Ай намар минь, дурсамж дурьдатгал минь. Хаашаа ч хийсэж магадгүй гэгэлгэн нас минь. Амар амгалан, аз жаргал минь. Уйтгар гуниг, зовлон бэрхшээл минь. Тэр чигтээ навчис болж, хөлд минь хөглөрдөг чиний л эгэл төрх. Бахархам агаад дэндүү бардам. Би ууснам бас жарганам. Дэндүү гоо үзэсгэлэн чинь, цагийн эргэлтэд мөнхөд хэвээрээ. Үнэр чинь тансаг агаад танхил. Би дурланам бас хайрланам. Өнгө өнгөөр хувилах чиний дүрд хувирна би. Яг л нялх хүүхэд шиг. Чи минь тийм эмзэг, энхрийхэн. Чамд хүсэл бүхнээ даймаар.
...Чамайг харахаар бүх дурсамж өмнө минь дурайна. Уул толгод өөд гүймээр, ус мөрөндөө сэлмээр, наранд биеэ ээмээр, мод налж суумаар. Хайрын дуу аялмаар, хархүүд дурламаар, хачин ихээр догдолмоор. Хацар исгэтэл уйлмаар. Хаа ч очсон чиний зүг одмоор, чамд уусмаар. Буцах шувуунд мөрөөдлөө яримаар, үүл дагаж нүүмээр. Гунигаа угааж суумаар. Сэтгэлээ онгойтол тайтгармаар. Тийм нэг яруухан. Би чамайг хайрласаар.
...Он цаг урсана. Харин би элэгдсээр. Чиний зүг улам яарсаар. Чамайг би үл мартнам. Үргэлжид чиний зүг урсана. Чамтай учрах гэж яарна. Сархадын амтыг мартаж, одтой шөнийг мөрөөднөм. Би хайлнам, ууснам. Өлмийд чинь сөгдөж би шингэнэм, чиний үнэр улам алсарнам. Намар минь эгэлхэн төрх минь, намайг хөглөх янаг минь. Чамаар би дарсны даруулга хийж согтном. Биед биедээ улам ихээр ууснам.