Америкийн “United press international”-д Умард Солонгостой холбоотой яриа хэлэлцээрт Монгол Улс хэрхэн идэвх чармайлт гаргаж байгаа, ямар ашиг сонирхолтой болох талаар доктор Ж.Энхсайханы ярианд тулгуурласан мэдээлэл нийтлэгдсэн байна. Үүнийг дор орчуулан хүргэе.
Япон, БНСУ-ын талтай, БНАСАУ-ын төлөөлөгчтэй ч тэр уулзалт хийхдээ Монгол Улс Умард Солонгосын яриа хэлэлцээрт чимээгүйхэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр байна. Вашингтон хотноо зохион байгуулагдсан Глобал энхтайвны сангийн хаалттай дугуй ширээний ярилцлагын үеэр доктор Ж.Энхсайхан 2015 онд “Зам -2” албан бус харилцан яриаг эхлүүлснээс хойш Монгол Умард Солонгостой холбоотой хоёр талт уулзалтыг зуучлахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, ахиц гаргасан гэдгийг онцолсон байна. Ж.Энхсайхан “Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад эдүгээ гавьяаныхаа амралтад суужээ. Түүний ТББ нь зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэн глобал түншлэлтэй хамтран Хойд солонгостой харилцан яриа өрнүүлэх “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийг эгзэгтэй цаг мөчид ч зохион байгуулж ирсэн байдаг.
Хамгийн сүүлд 2009 онд Хятадад болж байсан цөмийн зэвсгээс татгалзах тухай зургаан талт хэлэлцээр баларч одсон дурсамж болж үлдсэн энэ үед Монгол Умард Солонгостой холбоотой яриа хэлэлцээр зохион байгуулах өөр хаана ч байхгүй боломжит улс болж хувираад байна. Гэхдээ Ким Жон Ун дэлхийн их гүрний удирдагчидтай ганцаарчилсан уулзалт хийж, асуудлыг дээрээс нь шууд шийдэх гаргалгааг эрэлхийлж байгаа юм.
Доктор Ж.Энхсайхан “Ирээдүйд АНУ-БНАСАУ-ын удирдагчид Улаанбаатарт уулзахыг үгүйсгэхгүй” хэмээн хувийн бодлоо илэрхийлээд амжсэн. Түүний хувьд Вашингтон, Пхеньяны уулзалтыг зохион байгуулах суурийг эртнээс тавих хэрэгтэй бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард шинжээчдийн болон яамдын төвшинд тохиролцож чадаагүйгээс үүдэн АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалт бүтэлгүйтсэн гэдгийг тодотгожээ.
“Одоо тэд ажлын хэсэг байгуулах тухай ярьж байна. Энэ бол сайн хэрэг. Удахгүй тэд уулзана гэдэгт итгэлтэй байна” гэж Ж.Энхсайхан хэлэв.
Монгол Улс хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар БНАСАУ-тай доод төвшний яриа хэлэлцээр хийхэд тусалж байсан шиг хамтын ажиллагаатай улс орнууддаа ч туслах боломжтой гэнэ. Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал өнгөрсөн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчдийг залхаасан. Монгол Улс Умард Солонгостой уламжлалт түүхэн харилцаатай. Энэ харилцаа нь ЗХУ-ын блокийн хэсэг байх үеэс эхлэлтэй. “Бид Умард Солонгост хандах хандлагаа өөрчлөөгүй. Бид найзуудаа мартдаггүй” гэж Монголын доктор хэлж байна. Нөхөрлөлийн харилцаатай ч, Монгол Улс Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудалд санаа зовдоггүй гэх үг биш бөгөөд 1990 оноос хойш анхааралтай ажиглаж иржээ. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Монгол, Хойд Солонгосын зам салсан. Пхеньян түгжигдмэл улс хэвээр үлдэж, нууцаар ураны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бол Монгол Улс ардчиллыг эрхэмлэж, өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Цөмийн зэвсгээс татгалзах тухай Монголын шийдвэр түүхэн сургамжтай холбоотой гэж Ж.Энхсайхан хэллээ.
Тэрбээр бүс нутаг дахь байдал тайван байхад үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын талаар ярихдаа “Нуур амгалан бол нугас амгалан” гэх монгол зүйр үгийг эш татав. Улмаар “Ийм л учраас Монгол аль болох идэвх санаачилга гаргахыг хичээж байна” гэлээ.
