Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган ОХУ-д айлчилжээ. Айлчлалын үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамт Москва хотын ойролцоо болсон “МАКС” агаарын техникийн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Энэ үзэсгэлэнд Орос хамгийн сүүлийн үеийн “Су-57” сөнөөгч онгоцоо олон нийтэд анх удаа дэлгэн харуулсан бөгөөд Туркийн Ерөнхийлөгчийн сонирхлыг ч нэлээд татжээ. Р.Эрдоган онгоцыг нэг нэгэнгүй тойруулан харж, нисгэгчийн бүхээг рүү нь өнгийн үзсэнээс гадна худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ су-57 мөн үү, нисэхэд бэлэн үү” хэмээн асуухад В.Путин “Тийм ээ, өнөөдөр бид нисэхийг нь харна” хэмээн хариулсан байна. Харин Р.Эрдоган “Бид худалдан авч болох уу” гэхэд В.Путин “Бололгүй яах вэ” хэмээн хоёр орны төрийн тэргүүнүүд нөхөрсгөөр ярилцжээ.
Су-57 нь ОХУ-ын үйлдвэрлэсэн тавдугаар үеийн сөнөөгч онгоц юм. Эхний ээлжинд тус улс 76 ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж.
Түүнчлэн, хамтдаа торхтой зайрмаг авч идсэн нь олон хэвлэлийн анхаарлыг татсан юм. В.Путин Туркийн Ерөнхийлөгчийг зайрмагаар дайлах санал тавьж, өөрөө шоколадтай, цөцгийтэй зайрмаг авчээ. Харин Р.Эрдоган Вологдагийн ванилтай зайрмагийг сонгосон гэнэ. Туркийн Ерөнхийлөгчийн айлчлал нэг өдөр үргэлжилжээ. Гэхдээ тун найрсаг уур амьсгалтай үргэлжилснийг ажиглагчид онцолж байгаа юм.
Тэд үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг-техник болон хүмүүнлэгийн салбарт Орос-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.
Эдгээрээс хамгийн их анхаарал татсан асуудал нь “С-400”-гийн нийлүүлэлт. Ерөнхийдөө сүүлийн үед Орос-Туркийн зэвсэг, техникийн хамтын ажиллагаа өргөжих болсон бөгөөд үүнд НАТО болон АНУ таагүй хандах болсон билээ.
Юутай ч, Турктай байгуулсан гэрээний дагуу Оросын зенитийн пуужингийн С-400 цогцолборын нэг бүрдэл хэсгийг мягмар гарагт нийлүүлснийг В.Путин хэлэлцээрийн дараа мэдээлжээ.
Уг цогцолборыг нийлүүлэх үйл явц нэг сар орчим үргэлжлэх аж. “Алмаз-Антей” концернын Ерөнхий захирал Ян Новиковын хэлснээр, Туркийн цэргүүдэд С-400-г ашиглах сургалт есдүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.
“С-400-гийн асуудалд бид санаа нэгдэж байгаа. Бид үүнийг батлан хамгаалах салбарын бусад бүх салбарт нэвтрүүлэхийг хүсэж байна. Энэ нь мөн цэргийн нисэх онгоцны хувьд ч хамаатай байж болох юм” гэж Р.Эрдоган хэлжээ. Оросын тал хариуд нь эхний багц нийлүүлэлт дууссаны дараа С-400-г цаашид дахин нийлүүлэхийг санал болгоход бэлэн байгаагаа мэдэгджээ.
Мөн В.Путиний хэлснээр, “Туркийн урсгал” дамжуулах хоолойгоор Оросын хийг энэ онд багтаан дамжуулж эхэлнэ.
“Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлсний дараа хоёр дахь шугамаар Туркийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европт хий нийлүүлнэ” гэж нэмж хэлжээ. Тэрбээр мөн “Росатом” компани Туркт атомын анхны цахилгаан станц барьж байгааг дурджээ. Уг станцын эрчим хүчний нэгдүгээр блокийг 2023 онд ашиглалтад оруулах ёстой юм. Үүнээс гадна ОХУ-ын Сансрын агентлаг Олон улсын сансрын буудал руу Туркийн сансрын нисгэгчдийг илгээх саналыг төрийн тэргүүнд тавьсан байна. “Роскостос”-ын тэргүүн Дмитрий Рогозин “Бүгд найрамдах Турк улс байгуулагдсан ойг тохиолдуулан Туркийн сансрын нисгэгчийг тойрог зам руу илгээх санал тавьсан” хэмээн мэдэгджээ. БНТУ байгуулагдсан 100 жилийн ой 2023 оны аравдугаар сарын 29-нд тохиох юм.
Харин Туркийн төрийн тэргүүн уг саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн аж.