ХХААХҮ-ийн яамнаас худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллыг шинэчлэн баталсан талаар өчигдөр мэдээллээ. Шинэчлэгдсэн стандарт 2019 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон бөгөөд ХХААХҮЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академи хамтран энэ талаар мэдээлсэн юм. Манай улсын хэмжээнд 7800 орчим хоолны газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 5000 гаруй нь бизнесийн салбарт буюу ресторан, бар, кафе, цайны газар зэрэг үйлчилгээний газрууд дийлэнхи хувийг эзэлж байгаа аж. Энэ салбарт 30000 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд нийтийн хоолны салбарын орлого 2016 онд 231.4 тэрбум, 2017 онд 298.8 тэрбум, 2018 онд 397.2 тэрбум төгрөгт хүрч жил бүр өссөөр байна. Жил ирэх тусам тоо хэмжээ, орлого нь нэмэгдэж байгаа ч, түүнийг дагаад зөрчил, дутагдал буурахгүй байгааг мэргэжилтнүүд онцолсон юм. Тиймээс 2019 оны долдугаар сард худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллыг шинэчлэн баталсан нь энэ аж.
Уг шинэчлэлтийг хийхийн тулд, жилийн турш хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ найман удаагийн хэлэлцүүлэг хийж, санал авсан аж.
2019 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх журамнд орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газар ажиллуулахгүй гэж заажээ. Энэ талаар НМХГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч, Хүнс судлалын Ухааны магистр О.Нямдаваа хэлэхдээ, “Хоолны салбарт гарч буй нийтлэг зөрчил нь барилга байгууламжтай холбоотой болон хоолны чанар, аюулгүй байдал, ариун цэвэр чанадлан сахиагүй зэрэг болно. Үүнийг шийдвэрлэхийн тулд стандартад шинэчлэл оруулж байгаа юм. Уг шинэчлэлд орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газрын тусгай зөвшөөрөл олгохгүй хэмээн заасан. Ингэснээр зөвшөөрөл олгохгүй байхаас гадна, өмнө нь ажиллаж байсан газруудын хугацааг сунгахгүй. Хоолны газрын агааржуулалтын системтэй холбоотойгоор оршин суугчдаас олон гомдол ирдэг. Гомдлуудыг авч үзэн тухайн хоолны газрын хүчин чадалд тохируулсан агааржуулалтын системийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу суурилуулах ёстой.
Түүнчлэн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нарийн тусгаж өгсөн байгаа. Хоолны газрууд хог хаягдлаа замбараагүй хаядаг. Харин үүнийг стандартчилснаар хатуу, шингэн, хуурай, дахин хэрэглэгдэх хаягдал гэж ангилан ялгаж тодорхой графикийн дагуу хаях, ингэхдээ зориулалтын таглаатай сав ашиглах гэх мэт тусгаж өгсөн байгаа” гэдгийг онцоллоо. Гэхдээ доод давхрууд нь үйлчилгээ явуулах стандартын дагуу баригдсан орон сууцад хамаарахгүйг хэлсэн юм. Түүнчлэн шинэ стандартын дагуу хоолны газрууд цэс дээрээ хоолны илчлэг, давсны агууламжийг нарийвчлан бичиж байх ёстой аж. Үүнээс гадна хоолны газрууд нь аяга таваг, халбага сэрээ, савх ариутгагч төхөөрөмжтэй байх, үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнууд нь заавал мэргэжлийн эсвэл мэргэшсэн байх, Эрүүл ахуйн зохистой дадлын зөвлөмж, дүрэм, заавар, хөдөлмөрийн аюулгүй байдлын норм дүрэм, зааврыг хатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгасан байх ёстой гэж заажээ.
Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн Ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү ярихдаа “ Чанар аюулгүй байдлыг хэрэгжүүлэх түлхүүр нь стандарт юм. Тэрхүү стандарт 2005 онд батлагдаж байснаас хойш 14 жилийн дараа шинэчлэгдэж байна. Стандартыг хоёр жил гаруйн хугацаанд судалгаа, шинжилгээ хийж боловсрууллаа. Үүнээс хүний нөөцийг онцолмоор байна. Хоолны салбарт хүний нөөцийн чадварын асуудал ихээхэн тулгамддаг. Нийт ажилчдын мэдлэг, ур чадвар хангалттай хэмжээнд биш байна. Тиймээс ажиллагчид албан ёсны үнэмлэх, зэрэгтэй байхыг баталгаажуулсан нь тун олзуурхууштай. Учир нь салбарт гарч буй олон зөрчлийн дийлэнх нь боловсон хүчинтэй холбоотой байдаг” гэлээ.