Xinhua.com: Хар тамхины хэрэгт багадаа хоёр жилийн ял өгдөг
БНХАУ-ын төрийн мэдээллийн “Шинхуа” агентлаг Монгол улс хар тамхитэй тэмцэх эхэллээ гэх гарчиг бүхий мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээлэлд “Монголын Цагдаагийн байгууллагын нэгэн албан тушаалтан лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улс хар тамхитай хийх тэмцлээ эрчимжүүлж байна хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд “Харамсалтай нь манай улсад хар тамхитай холбоотой хэрэг нэмэгдэх хандлагатай байна” гэж хэлэв. Мөн “Бид саяхнаас хар тамхи хэрэглэгч, худалдан борлуулагчдыг агнах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шөнийн клубууд болон бусад сэжиг бүхий газруудад шалгалт хийж эхэлсэн” гэв.
Цагдаагийн ажилтнууд энэ он гарснаас хойш нийтдээ 330 хүнийг хар тамхитай холбоотой хэргээр баривчилснаас 85.4 хувь нь 18-35 насны залуус байжээ. Монгол Улсад өнгөрсөн жил энэ төрлийн гэмт хэрэг 193 бүртгэгдэж байсан юм. Гэвч, энэ жил өнгөрсөн оныхоос даруй 30 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Ийн нэмэгдэх болсон шалтгаан нь монголчууд хар тамхины талаарх мэдлэг хомс, сониуч зан, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого хийгээд хууль сахиулах чадвар сул байгаатай холбоотой аж. Монголын хар тамхины тухай хуульд бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах тухай ямар нэг заалт байхгүй бөгөөд хар тамхитай холбоотой хэрэгт багадаа хоёр жил хорих ял ногдуулдаг байна.
checkbar.eu: Хоёрхон клипээр дэлхийн анхаарлыг татаж чадлаа
Герман блогчин залуу “Хү” хамтлагийн тухай “Хү” хамтлаг – Монголын Хүннү рок” гарчигтай тэмдэглэл бичсэн байна. Жирийн нэгэн шүтэн бишрэгч нь хамтлагийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаа талаараа бичжээ. Тодруулбал, “Дөрвөн хөгжимч залуу Евроазийн онгон байгальд. Хагас барууны, хагас сонгодог, зарим нь үндэсний гуталтайгаа. Хөгжмийн зэмсэг нь ер бусын харь, фантастик, сүрлэг сайхан. Энэ дуундаа өөрийн орны хамгийн алдартай хоёр чавхдаст морин хуурын эгшгийг оруулж өгсөн. Хөөмий нь бараг л “Didgeridoos” буюу австалийн уугуул нутгийнхны үлээдэг хөгжмийг санагдуулна. Зөвхөн хоёр видео клипээр Hu хамтлаг дэлхий нийтийн анхаарлыг татаж чадлаа.
Тэд удахгүй есөн дуутай “Gereg” цомгоо зах зээлд гаргана. Хөгжмийн урсгалаа тэд Хүннү рок гэж нэрлэж буй. Би дуунаас нь нэг ч үгийг нь мэдэхгүй, Гэхдээ англи хэлээр бичсэн тайлбараас нь үндэснийхээ өв соёлын тухайд өгүүлж байна гэж ойлгож байгаа. Монгол улс, Орос Хятадын дунд оршдог, Германаас 4.5 дахин том газар нутагтай гэхдээ гуравхан сая л хүн амтай. Тэдгээрийнх нь 40 хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо оршин суудаг. 80-аад оны сүүл хүртэл Орос улсаас хамааралтай байсан, гэхдээ 90-ээд оны эхнээс ардчилах үйл явц өрнөсөөр буй. Хамгийн алдартай оршин суугч нь бол мэдээж Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис Хаан. Тэрээр “Wolf Totem” дууны клипт мотоциклтой хүмүүсийн өмнө явж буйгаар харагддаг. Миний хувьд шинэ альбомыг нь тэсэн ядан хүлээж байгаа, “Хү”-хамтлагаас бид өшөө өөр зүйлсийг ч сонсоно гэж бодож байна” гэжээ.