтээлээ тууштай, зүтгэлтэйгээр хийж яваа цөөхөн чанартай гэгддэг уран бүтээлчийн нэг.

2000 оны эхэн үеэс хүч түрэн гарч ирсэн нийтийн дууны шилдэгүүд гэгдэх 20 гаруй уран бүтээлчдээс тун цөөхөн нь өнөөдрийг хүртэл даацтай, данагар бүтээлээр монголчуудаа огшоож яваа бөгөөд Л.Болдбаатар жил бүхэн төрсөн өдрөөрөө дуунд дуртай ард түмэнтэйгээ учран золгодог байлаа. Ойрын хоёр, гурван жилийн хугацаанд тунчиг ажин түжин байсан гавьяат маань тэгвэл өөрийн уран бүтээлийн нүсэр том тоглолтод бэлтгээд завгүй байсныг нь энэ зун зарласан “Монголоо дуулна” тоглолтын зараас мэдсэн билээ. Тэгвэл уран бүтээлч болон тоглолтын Ерөнхий продюссер, тоглолт зохион байгуулах багаас өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Тоглолтын Ерөнхий продюссер Б.Тэлмэн ярихдаа “Тоглолтын бэлтгэл ажил 80 хувьтай явж байна. Дөрөвхөн хоног үлджээ. Энэ зуны хамгийн сүүлчийн тоглолт гэдэг утгаараа дулаахан намрыг та бүхэнд мэдрүүлнэ ээ. Намрын өнгөтэй тоглолт болно. Бүх бэлтгэл ажил бүрэн хангагдсан учраас есдүгээр сарын 19-нд уулзацгаая. Үзэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангалаа. Камерын хяналт, цагдаа, онцгой байдлыг бүрэн ажиллуулна. Нийтийн нойлтой хаалгаар оруулахгүй байх, гарах хаалгыг 3 болгох гэх мэтээр үзэгчдийн тав тухыг бүрэн хангалаа” гэв.

Харин МУГЖ Л.Болдбаатар “Энэ сайхан газар тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. Миний 10 жил бодож, төлөвлөж ирсэн тоглолт юм. Бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Надтай хамтарч ажиллаж буй бүх хүнд баярлалаа. Хагас жил хамтдаа зүтгэлээ. Залуусын дунд миний уран бүтээлүүдийг түгээж өгсөнд баярлалаа. Хувийн бэлтгэлээ бүрэн хангасан. Болж өгвөл хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг түүвэрлэж оруулна. Олон дуунууд хасагдлаа. Тэр үдэш ер нь найр болох болов уу” хэмээлээ.

Ерөнхий найруулагч Г.Маргад-Эрдэнэ “Энэ тоглолтод 1000 гаруй хүн ажиллаж байна. Маш олон найруулагчид ажиллаж байгаа. Энэ жилийн наадмын найруулагч, МУУГЗ Д.Баярбаатар ах, зөвлөх Өөжгий ах, продюссер Оогий гээд олон шилдэгүүдтэй хамтарч буйдаа баяртай байгаа. Найруулагчийн хувьд энэ тоглолтод нэг хэцүү зүйл байлаа. Дуунуудыг нь сонгох хэцүү юм. Бүх насныхан сонсдог учраас бүтэн сарын турш ажилласан. Бүх дуу нь хит юм билээ. Эндээс хамгийн шилдгийг сонгож авлаа. Төв цэнгэлдэхэд тоглож буй бусад тоглолтуудаас ялгаатай нь бүх уран бүтээл найруулгатай явна. Эх орноо хайрлах, монгол хүн гэж хэн байх гэх мэт бүх асуудлыг багтаалаа” хэмээн мэдээлэл өгөв.

2000 оноос уран бүтээлээ туурвиж буй эрхэм гавьяат энэ хугацаанд 150 гаруй дуун уран бүтээл туурвисан бөгөөд эндээс 100 нь нийтийн дунд хит болж чадсан уран бүтээл болжээ. 2004 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 17 удаа бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд 2021 онд дөрвөн өдөр дарааллаж Монгол бөхийн өргөөг дүүргэж байжээ. “Монголоо дуулна” тоглолт 4 цаг орчим үргэлжлэх бөгөөд шилдэг 33 бүтээлээ дуулахаар сонгожээ.

“Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг shoppy.mn, ticket.mn, www.tino.mn - ээс болон GS25-ын бүх салбаруудаас авах боломжтой бөгөөд 2026.09.19-ийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд тусгайлан асар байршуулж биет тасалбар борлуулж байна.

Энгийн тасалбар - 89,000₮

Fanzone тасалбар - 210,000₮

VIP тасалбар - 800,000₮

Энгийн 3 найзын тасалбар - 240,000₮

Энгийн 5 найзын тасалбар - 390,000₮

Энгийн 10 тасалбар - 760,000₮

Fanzone 3 найзын тасалбар - 599,000₮

Fanzone 5 найзын тасалбар - 949,000₮